УИХ-ын эмэгтэй гишүүд нам харгалзахгүйгээр хамтарсан бүлэг байгуулснаа мэдэгдлээ
УИХ-ын 13 эмэгтэй гишүүн нам харгалзахгүйгээр бүлэг байгуулж ажиллахаар боллоо. Бүлгийг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл ахалж, нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудал дээр анхаарч хамтран ажиллахаар болсон бөгөөд энэ үеэр эмэгтэй гишүүд өөрийн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Хүнээ хөгжүүлж, хүнээ дээдэлсэн цогц бодлогыг хэрэгжүүлэх хариуцлага бидэнд ирсэн. Тиймээс УИХ дахь эмэгтэй гишүүд хүний хөгжлийн бодлогод зайлшгүй анхаарлаа хандуулан манлайлан ажиллана. Мөн хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг байгуулсан. Гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл төдийгүй ажлын байр гэх мэт бүх салбарт хүчирхийллийг зогсоохоор манлайлан ажиллана.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Бидний дараагийн хийх ажил бол цахим орчин дахь хүчирхийлэл юм. Цахим орчинд хүүхэд, эмэгтэйчүүд гэмт хэргийн золиос болж байна. Өнгөрсөн гурван жилд цахим гадуурхалтын улмаас нэлээд олон хүн амиа алдсан байна. Гэвч энэ үйлдлийг хоёр сая төгрөгөөр торгоод өнгөрөх нь цаашид гэмт хэргийн хор хохирлыг багасгахад саад болж байгаа тул цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулахаар ажиллана.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал гэхээр хүүхдийн асуудал хөндөгдөж байдаг. Бид эмэгтэйчүүдийн бэрхшээл зовлонг үр дүнтэй шийдсэнээр Монгол Улс хөгжинө гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Монгол Улсад сүүлийн арван жилд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшин буурсан. Үүнийг олон улсын байгууллагаас ч анхааруулсан. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муугас үүдэн эмэгтэйчүүдэд ажил хөдөлмөрөө эрхлэхэд бэрхшээлтэй байна.
21 аймаг есөн дүүрэгт насан туршийн боловсрол олгох төв ажиллаж, 300 гаруй мянган хүн хамрагдаж, 4 тэрбум төгрөгийг зарцуулдаг. Цаашид эмэгтэйчүүдэд сурч хөдөлмөрлөх боломжийг бий болгох чиглэлд ажиллах шаардлагатай. Тиймээс энэ чиглэлд хууль тогтоомж, төсөл хөтөлбөрөөр хамтран ажиллана.
УИХ-ын гишүүн Г.Ундрам: Манай улсын 107 мянга гаруй тусгай хэрэгцээт иргэдийн асуудлыг хөндөж бид хамтран дуу хоолойгоо хүргэж ажиллана. Нэн тэргүүнд тусгай хэрэгцээт иргэдтэй холбоотой нэр томъёоны асуудлыг яаралтай анхаарна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусадтай адил суралцах, ажиллах гэх мэт эрхийг хангах чиглэлд ажиллана.
УИХ-ын гишүүн П.Анужин: Бүлгийн бүсгүйчүүдийн санаачлан, удирдан чиглүүлж явах ажилд идэвхтэй оролцож, дэмжинэ. Миний хувьд үндэстэн улс үндэс оршин тогтнож байгаагийн чухал зүйл болох өв соёлоо хадгалах чиглэлд ажиллана.
Өнөөдрийг хүртэл ирсэн өв соёлыг бид хэрхэн цааш өвлүүлэх вэ гэдгийг хүн бүр бодох ёстой. Өв соёлтой холбоотой хууль хэрхэн хэрэгжиж буй, шаардлагатай бол хууль санаачлах, шинэчлэх асуудалд ажиллахаар төлөвлөж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Бид бүхэн тухайлсан сэдвийг хариуцаж бусад нь дэмжин ажиллана. Би өөрийн хариуцаж буй ажлыг танилцуулахад архидалт, гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл гээд бүх салбарт хамаарч байгаа тул энэ асуудлыг онцлон ажиллана.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Миний хариуцаж авсан сэдэв бол залуучуудын хөгжил. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудалд шат дараалсан арга хэмжээг ЗГ, УИХ авч хэрэгжүүлнэ. Залуучуудын хөгжил гэдгийг жинхэнэ утгаар нь авчрах хууль эрхзүйн орчин, дэд бүтцийг бий болгох чиглэлд бид хамтран ажиллана.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Төсвийн тодотголд хүүхэд харах үйлчилгээний зардалд 2.5 тэрбум төгрөг батлуулах ажил нааштай шийдэгдэж байгаа. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жил хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр нь эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэхэд саад болж байгаа тул УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгээс хүүхэд харах үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэхээр ажилласан гэв.
URL: