“Жаст”-ын Ш.Батхүү, “Алтжин” группын Г.Алтан нарыг шүүнэ

15982337745f431cae86b1c

АТГ-аас “Жаст”-ын Ш.Батхүүг ”Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнтэй хамт ”Алтжин” группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.

Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.08.24/ “Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал болно. Шүүх хурлыг 10:00 цагт товлосон. Тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Жаст”-ын Ш.Батхүүг мөнгө угаасан, залилсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэж яллаж байгаа бол “Алтжин” группын Ерөнхий захирал Г.Алтан болон түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримт хуурамчаар үйлдэж, устгасан гэх үндэслэлээр шүүнэ.

Харин “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, тус үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг эрх мэдлээ урвуулан ашигласан, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, устгасан эсэх хэргээр шүүнэ.


URL: