Цагдан хорих 461 дүгээр ангид хүн нас баржээ

12813

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байсан эрэгтэй энэ сарын 20-ны өдөр амиа хорлосон байдалтай олджээ.

Талийгаач Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хүнийг онц хэрцгийгээр алах гэмт хэрэгт сэжиглэгдэн зургаадугаар сарын 15-наас хойш саатуулагдаад байжээ. Одоогоор тус хэрэгт Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бол ШШГЕГ-аас албаны шалгалт явуулж байгаа аж.

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан Х.Баясгалангаас тодрууллаа.

-Өнгөрсөн баасан гаригт Цагдан хорих 461 дүгээр ангид хүн нас барсан хэрэг гарсан байна. Юу болсон талаар мэдээлэл егөхгүй юү?

-Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байсан эрэгтэй энэ сарын 20-ны өдөр амиа хорлосон байдалтай олдсон.

Талийгаач Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хүнийг онц хэрцгийгээр алах гэмт хэрэгт сэжиглэгдэн зургаадугаар сарын 15-наас хойш саатуулагдаад байсан. Шүүх хурал нь товлогдсон байсан. Хэрэг нь шүүх рүү шилжиж анхан шатных нь шүүх хурал зарлагдсан байсан. Энэ хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

-Ямар байдлаар амиа хорлосон юм бол. Өөрийгөө боомилсон- байдалтай олдсон талаар зарим эх сурвалж мэдээлж байна. Энэ үнэн үү?

-Одоогоор шалгалтын ажиллагаа явж байна. Өөрийгөө боомилж амиа хорлосон байдалтай олдсон. Үхлийн шалтгаан юу байсныг шалгалтаар л тогтооно.

-Хохирогчийн талаар мэдээлэл өгөхгүй юү. Хэдэн настай хүн байсан бэ?

-46 настай эрэгтэй хүн байсан.

-Хэрэг өнгөрсөн Баасан гарагийн хэдэн цагт гарсан юм бол. Цагдан хорих байрны харуул хамгаалалтын ажилчид хаана байсан бэ, ажлаа хийж байсан уу гэдэг асуудал хөндөгдөх байх?

-Хэрэг үүрээр 05:40 цагт гарсан. Цагдан хорих 461 дүгээр анги харуул хамгаалалтын ажилтантай, телекамерын системтэй. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас юу болсон талаар урьдчилж мэдээлэл өгөх боломжгүй байна.

-ШШГЕГ-ын хорих анги нь цагдан хоригдож байгаа хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах ёстой, хариуцаж байх ёстой ийм газар. Гэтэл өмнө нь бас хэд хэдэн удаа тус хорих ангид хүн нас барсан хэрэг гарч байсан шүү дээ. Хамгийн сүүлд шүүгч эмэгтэй цагдан хорих байранд нас барсан хэрэг гарсан?

-Өмнө нь цагдан хоригдож байсан шүүгч эмэгтэй амиа хорлосон байдалтай олдсон хэрэг гарч байсан. Бусад тохиолдол нь цагдан хоригдож байсан хүн өвчний улмаас нас барсан ийм тохиолдол байсныг шалгалтаар тогтоогдож мэдээлэгдсэн байгаа. Энэ хэрэг дээр хэн буруутай, юу болсон асуудлыг хуулийн байгууллага шалгаж тогтоох учраас мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.

Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр 401 дүгээр хорих ангиас оргосон ялтан удаан хугацаанд олдохгүй байсан боловч өнгөрсөн зургаадугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ойд нас барсан байдалтай олдсоныг өнөөдрийг хүртэлх хугацаанд ШШГЕГ-аас нуун дарагдуулж байсан гэх мэдээллийг эх сурвалж онцолж байна.

Х.ЦЭНД-АЮУШ, ӨДРИЙН СОНИН

Зураг


URL: