ҮГА-ны дарга О.Чулуун сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа 3,5 тэрбумын тендер авчээ

unnamed (1)Сонгууль болоод даруй 2 сар гаруйн хугацаа өнгөрсөн ч агентлаг, газрын дарга нарын томилгоо үргэлжилж, ашиг сонирхлын зөрчилтэй хүн олон байгаа нь хэл ам дагуулсаар байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн лхагва гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Үндэсний геологийн албаны даргаар О.Чулууныг томилсон. Гэвч ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг томилсон энэхүү томилгоо  тус салбарынхан дунд ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.

У.Хүрэлсүхийн ойрын хүн гэдгээр дээрх агентлагийн дарга болоод буй О.Чулуун Геологийн албаны үндсэн чиг үүрэгт хамаарах геологийн судалгаа явуулдаг компанийн үүсгэн байгуулагч бөгөөд тус компаниараа улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг тэрбумаар тоологдох төгрөгийн тендер авч геологийн судалгааг одоо ч гүйцэтгэж байна.

Тодруулбал, О.Чулуун нь 2016 оноос Уул уурхайн сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа “Гео Тех Импекс” ХХК байгуулж, /өөрөө 100% эзэмшдэг байв/ тухайн жилдээ улсын төсвийн хөрөнгөөр хийгддэг Геологийн судалгааны ажил болох 3,5 тэрбум төгрөгийн тендерийг авсаныг дараах баримтаас харж болно.

Өөрөөр хэлбэл, тухайн үед Сайдын зөвлөхийн албан тушаал хашиж байхдаа өөрийн эзэмшлийн компанидаа тендер авсан нь Ашиг сонирхлын асар их зөрчил үүсгэсэн гэсэн үг юм. Эл ноцтой үйлдлийг Авлигатай тэмцэх газар болон холбогдох хуулийн байгууллагууд хэрхэн шалгаж, тогтоосон эсэх талаар бид тодруулан хүргэх болно.

О.Чулууны үүсгэн байгуулсан “Гео тех Импекс” ХХК нь төрөөс их хэмжээний мөнгөн дүнтэй тендер авдаг байсныг нотлох маш олон баримтууд бий. Одоо тус компани нь О.Чулууны хүү болох Золбоогийн нэр дээр шилжсэн  ч ашиг сонирхлын зөрчил үүсгэх өндөр магадлалтай.

 Шинэ Засгийн газар байгуулагдаад төрийн албаны олон томилгоог Төрийн албаны хууль зөрчин томилсноо Ковидын хууль дор халхавчлан тайлбарлаж байгаа. Тэгвэл Төрийн албаны тухай хуулийг Ковидын хуулиар хэрэгжүүлэхгүй байлаа гэхэд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, биелүүлэх үүрэгтэйг энд сануулъя.

Төрийн албанд тавигдах шаардлага хангахгүй байгаа О.Чулуунд ёс зүй байна уу?

О.Чулууны хувь төрийн албаны шалгалт өгөөгүй, мөн Төрийн албан тухай хуулиар удирдах албан тушаалтанд тавигдах шаардлагын хангахгүй байгаа, тухайлбал,

Төрийн албаны тухай хуулийн 23.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно:

23.2.1.тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх зэрэг наад захын шаардлагыг хангахгүй байгааг энд дурдах хэрэгтэй.

Төр, хувийн хэвшлийг хослуулж яваа О.Чулуун гэж хэн бэ

О.Чулуун нь 1977-1982 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд “Геологийн зураглал, ашигт малтмалын ордын эрэл, хайгуул мэргэжлээр суралцан төгсөж, “Уулын инженер-геологич” мэргэшил эзэмшсэн. 2000 онд ОХУ-ын Москва хотын Геологи хайгуулын академид “Монгол Улсын нутаг дэвсгэрийн ураны хүдэржилт, ураны эрдэс баялгийн түүхий эдийн баазыг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлох нь” сэдвээр геологи минералогийн шинжлэх ухааны дэд эрдэмтний \боловсролын доктор\ зэрэг хамгаалжээ. Түүнчлэн 2011 онд Эрчим хүч, эрдэс баялгийн яам, ШУТИС-ийн хамтарсан шийдвэрээр ашигт малтмалын эрэл хайгуулын “Зөвлөх инженер” зэрэг олгожээ.

Тэрээр, 1982-1984 онд Дорнодын геологийн экспедицид техник геологич, инженер геологчоор, тус экспедицийн Баян Тэрэмийн эрлийн ангид инженер геологчоор, 1984-1986 онд Дорнодын геологийн экспедицийн Баян Тэрэмийн эрлийн ангийн дарга, ерөнхий геологчоор ажиллаж байв. 1986-1990 онд Дорнодын геологийн экспедицийн Цавын хайгуулын ангийн ерөнхий геологчоор, 1990-1992 онд Геологи шинжилгээний “Дорнод” нэгдлийн даргаар, 1992-1993 онд “Улсын геологийн төв”-д ураны геологийн төслийн удирдагчаар, 1993-1994 онд “Уран” ХХК \УҮГ\ -ийг үүсгэн байгуулж, захирлаар, 1994-1996 онд ЭХГУУЯ-ны Геологийн газрын даргаар, 1997-2005 онд АМХЭГ-ын Геологийн албаны захирлаар, 2005-2007 онд АМГТХЭГ-ын Геологийн газрын даргаар тус тус ажилласан. 2007-2016 онд “Гео Тех Импекс” ХХК үүсгэн байгуулагч, 2019 оноос Монголын Геологийн Холбооны удирдах зөвлөлд сонгогдон ажиллаж байв.

Түүний намтараас харахад салбарын мэргэжлийн хүн гэдэг нь бэлхэнээ харагдана. Гэвч Авлигын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөөр байхад Засгийн газраас энэхүү томилгоог хийсэн нь олны анхаарлыг татаж, дургүйцлийг хүргэж байгаа юм.

Г.Сүрэн

http://www.zuv.mn/pnv


URL: