Хавтаст хэрэг: Х.Бат-Ялалт Л.Эрдэнэчимэгээс 200 саяыг нэхээд өгөхгүй болохоор нь 50 сая төгрөг авчээ
УИХ-ын сонгуульд удаа дараа нэр дэвшиж, өвдөг шорооддог хүмүүсийн нэг бол Х.Бат-Ялалт. Энэ жилийн сонгуулиар тэрбээр уламжлал ёсоор өвдөг шороодсон. Түүнийг УИХ-ын гишүүн болоход сөргөөр нөлөөлсөн олон асуудлын нэг нь бусдыг сүрдүүлэн 50 сая төгрөг авсан гэх хэрэг юм. Тэрбээр шүүх хуралдааныг 2020 оны 04 дугаар сарын 24, 2020 оны 05 дугаар сарын 08, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, 2020 оны 06 дугаар сарын 17, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус тус хойшлуулж, дахин товлож шүүхээр “даажигнасан”. Ингэхдээ шүүх хуралдаанд Х.Бат-Ялалт нь эмнэлэгт хэвтэх, өмгөөлөгч авах, өмгөөлөгч шинээр авах, хэргийн материалтай танилцах, цагдан хорих байрнаас ирэхгүй байх зэрэг хуульд заасан шалтгаанаар шүүх хуралдаан удаа дараа хойшлуулж дөнгөсөн байгаа юм.
Х.Бат-Ялалт гэж хэн бэ?
Х.Бат-Ялалт нь Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суудаг. улсаас авсан гавъяа шагналгүй. Харин урьд нь ял авч байсан. Тодруулбал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай нэгэн ажээ.
Х.Бат-Ялалт ямар хэрэг үйлдэв?
“Иргэдийн шударга шүүх” хэмээх төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь” ХХК-ний гадаах авто зогсоолд Л.Эрдэнэчимэгээс 200,000,000 төгрөг өгөхийг шаардаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж улмаар 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хаан” банкан дахь 5014… дугаартай дансаар 50,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь нотлон баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн 1902 00166 0055 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцсэн юм.
Х.Бат-Ялалт шүүхэд хэрхэн мэдүүлэв?
Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “… Сонгино хайрхан дүүргийн 71 дүгээр тойрогт би нэр дэвшсэн. Нэр дэвшээд явж байсан чинь манай 14 дүгээр байрны гадаа зогсож байсан Алтанзагас, Мөнхтуяа гээд 2 хүний, бид нар 7 гэр бариад ажиллаж байсан. Бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүс аягүй ядуу хэцүү байдаг. Зайлуул гишүүд дэмжигчдийнхээ хүлээн дээр явдаг юм. Тэгсэн чинь нэргүй захидал ирсэн. Захидлыг аваад үзэхэд тийм бичлэгтэй захидал байсан. Яагаад тэрийг шалгахгүй байна бэ. Энэ бичлэг хаанаас гарч ирснийг яагаад шалгахгүй байна бэ… Тэр бичлэг ирсэн. Бид нар бүгд үзсэн. Манай сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан 100 хүн үзсэн. Та нарын энэ бусдын өмч хөрөнгийн эсрэг гэмт хэрэг өөрөөр хэлбэл, бусдаас юмыг нь авах гээд байна. Авах гээд байгаа хүн яах юм бэ. 100 хүн үзээд 100 хүн хувааж авах байсан юм уу. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дээр гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтоо, нотол гэж байна. Яагаад үүнийг шалгахгүй байна. Чинболд гэж хэн бэ. Яагаад Чинболдыг судлахгүй байна… Сонгино хайрхан дүүргийн тухайн үеийн ардчилсан намын дарга, тухайн үеийн засаг дарга байсан хүнд энэ бичлэгийг өгье гэж Чинболдтой би уулзсан… Чинболдод үзүүлсний дараа Эрдэнэчимэг гэдэг хүн над руу залгасан. 9911 гэсэн дугаараас “би Эрдэнэчимэг байна” гээд залгасан. Би гайхсан. Сонгинохайрсан дүүргийн засаг дарга, Ардчилсан намын дарга хүн яагаад тэр бичлэгийг Эрдэнэчимэгт аваачиж өгөөд байгаа юм. Дотроо асуудлаа шийдэхгүй. Яагаад үүнийг тогтоохгүй байгаа юм… Эрдэнэчимэг над руу утасдсан. Сэдэлт нь намайг дуугай бол гэж байгаа. Тэгсэн чинь бичлэгийн талаар уулзмаар байна гэж санал тавьсан. Би Эрдэнэчимэгийн машинд очиж уулзсан нь үнэн бид 5 уулаа /Зоригоо, Гарьдмагнай, Дүүрэнцоож, Чинзориг/ очиж Эрдэнэчимэгтэй уулзсан… Шууд өөрөө надад шууд 50 сая төгрөгөөр наадхыг чинь авъя гэж хэлсэн. Тэгээд бэлэн мөнгө надад өгөх гэсэн. Би бэлэн мөнгө авахгүй, би мөнгө авах гээгүй гэсэн. Надад нэг болзол тавьсан. Чи энэ мэдээллийг тараахгүй бай гэж хэлсэн. Надад ямар ч боломж байхгүй шдээ. Тэр нөхцөлийг биелүүлэх. Тэр бичлэг Алтаншагайд байсан байна. Тэр бичлэг олон хүнд байгаад байна. Ийм бичлэг байдаг талаар хүмүүс мэддэг юм байна лээ. Өөрөө ч надад хэлсэн. Өмнө нь бас нэг ийм бичлэг худалдаж авсан гэсэн. Би өөрийнхөө хамт олонтой хамт явсан. Товчхондоо тэр өдөөс хойш 6 өдөр надад мөнгө өгөх гэж янз бүрийн хүмүүсээр яриулсан. Над руу одоогийн Ерөнхийлөгч Баттулга ярьсан. Манай ах ярьсан. Чинболд ярьсан. Яагаад яриад байна гэхээр наад бичлэгээ тараах гэж байна гэсэн… 6 дугаар сарын 13-ны өдөр миний данс руу 50 сая төгрөг зээл гэсэн утгатай орж ирсэн. Би өөрөө эрүүгийн эрх зүй судалдаг хүний хувьд энэ ерөөсөө намайг иймэрхүү байдалд оруулах юм байна гэдгийг ойлгоод “зээл юм уу” гэж мэссэжээр хариу бичсэн. Тэгсэн надад “насан туршийн зээл” гэсэн хариу ирсэн. Яагаад энэ өгүүлбэр яллах дүгнэлтэд байхгүй байна. Доор дахиад “би гэрээ аваад очъё, гарын үсэг зурчих” гэсэн өгүүлбэр байгаа… Хэрэв би мөнгө авах санаатай байсан бол ахаараа дамжуулаад би өөрөө Эрдэнэчимэгтэй уулзана шдээ. Эрдэнэчимэг бол Монголын ардчилсан холбооны фракцын хүн. Ерөнхийлөгчийн хүн. 2016 оны 4 дүгээр сард Баянгол зочид буудалд үзлэг хийх гээд цагдаагийн албан хаагч очсон үеэр Баттулга эд нартай холбоотойгоор засгийн газрыг тараана гэж боёкот хийгээд явж байсан мэдээллийг та нар судалж үзсэн үү. Фракцын дарга нь Баттулга байсан. Манай ах хамгаалалтын албаны дарга байсан. Хоорондоо хамтарч ажилладаг. Энэ утгаараа 9911 гэсэн дугаараас тухайн үед Ерөнхийлөгч болоогүй байхдаа Баттулга над руу залгаад мөнгө аваад наад асуудлаа шийдчих гэж хэлсэн. Намайг дуугүй болгох гэж байсан. Манай ах намайг мөнгө аваад шийдчих гэж хэлсэн. Би мэссэж бичээгүй байсан бол, мэссэжээр харилцаж ул мөр үлдээгээгүй байсан бол, хэвлэлийн хурал хийгээд Эрдэнэчимэг дээр мөнгө өгөх гэж оролдоогүй байсан бол би өнөөдөр яг гэмт хэрэгтэн болох байсан байна ш дээ… Насан туршдаа чи чимээгүй яв гэдэг чинь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа биздээ. Тэгэхээр та нар Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ яаж хэрэглээд байгаа юм бэ. Энэ бол ирээдүйд өөрөө маш том сурах бичиг болно гэж найдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудлын хувьд прокурорууд яллах дүгнэлт уншихдаа нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэнэ гэдэг дээр зөвхөн Х.Бат-Ялалтыг буруутгах юмнуудыг түүж авч дүгнээд байна…
Л.Эрдэнэчимэг: 200 сая төгрөг өгвөл бичлэгийг олон нийтэд ил болгож тараахгүй гэж хэлсэн
Л.Эрдэнэчимэг харин энэ хэргийн талаар арай өөр тайлбар мэдүүлэг өгсөн байдаг. “…2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн засаг дарга асан Чинболд над руу залгаад “Х.Бат-Ялалтад таны бичлэг байна, уулзахгүй бол болохгүй юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд би Х.Бат-Ялалтын утасны дугаарыг аваад залгаж, энэ өдрөө уулзахад надад миний төрийн ордонд тамхи татаж байгаа бичлэгийг утсан дээрээсээ үзүүлж, 200 сая төгрөг өгвөл бичлэгийг олон нийтэд ил болгож тараахгүй гэж хэлсэн… Би 200 сая төгрөг өгч чадахгүй, Уянга гишүүний гар утсаараа хийсэн бичлэг байна, Уянга гишүүнтэй 3-уулаа учраа олно гэж хэлээд явуулсан…үүнээс хойш хэд хоногийн дараа Чинболд над руу яриад “Х.Бат-Ялалт нь сонгуулийн сурталчилгаанд мөнгө дутаад байна, 50 сая төгрөг өгчихвөл бичлэгийг чинь олон нийтэд тараахгүй” гэж дамжуулж байна гэхээр нь би 200 сая гэж байснаа 50 сая гэж багассан байхаар нь нэр хүндээ унахаас айж, 50 сая төгрөг өгөхийг зөвшөөрсөн…би Чинболдоос Х.Бат-Ялалтын утасны дугаарыг аваад Х.Бат-Ялалт руу ярьж Хан-Уул дүүргийн Говь үйлдвэрийн урд талын машины зогсоол дээр Х.Бат-Ялалттай уулзсан… Х.Бат-Ялалтыг дансны дугаараа явуулчих гэж хэл гэсэн. Удалгүй Х.Бат-Ялалтын утасны дугаараас над руу дансны дугаар илгээсэн. Ирсэн данс руу 50 сая төгрөг шилжүүлж өгсөн. …Мөнгө шилжүүлэх үедээ мессежээр дансыг нь авч харилцсан. …мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ зээл нэрээр хийсэн. …Учир нь сонгуульд нэр дэвшигч нь хэн нэгэн хүн рүү мөнгө болон эд зүйл өгөхийг хуулиар хориглосон байсан учраас зээл нэрээр шилжүүлсэн юм. … Х.Бат-Ялалт нь надаас 200 сая төгрөгийг л шаардсан. …
URL: