Хууль бусаар 9-н тарвага тээвэрлэж явсан иргэнд 2 сая 892 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ
Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор энэ сарын 15-ны өдөр Төв аймгийн Лүн сумаас Улаанбаатар хот руу зорчиж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийхэд иргэн “Т”-гийн ачаанаас ахуйн зориулалтаар агнахыг хориглосон амьтан болох 9-н тарвага тээвэрлэж явсан зөрчил илрсэнийг “Зооноз өвчин судлалын төвд” хүргүүлэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сарын 10- ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр: “Амьтны тухай хууль зөрчсөн бол 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтыг үндэслэн холбогдогч иргэн “Т”-д торгууль 300 мянган төгрөг болон амьтдын Экологи-Эдийн-Засгийн үнэлгээгээр 2 сая 592 мянган төгрөг нийт 2 сая 892 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
Иймд жолооч, тээвэрлэгчид дайвар ачаа тээвэрлэхдээ ачааг анхаарал сэрэмжтэй хандахыг анхааруулж байна.
URL: