ЭМЯ: Гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна

mendinyam

ЭМЯ-наас коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс даваа гаригт ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторт 1011 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Батлагдсан 298 тохиолдлоос 289 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний бие хүндэвтэр байна. Мөн цэргийн төв эмнэлэгт 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Эмчлэгдээд гарсан хүмүүсээс сувиллын ажиглалтад 31, гэрийн ажиглалтад 40, ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан 218 хүн байна. Одоогоор 3574 хүн тусгаарлан ажиглах байранд байна.

Дэлхийд 23.3 сая хүн халдвар авч, 817 мянган хүн нас барж,  16 сая гаруй хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 253 мянган хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн нас барлаа. Тухайлбал, ОХУ-д 4747 хүн халдвар авч 65 хүн эндсэн бол БНХАУ-д 23 тохиолдол шинээр бүртгэгдсэний 14 нь гадаадаас зөөвөрлөгдсөн байна.  Харин Япон улсад өчигдөр 493 хүн шинээр халдвар авч, 13 хүн нас баржээ. БНСУ-д 280 хүн халдвар авсан байна. Тус улсад халдвар нэмэгдэх болсон тул гадаад, дотоод бүх орчинд амны хаалт зүүхийг шаарджээ. Мөн Сингапурт ажилчдын байранд нэг сар орчмын дараа дахин халдвар гарч, одоогоор 51 хүн өвчлөөд байгаа юм.


URL: