Хойд Солонгос: Гэртээ нохой тэжээхийг хоригложээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун иргэддээ гэртээ нохой тэжээхийг хоригложээ. Нохой тэжээх нь капитализмын билэг тэмдэг гэж үзэн ийм шийдвэр гаргасан талаар The Daily Mail мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2020 оны долдугаар сард мэдэгдэл хийхдээ гэртээ нохой тэжээж байгаа хүмүүс хууль зөрчсөнд тооцогдох бөгөөд учир нь энэ амьтан “хөрөнгөтний үзэл суртлын хэв маяг” хэмээн онцолжээ.
Ийнхүү нохой тэжээхийг хориглосны дараа нохдыг тус улсад нүүрлэсэн хүнсний хомсдлыг шийдэхэд ашиглана гэж эзэд нь эмээж байгаа гэнэ. Өмнөд Солонгосын “Чосон Ильбо” сонины мэдээлснээр гэрийн нохдыг хүчээр хураан авч, унтуулан, заримыг нь амьтны хүрээлэнгүүд эсвэл нохойн махаар хоол хийдэг зоогийн газруудад зарж байгаа гэнэ.
Энэхүү хориг нь Пхеньяны дундаж давхаргынхны хувьд гэнэтийн шийдвэр болсныг эх сурвалж онцолсон байна. 1989 онд болсон Дэлхийн залуучууд, оюутнуудын фестивалийн өмнөхөн Хойд Солонгосын дэглэм суларсны дараахан тус улсын хангалуун амьдралтай иргэд гэртээ нохой тэжээх болжээ. Харин одоо гэртээ нохой тэжээхийг хориглосны улмаас нохдыг хураан, зоогийн газруудад зарж байгаа бөгөөд Өмнөд Солонгост нохойн махтай хоол идэх нь багассан бол Хойд Солонгост энэ төрлийн хоол эрэлттэй байгаа гэнэ.
НҮБ-ын мэдээлснээр, БНАСАУ-ын хүн амын 60 орчим хувь нь олон улсын хориг арга хэмжээнээс үүдэлтэй хямралын улмаас хүнсний хомсдолтой нүүр тулж байгаа аж.
Г.Бямбасүрэн
URL: