Монгол-АНУ-ын харилцаа: Доогуур үнэлэгдсэн түншлэл

712-15982426245f43436db4a3eБРЮССЕЛЬ. /Moderndiplomacy/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден Монгол Улсад айлчилснаас хойш 9 жилийн хугацаа өнгөрлөө. Евразийн бүс нутаг дахь цорын ганц ардчилсан улсад Жо Байден айлчилсан нь АНУ үүнийг маш их дэмжиж байгааг харуулсан үйл явдал байв. Энэхүү түүхэн айлчлалын ач холбогдлыг тэмдэглэхийн тулд монголчууд Жо Байденд морь бэлэглэснийг тэрбээр “Celtic” хэмээн нэрийдсэн юм.

Монгол бол дэлхий дахинд өрнөж буй ардчилсан хөдөлгөөнд шинээр гарч ирж буй удирдагч, АНУ-ын ойрын түнш, найз нөхөр юм хэмээн Жо Байден айлчлалынхаа үеэр онцолсон. Ардчиллын үйл явц зогсонги байдал ороод байгаа энэ үед Монгол Улсын үүрэг оролцоо хэзээд байгаагүйгээр чухал болсон байна. Энэ бүс нутаг дахь цорын ганц тогтвортой ардчиллыг хөгжүүлж буй Монгол нь энэхүү тогтолцоо дэлхийн яг энэ хэсэгт цэцэглэн хөгжих боломжтой гэдгийг харуулсан тод үлгэр жишээ билээ.
Ардчилал хямдхан олдоогүй гэдгийг монголчууд бүгд мэднэ. Монголын цэргийн 17 мянга гаруй албан хаагч 2003 оноос хойш Афганистан болон бусад халуун цэгүүдэд АНУ болон НАТО-гийн хүчнийхэнтэй энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна. Манай цэргүүд амь биеэ үл хайхран зүтгэж байгаагаараа олон улсын энхийг сахиулах, терроризмтой тэмцэх үйл ажиллагаанд гар бие оролцоно гэсэн Монголын амлалтыг батлан харуулсан. Мөн Монголын цэргийн албан хаагчид уг ажиллагаанд оролцох замаар АНУ болон бусад орнуудын хүчнийхэнтэй харилцаа холбоогоо нэмэгдүүлсэн юм.
2019 оны 7 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга Вашингтон хотноо айлчлах үеэр хоёр улсын харилцаа нэг шатаар ахиж, стратегийн түншүүд болсон билээ. АНУ-ын Ардчилсан болон Бүгд найрамдах намынхан биднийг ордондоо таатай угтан авсан. Энэ нь бид нийтлэг ашиг сонирхол, ардчилсан үнэ цэнэ, тусгаар тогтнолын нэгэн зарчимтай гэдгийн баталгаа байсан юм. Энэхүү түншлэлээс тодорхой үр дүнд хүрэх нь хоёр улсын удирдагчдын тэргүүлэх чиглэл байх ёстой. Бидний түншлэлийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаа гэсэн нэг л салбарт ахиц бага байгаа. Уг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь ихээхэн ач холбогдолтой гэдэгт санал нэгдсэний үндсэн дээр өнгөрсөн онд АНУ-ын Конгрессын Сенат болон Төлөөлөгчдийн танхимд “Монголын гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийн төслийг өргөн барьсан билээ. Энэ хууль батлагдвал Монголын ноолуур АНУ руу татваргүй орох боломжтой болно.
Ер бусын зөөлөн, дулаан гэдгээрээ үнэ цэнэтэй Монгол ноолуурыг өндөрлөг хэсгээр бэлчдэг ямаанаас гарган авдаг. Дэлхийн түүхий ноолуурын 50 гаруй хувийг Монгол дангаар үйлдвэрлэдэг бөгөөд энэ салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг байна. Эдгээр эмэгтэйчүүдийн шаргуу хөдөлмөр, уран гараар бүтсэн бүтээгдэхүүн тун удахгүй АНУ-ын хэрэглэгчиддээ илүү хямдаар хүрнэ.
2020 онд Конгресст хэлэлцэх “Монголын гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийн төсөл хамгийн их дэмжлэгтэй хуулиудын нэг байгаад монголчууд маш их баяртай байгаа. “Covid-19”-ийн тархалт зогсож, бүх зүйл хяналтад орсны дараа уг хууль батлагдана гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн байдал хүндхэн байгаа хэдий ч Монгол Улс “Covid-19”-ийн тархалттай тэмцэхэд нь дэмжлэг болгож АНУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий хувийн хамгаалалтын хэрэгсэл хандивласан нь хоёр улс бие биеэ чадлаараа дэмжиж байгаагийн илэрхийлэл юм.
Удахгүй АНУ-д болох сонгуулийн үр дүн ямар байхаас үл хамааран Жо Байден Монголд дахин айлчилна гэдэгт найдаж байна гэж З.Энхболд бичжээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL: