Хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын явц 80 гаруй хувьтай байна

8880

Увс аймагт шинээр баригдаж байгаа 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын явцтай холбогдох албанаас томилогдсон ажлын хэсгийн гишүүд энэ сарын 20-ны өдөр танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу ахалж явсан бөгөөд тэрбээр барилгын ажлыг гүйцэтгэгч компанийн удирдлагад хандаж ажлаа түргэн шуурхай, мэргэжлийн түвшинд чанартай гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгөхийг анхааруулсан юм. Тус барилгын ажлыг улсын төсвийн 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн “Цомбон тоосго” компани гүйцэтгэж байгаа ба одоогоор ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байна.

Увс аймгийн хувьд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл жилээс жилд буурч байгаа хэдий ч өвлийн улиралд хэт хүйтэрдэгээс ханиад томуу ихээр тархаж, Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн ор хүрэлцэхгүй болж ачаалал хэтэрдэг ажээ. Шинэ эмнэлэг баригдаж ашиглалтад орсноор бага насны хүүхдийн эндэгдэл буурахаас гадна хүүхдүүдийн дундах өвчлөл багасна хэмээн эрүүл мэндийн салбарынхан үзэж байна.


URL: