“Сонгуульжсан” хуулийн төслийг МАН ногоон гэрлээр батлах уу?
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товлосон. Гэвч АН тав хоногийн завсарлага авснаар түр хойшлуулаад байна. Уг нь энэ хуулийн төслийг шинэчлэх шаардлага бий. Олон ч жил ужгирч яригдсан. Энэ удаа хэлэлцэж эцэслэх нь зүйтэй гэсэн хүлээлт үүссэн.
Гагцхүү Ардын намын зүгээс Орон нутгийн сонгуульд өөртөө ашигтайгаар хуулийг өөрчлөн дураараа дургих байгааг хазаарлах ёстой гэж АН-ын гишүүд үзэж буй. Тус намын УИХ дахь бүлгийн дарга Д.Ганбат хэлэхдээ “Энэ хууль реформийн шинж чанартай, чухал хууль. Хуулийн хэлэлцүүлэг орон нутгийн сонгуультай давхцаж байна. Тиймээс намрын ээлжит бус чуулганаар нэлээн нягт нямбай хэлэлцэх хэрэгтэй.
Хуулийн төсөл батлагдвал дагалдан гарах тав орчим хууль тогтоомжийн төслийг боловсруулах, бэлтгэх ажлын явц хангагдаагүй байна. Тиймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бус орон нутгийн сонгуулийн дараа намрын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй” гэж мэдэгдээд байгаа. Ийнхүү тав хоногийн завсарлага авсан ч МАН-ынхан заавал ээлжит бус чуулганаар хэлэлцэж батална гэцгээж байна. Хэрэв УИХ хуулийн төслийг нэгэнт хэлэлцээд баталчихсан тохиолдолд Ерөнхийлөгч хориг тавьж болох юм. Гэхдээ хоригийг хүлээж авах, эсэхийг УИХ шийднэ. Гэтэл УИХ-ын 62 суудлыг авсан МАН-ын кнопоор асуудал шийдэгдэх тул “сонгуульжсан хууль”-ийг зогсоох боломж хомс гэж ойлгогдож байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль Үндсэн хуулийн дараа орох том хууль гэдгийг парламентад суудалтай хоёр нам хоёулаа хүлээн зөвшөөрч байгаа.
Энэ хуулиар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүнийг удирдаж байгаа бүх шатны асуудлыг зохицуулдаг. Тиймээс шинэчилсэн найруулгыг батачихвал түүнийг дагалдаад 300 гаруй хуульд өөрчлөлт оруулах болно. Магадгүй энэ ч үүднээс АН-ынхан ээлжит бус чуулганаар яаран сандран хэлэлцэхийг буруу гэж мэдэгдээд буй.
МАН-ын хувьд уг хуулийн шинэчилсэн найруулгаар дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд аймгийн Засаг даргад нэр оруулж болно. Мөн аймгийн Засаг дарга нь доод шатны Засаг даргад нэр оруулна гэж хуульчлахад УИХ дахь 62 кнопоо багцалсан байж таарна.
Хэрэв ингэвэл тухайн аймаг, сум, баг, хорооны ард иргэдийн саналаар бус МАН гэдэг намын хүсэл сонирхлоор шат шатны асуудал шийдэгдээд явна гэсэн үг юм.
МАН-ын бүлгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ж.Сүхбаатар гишүүнээр ахалж байгаа. Тэрээр хуулийн төсөлтэй холбоотой сөрөг хүчний зүгээс гаргаж байгаа шүүмжлэлийн талаар “Орон нутгийн сонгууль болох гэж байхад хуульд гар хүрэх нь зохистой, эсэх асуудлыг тавьж байна. Харин манай намын бүлгээс хуулийн төслийг ээлжит бус чуулганы үеэр багтаан хэлэлцэхээр санал нэгдсэн. Улс төрийн намын үүрэг оролцоо орон нутгийн удирдлагад ямар байх тухай асуудал нэлээд анхаарал татсан заалт болж төсөлд суусан. Улс төрийн намтай холбогдох зарим зохицуулалтыг намын тухайн хуулийг хүрээнд авч үзэх нь зүйтэй гэж үзсэн. Хот тосгоны тухай хуульд гишүүд анхаарч байгаа. Тусад нь ажлын хэсэг байгуулна, төсөл нь бэлтгэгдэж байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд олон зарчмын зөрүүтэй санал гарч байгаа тул эцэслэгдсний дараа нь нэгдсэн мэдээлэл өгнө” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин АН-ын бүлгээс хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж буй Ж.Батсуурийн хувьд өмнө нь аймгийн Засаг даргаар найман жил ажилласан туршлага, судалгаанд үндэслэн “Монгол Улсын хөдөө орон нутаг, аймаг, сум, багууд дараагийн он жилүүд, ирэх 5-10 жилд ямар байх вэ гэсэн суурь хуулийг ирэх аравдугаар сарын 15-нд болох гэж байгаа Орон нутгийн сонгуулийн өмнө хийх гэж байгаа нь улс төржилтийг орон нутагт бий болгоно” хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлээд байгаа юм. “Сонгуульжсан” хуулийн төслийг МАН ногоон гэрлээр батлах уу. АН олон нийтийн дэмжлэгийг авах акц хийж чадвал эрх баригчдын санаархлыг хязгаарлаж чадах уу гэдгийн хариу ирэх долоо хоногт гарна.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: