Ажлаасаа гарч хүүхдээ харах уу? Азанд найдан гэртээ цоожлох уу?

huuhded

Үе үеийн улстөрчид боловсролын салбарыг үл тоодог байв. Энэ салбарт анхаарч буй хэсэг нь улсын төсөв хэлэлцэх үед байшин барилга барих, сурах бичиг хэвлэх тендерт л ач холбогдол өгнө.

МАН ч бай, АН ч бай сайд, даргын томилгоо сэтгэл шимшрэм эмгэнэлтэй явагдана.

Ерөөсөө хэнийг сайдаар томилж буйгаар нь л энэ салбарт огт анхаардаггүй гэдгийг харуулна. Ингээд нийт ард түмнээрээ төлөөсийг нь төлж, улсын ирээдүйгээрээ тоглуулна.

Коронавирус буюу “covid-19” цар тахал хүнд буйг ойлгож байна. Гэхдээ дотооддоо өвчин алдаагүй гэж бахархдаг шигээ иргэдээ тайван амьдрах боломжийг олго.

Хүүхдийн боловсрол тоглоом биш.

Нэн ялангуяа 1, 2-р анги, төгсөх ангийн сурагчид хохирч байна. Сүүлдээ төрийн шийдвэрийг хэл амгүй дагаад байхаар бүхнийг мугуйдлан “хүчиндэх” болов. БШУЯ-ны шинэ зохицуулалтаар 2-3 хүүхэдтэй эцэг эхчүүд ажил хийх боломжгүй.

Дээр нь 2 настай хүүхдээ гэрт нь орхиод гарах ёстой. Өдөржин сургууль дээр өнжин хүүхэд зөөдөг ажилтай болсоноор юу шийдвэрлэх юм. Төрийн байгууллагаас бусад газарт цалинтай чөлөө өгөх боломжгүй.

Бүх хүүхдэд завтай өвөө эмээ, ах эгч, асрагч байдаггүй гэдгийг ойлго. Богино цагт, бүтэлгүй зохион байгуулалт хийхээр оролдож буйгаа зогсоо.


URL: