Ардчилсан Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар олгогдсон жагсах эрх чөлөөгөө Засаг даргаас гуйж авч байна
“Онолын хувьд ардчилал шиг сайхан зүйл байхгүй, харин бодит амьдрал дээр энэ бол төөрөгдөл юм” гэж Бэнито Муссолини хэлсэн байдаг. Яг л манай улсад ардчилал ямар байгааг тэр хэлж байж. Манай улс Ардчиллын замыг сонгоод аль хэдийнэ 30 жил болчихож. Үндсэн хуулиа баталж, хүний эрх, эрх чөлөөг тунхагласан. Түм буман сайхан заалтууд бий. Та нар зүгээр л эрх чөлөөгөө эдэл гэсэн заалтууд шүү. Харин бодит байдал дээр хэрэгждэггүй, яг л Муссолинигийн хэлдгээр төөрөгдөл.
Ядаж бидэнд жагсах, цуглах, үзэл бодлоо чөлөөтэй хэлэх эрх байгаа бил үү. Хуулиараа бол байгаа. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Монгол Улсын иргэн тайван жагсаал, цуглаан эрхтэй,” “Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж зааж өгсөн. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг минь ч Үндсэн хуулиар олгосон. Бодит байдал дээр бидэнд жагсаал, цуглаан хийгээд, үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх бараг л байхгүй. 1994 онд УИХ-аас Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг баталсан. Энэ хуулинд жагсаал, цуглаан хийх иргэн, байгууллага харьяалах Засаг даргад мэдэгдэж, зөвшөөрөл авдаг тогтолцоог тусгаж өгсөн. 2005 онд энэ хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж, хуульд байсан зөвшөөрөл гэдэг үгийг өөрчилж, мэдэгдэл болгосон. Хэдийгээр зөвшөөрөл гэдэг үгийг мэдэгдэл болгож сольсон боловч хуулийн агуулга нь жагсаал, цуглаан хийхэд зөвшөөрөл авдаг хэвээрээ үлдчихсэн.
Аль дүүрэгт жагсаал, цуглаан хийх гэж байна, харьяаллын дагуу Засаг даргад мэдэгдэх ёстой. Монголчууд Үндсэн хуулиар олгосон жагсаал, цуглаан хийх эрхээ эдлэхийн тулд нэг дүүргийн Засаг даргаас л зөвшөөрөл авах болчихсон гэсэн үг. Үндсэн хуулиас давсан эрхтэй дүүргийн Засаг даргатай л байна. Энэ одоо тэгээд эрх чөлөө мөн үү, ардчилсан улс уу. Засаг даргад жагсаал хийх гэж байгаагаа мэдэгдээд гурав хоног хүлээнэ. “Эрхэм хүндэт” Засаг дарга хариу өгөхгүй бол жагсаал хийж болно, хуулиараа. Харин жагсахыг зөвшөөрөхгүй гэдэг лүндэн буулгавал тэгээд л дуусаа.
Мэдээж хуулиар хориглосон жагсаал, цуглаан гэж байна. Зайлшгүй хязгаарлах ёстой жагсаал, цуглаан гэсэн үг. Хуульд дайн сурталчлах, үндэстэн, ястныг хооронд хагаргах, ялгаварлан гадуурхах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журамд хохирол учруулах, эмх замбараагүй явдал бий болгох зэрэг хууль бус зорилгоор, эсхүл албан ёсны бүртгэлгүй нам, ТББ-аас санаачилсан, мөн нисэх онгоцны буудал, эмнэлэг зэрэг хориглосон газарт жагсаал, цуглаан зохион байгуулах бол бүртгэхээс татгалзана гэж заасан байдаг. Бусад тохиолдолд бол Засаг дарга бусдын жагсах, цуглахыг, үзэл бодлоо илэрхийлэхийг хориглох шаардлагагүй. Гэтэл манайд зүгээр л үзэмжээр шийддэг. Өөр үйл ажиллагаатай давхацсан, замын хөдөлгөөнд саад учруулна, Цэргийн баяр болж байгаа учраас гэх мэт үндэслэлээр жагсаал, цуглаан хийхийг зөвшөөрөөгүй жишээнүүд бий. Ямар ч хуульд өөр үйл ажиллагаатай давхацвал жагсаал хийхийг зөвшөөрөхгүй байж болно гэсэн заалт байхгүй.
Саяхан даа, нэг хүн хүзүүндээ дөнгө зүүгээд, Зөрчлийн хуулийг эсэргүүцэж, өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Төв талбайд жаахан зогссон, дараа нь ХЗДХ-ийн яам руу явсан. Гэтэл баахан цагдаа ирээд, дарамтлаад, дайраад, баривчлах юм болов. Мэдэгдээгүй гэдэг үндэслэлээр. Нөгөө хүн нь “Өлсгөлөн зарлахад мэдэгдэнэ гэсэн хууль байхгүй” гэсэн тайлбар өгч байсан. За тэр ч яахав, өөр өөрсдийнхөө л тайлбарлана биз. Мэдэгдэлгүйгээр хоёр, гурван хүн цугласан, жагсаал маягтай юм хийлээ гэж бодъё. Тараах журам хуулиндаа байж л байгаа.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлд тодорхой заасан. Тодруулбал, бүртгэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулж тохиолдолд Засаг дарга тухайн цуглааныг тараах тухай мэдэгдлийг бичгээр өгнө. Түүний дараа хоёр цагийн дотор жагсаж байгаа иргэд сайн дураараа тарахгүй бол цагдаа албадан тараах ёстой. Жагсаал хийхэд зөвшөөрөл авах, мэдэгдэх журмаа ягштал бариад, үзэмжээрээ иргэдийн эрхийг зөрчөөд байдаг. Харин жагсаал тараах болохоор Засаг дарга нь мэдэгдэх хуудас өгдөггүй. Цагдаа нар нь ч хоёр цаг хүлээлгүй тайван жагсаал хийж байгаа хүмүүсийг албадан тараадаг. Бүр хүч хэрэглэх тохиолдол ч гарч байгаа. Ингэж л Ардчилсан Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар олгогдсон жагсах, цуглах эрх чөлөөгөө нэг дүүргийн Засаг даргаас гуйж авч байна. Гуйж авахгүйгээр 25 цаг жагсах эрхээ ч цагдаа нарт хязгаарлуулаад л дуусаж байгаа юм.
Үнэхээр Үндсэн хуулиар бид жагсах, цуглах эрхтэй юм бол түүнийг эдэлмээр байна. Зөвшөөрлийн тогтолцоогоо жаахан өөрчлөөч. Жагсаал, цуглаан хийх гэж байгаагаа тухайн дүүргийн Засаг даргад мэдэгддэг байж болно. Ямар зорилготой жагсаал, цуглаан хийх вэ гэдгээ хэлнэ гэсэн үг. Харин зөвшөөрөл авах шаардлагагүй. Мэдэгдэнэ гэдэг бол албаны хүмүүс, хууль хүчний байгууллага жагсаал болох гэж байгааг мэдэж, болзошгүй аюулаас сэргийлэх нь зөв гэсэн үг. Иргэд жагсах гэж байгаагаа мэдэгдээд л жагсаалаа хийг. Үзэл бодлоо илэрхийлэг. Өөрийгөө тэмцэгч гэж нэрлэсэн нэг залуу зээлийн хүү бууруулахыг шаардаж жаахан суусны төлөө цагдаа нар чирж авч яваад, саатуулаад байгаа харагдсан. Одоо байгаа хууль, журам нь тийм болохоор яалтай билээ.
Ер нь бол зээлийн хүү өндөр байгааг эсэргүүцэж тайван жагсаал хийнэ гэж мэдэгдээд л жагсах эрхтэй баймаар байна. Тэнд ямар нэг эмх замбараагүй байдал үүсэхгүй л бол болно. Цагдаа нар болзошгүй эрсдэл үүсэхээс сэргийлж, ажиглана л гэсэн үг. Хэрвээ ямар нэгэн эмх замбараагүй байдал үүсэхээр бол албадан тараах ажлаа хийнэ биз. Бусдаар иргэд жагсаж л байг. Юунаас нь айгаад байгаа юм. Жагсах эрхийнхээ төлөө, хуульд багахан өөрчлөлт оруулуулахын тулд бид бүгдээрээ тэмцэх л ёстой. Жагсах эрхгүй байна гэдэг жинхэнэ утгаараа дүр исгэсэн ардчилал шүү.
URL: