Х.Нямбаатар: Бүх ломбард буюу барьцаалан зээлдүүлэх төвийг бүртгэлтэй болгоно

bd394e05ba65027c3fb33e899211e28d_1200

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ирэх дөрвөн жилд төлөвлөсөн хууль, эрх зүйн шинэчлэлийг танилцуулав. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн яам ирэх дөрвөн жилд хувийн эрх зүйн шинэчлэлийг гол зорилтоо болгон ажиллахаар төлөвлөжээ. Ингэхдээ хувийн өмч, хөрөнгө оруулалт, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, бизнес эрхлэх таатай орчин, баялаг бүтээгч, хувийн хэвшлийг дэмжсэн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэхээр төлөвлөсөн аж. Улмаар ирэх аравдугаар сард хуулийн шинэчлэлийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлнэ. Энэ нь хүнийг хүмүүжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг ажил хөдөлмөр эрхлэх замаар засарч, хүмүүжих боломжтой гэж үзэж байгаа. Энэ ялыг хэрэгжүүлэхээр өмнөх сайдын үед аймаг, орон нутагт хяналтын самбар авахаар төлөвлөж байсан. Үүнийг өөрчлөх санал гаргасан. Удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэл ажлыг нь хангаж байна. Мөн иргэд хоорондын мөнгөн зээлийн харилцаа нь ямар нэг зохицуулалтгүйгээр явагдаж байна. Тиймээс бүх ломбард буюу барьцаалан зээлдүүлэх төвийг бүртгэлтэй болгоно. Мөн зээл чөлөөлдөг этгээдүүдийг бүртгэх юм. Гэхдээ энэ нь ломбард, зээл чөлөөлдөг хүмүүст тусгай зөвшөөрөл өгөх гэж байгаа хэрэг биш. Бүртгэлжүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг нээлттэй болгох юм. Манай улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр олон улсын байгууллагуудаас удаа дараа санамж, анхааруулга авсан. Мөнгө угаах, терроризмын эсрэг хийх тэмцлийг барьцаалан зээлдүүлэх төв, банк бус санхүүгийн байгууллагуудын мөнгөний эх үүсвэрийг тодорхойлох, бүртгэлжүүлэхээс эхлэх ёстой” гэсэн юм.


URL: