С.Амарсайхан: Би Хятадын ямар ч компани, хувь хүнд 50 га газар өгөөгүй

15983330105f44a05261672

УИХ-ын гишүүн С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Хятадын компанид 50 га газар олгосон гэх мэдээлэл гарч байсан билээ. Энэ асуудлаар тэрбээр тайлбар хийж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр дахин тайлбар хийлээ. Тэрбээр “Сүүлийн үед зарим асуудлуудаар тайлбар өгөх шаардлагатай болоод байна. Газрын тухай хууль, газар олголттой холбоотой асуудал бий.  Халдварт цар тахлын үед ажлын байрыг бий болгохтой холбоотой санал, шүүмжүүд ч гарсан. Орон нутгийн сонгууль ч дөхөж байна. Тиймээс сөрөг хүчнээс улс төрийн зорилгоор зарим үндэслэлгүй мэдээллийг ч гаргаж байгаа. Энэ нь хөрш орнуудын хооронд хүртэл үл ойлголцол төрүүлэхээр хэмжээнд хүрчихлээ.

Сүүлийн жил гаруйн хугацаанд С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Хятадын компанид 50 га газар олгож, дотоодын тариаланчдыг хааж, боосон мэтээр мэдээлэл гарсан. Тиймээс тайлбар өгсөн нь зүйтэй гэж үзсэн. Би 1.3 жилийн хугацаанд Засаг даргын албыг хашсан. Энэ хугацаанд 158 газрыг нийтийн эзэмшилд авч, тохижуулж эхэлсэн. Эхнээсээ ашиглалтад орсныг та бүхэн мэдэж байгаа. Сүхбаатарын талбайн өмнөх газар 15 жил Улаанбаатар банкны мэдэлд байсан. Буцааж авч, цэцэрлэгт хүрээлэн болгосон.  Филармонын байрны газарт 15 жил ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байсан. Бид буцааж авч, тохижууулсан. Богд хааны ордон музей, Чойжин ламын музейн тохижилт гээд дурьдаад байвал олон бүтээн байгуулалт хийсэн.

Энд хариуцлагатай хэлэхэд, Хятадын компанид 50 га газар өгсөн асуудал огт байхгүй. Зохион байгуулалттайгаар нийслэлийн албан хаагчдын нэр төрд халдаж байна. Тиймээс би Хятадын ямар ч компанид 50 га газрыг ямар нэг зориулалтаар олгоогүй гэдгийг хэлье.

С.Амарсайханыг гүтгэж болно оо. Гэхдээ хоёр орны найрсаг харилцаанд сэв суухаар зүйлийг хамаагүй тараагаад байж боломгүй байна. Мөн хүнийг гүтгэхэд хуультай байдаг юм шүү.  Намайг Засаг дарга болсноос хойш Хятадын эрлийз, тагнуул гэх мэтээр баахан гүтгэлэг явуулсан.  Энэ асуудалтай холбоотойгоор ТЕГ-аас шалгаад, албан ёсны хариу ирүүлсэн.  Надтай холбоотой худал мэдээлэл тараасан иргэдийг цагдаагийн байгууллагаар шалгуулна уу гэсэн. Энэ мэт албан баримтууд байгаа шүү” хэмээлээ.


URL: