Зайлтгуай!

12783

Харийн дайсан хоймортоо залагсад зайлтугай
Халтар зоосоор халаасаа дүүргэгсэд замхартугай
Хахууль авлигад улсаа худалдагсад тонилтугай
Хамаг олноо хууран мэхлэгсэд арилтугай!

Хан төрд мөнгөөр гарагсад ичтүгэй
Харц түмнээ шулан мөлжигсөд шүүгдтүгэй
Хар мөрөө нуун тэвдэгсэд илчлэгдтүгэй
Хавдар мэт буглан ялзрагсад тэсэртүгэй!

Хатан газрыг ухаж төнхөгсөд аюутугай
Хан орчлонгийн жамыг сөрөгсөд эмээтүгэй
Хамаг Монголын буяныг сорогсод гавлагдтугай
Хар шаахайтны шуналыг тэтгэгсэд яллагдтугай!

Хайран бүхнээ мөнгөнд золигсод ухтугай
Хамхуул мэт өнгөнд наалдагсад бодтугай
Хатуу дарсанд толгойгоо мэдүүлэгсэд өндийтүгэй
Хар тахал мэт хоронд дурлагсад ангижиртугай!

Хойч үеийг минь ховсдон сүйтгэгчид холдтугай
Хоол ундыг минь хордуулан самрагчид сарнитугай
Хорт могой шиг хотонд гэтэгсэд хорогдтугай
Ховорхон охидын минь хормойг бузарлагсад хоосортугай!

Хүмүн ёс уландаа гишгэгсэд сэртүгэй
Хүний шашинд дагаар орогсод сэхээртүгэй
Хүсэл шуналдаа дийлдэн тачаагсад номхортугай
Хөх Монголыг занан жатгалагчид нумлагдтугай!

Хатуу үг хэллээ гэж бүү ундууцаарай
Харааж зүхлээ гэж бас бүү шүүгээрэй
Хийсэн үйлийн үр даанчиг хатууг л ухаарай
Хэрэг болгож хэлснийг минь буянд санаарай!

Чорос Овогт Батсүхийн Эрдэнэтуяа


URL: