Филиппинд хоёр дэлбэрэлтийн улмаас олон хүн амиа алджээ
МАНИЛА. /BBC/. Филиппиний өмнөд нутгийн тайван бус бүсэд орших Холо арал дээр даваа гарагт хоёр дэлбэрэлт болсны улмаас 14 хүн амиа алдаж, 75 хүн шархаджээ.
Цэргийн төлөөлөгчдийн мэдээлснээр, Сулу мужийн Холо арал дээр тэсрэх бөмбөгүүд нэг цаг орчмын зайтай дэлбэрсэн байна. Тэд уг халдлагыг “Абу Сайяф” бүлэглэлтэй холбоотой лалын шашинт этгээдүүд үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа ажээ.
Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт болсон явдлыг зэмлэн буруушааж буйгаа мэдэгджээ. Эдгээр нь Филиппинд энэ онд болсон хамгийн хөнөөлтэй халдлагад тооцогдож байна. Холбогдох албаны төлөөлөгчид балмад халдлагыг үйлдсэн этгээдүүд, бүлэглэлийг тогтоохын тулд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Одоогийн байдлаар дэлбэрэлтүүдийн хариуцлагыг хэн нэгэн хүлээгээгүй байгаагүй боловч сүүлийн жилүүдэд Филиппиний өмнөд нутагт лалын шашинт босогчдын ажиллагаа өргөжсөн аж. АНУ-д террорист байгууллагын жагсаалтад бүртгэгдсэн “Абу Сайяф” нь “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой бөгөөд гадаадын болон Филиппиний иргэдийн аль алийг хулгайлдгаас гадна харгис хэрцгий зан үйл үйлддэг байна.
“Абу Сайяф” бүлэглэлийн толгойлогчийг энэ сарын эхээр өмнөд нутгийн Минданао арлаас баривчилсны дараа дээрх явдал болжээ. Дахин халдлага болж болзошгүй тул аюулаас хамгаалах хүчний алба хаагчид бэлэн байдалд шилжжээ.
URL: