Монгол компанид “ЗАЛИЛУУЛСАН” Английн Ерөнхий сайдын дүү Макс Жонсонтой ярилцлаа
Eguur.mn өмнө нь “Засагчандмань Майнз” компани хөрөнгө оруулагчдаа 70 сая ам.доллараар хохироож, улмаар захирал Д.Буянтогтох нь оргон зайлсан /ЛИНК/ талаар баримтаар мэдээлсэн. Тус компанийн хамгийн том хохирогч нь 31 сая ам.долларын нэхэмжлэл үүсгээд буй гадны “GRF” хөрөнгө оруулалтын сан юм. Бид мэдээллийг бэлтгэх явцдаа “GRF”-ийг Английн Ерөнхий сайд Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсон төлөөлж, Монголын талтай ажиллаж буйг мэдсэн юм.
Тиймээс “Засагчандмань Майнз”-д хамаарах улс төрийн нөлөөлөл, зээлийн схемийг баримтаар дэлгэснийхээ дараа “GRF”-ийн монгол дахь өмгөөллийн байгууллагаар нь дамжуулан, Английн Ерөнхий сайд Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой ярилцах хүсэлт тавьж, онлайнаар ярилцав. Бид ярилцлагаараа монголд анхны хөрөнгө оруулалтаа хийгээд, тодорхой бэрхшээлүүдтэй нүүр тулсан “GRF”-ийн талаарх мэдээллийг илүү дэлгэрүүлж хүргэхийг зорив.
Бидний ярилцагч Макс Жонсон нь бизнесийн сургуулиа дүүргэснийхээ дараа Европоос илүү Ази, тэр дундаа БНХАУ-ын зах зээлийг сонирхож, хөрөнгө оруулалтын чиглэлээр түлхүү ажиллаж ирсэн түүхтэй нэгэн аж. Тэрбээр монголд өмнө нь хэд хэдэн удаа аялахаар ирж, онгон дагшин байгаль, бизнес хөгжүүлж болох зах зээлийн урсгалд нь татагдсан хэмээн онцолсон юм.
-МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДАД СЭТГЭЛ ДУНДУУР БАЙГАА-
-Сайн байна уу, Макс. Би танай нэхэмжлэлтэй хэргийн талаар нийтлэл гаргасан сэтгүүлч байгаа юм аа. Бидэнд цаг гаргаж, танай “GRF” хөрөнгө оруулалтын сангийн зүгээс “Засагчандмань Майнз” компанийн эсрэг нэхэмжлэл гаргасан талаараа ярилцлага хийхийг зөвшөөрсөнд баярлалаа.
-Танд их баярлалаа. Манай таагүй нөхцөл байдлын талаар тодруулга хийж, ярилцах боломж олгож байгаад талархал илэрхийлье. Бидэнд тохиолдсон энэ бэрхшээл өөр хөрөнгө оруулагчдад битгий тохиолдоосой. Мөн бид гадны хөрөнгө оруулагчдад Монголын бизнесменүүд бүгд хулхи, авлига хээл хахуульд баригдсан гэж битгий бодоосой гэсэн үүднээс эдгээр зүйлсийг ярьж байгаа юм шүү.
-Би ярилцлагынхаа эхэнд тaнай “GRF” хөрөнгө оруулалтын сангийн “Засагчандмань Майнз” компанитай тогтоож ирсэн харилцааны талаар товч мэдээлэл авахыг хүсч байна?
-“GRF” нь анх 2015 онд Д.Буянтогтохын эзэмшлийн “Засагчандмань Майнз” компанид 19 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Одоогоор “GRF” зээлдэгчээс нэг ч долларын хүүгийн буцаан төлөлт аваагүй. Тэр ч байтугай үндсэн зээлээ ч төлөөгүй байгаа. Товчхондоо, бид мөнгөө залилуулсан. Бид энэ хэргээр Монголын хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан байгаа. Монголын шүүх, хяналтын байгууллагуудыг хэргийг үнэн бодитоор нь тогтооно гэдэгт найдаж, хүлээж байна.
-Танай “GRF”-ээс жил гаруйн өмнө Монголын шүүхэд “Засагчандмань Майнз” компанийн асуудлаар нэхэмжлэл гаргасан юм билээ. Мөрдөн шалгах үйл ажиллагаанд та бүхэн хэр сэтгэл хангалуун байгаа вэ?
-Бид үнэндээ Монголын хууль хяналтын байгууллагуудад сэтгэл дундуур байгаа. Тийм ээ, өнгөрсөн жил буюу 2019 оны тав дугаар сард миний бие гомдол гаргаж,залилуулсан асуудлаараа мэдүүлэг өгсөн. Өнөөг хүртэл Монголын Эрүүгийн Цагдаагийн Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтэс хэргийг маш удаашралтай шалгаж байгаа. Албаар удаан шалгаж байгаа, эсвэл үнэхээр удаан процесстэй байдаг эсэхэд бид эргэлзэж байна. Мөн Д.Буянтогтох хилийн хоригтой байхдаа нэг шүүгчээр хориогоо цуцлуулж, тэр өдөртөө оргон зайлсан нь биднийг Монголын Хууль Хяналтын Байгууллагуудад сэтгэл дундуур байхад хүргэж байна. Тэр одоо болтол Монголын хилээс гадуур орогнож, хэргийн мөрдөн шалгалтын явцыг удаашруулж, хойшлуулсаар байна. Энэ нь маш таагүй зүйл юм.
– “Засагчандмань Майнз” компанийн захирал Д.Буянтогтох эх орондоо хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа нөхцөл байдлыг нэхэмжлэл гаргагч талаас хэрхэн харж байна?
-Түүнийг залилан, луйвар болон мөнгө угаах хэргээр Интерполийн улаан жагсалтаар эрэн сурвалж байгаа. Мөн Монголд баривчлах тушаал гарсан юм билээ. Гэвч тэр зугтаасаар байгаа. Бид мэдээж түүнийг хаана байгааг мэдэхгүй. Монголд буцан ирж, хэргээ шалгуулж, Монголын хууль хяналтын байгууллагыг ажлыг нь хийлгүүлээсэй гэж хүсч байна.
-Танайх “Засагчандмань Майнз” компанид анх 2015 онд зээл өгснөөс хойш таван жилийн хугацаа өнгөрсөн байна. Та бүхэн энэ хугацаанд хэр олон удаа уурхай дээр очиж үзэж, хөрөнгө оруулалтаа зарцуулалтаа хянасан бэ?
-Үнэндээ бид хаана мөнгө зарцуулагдсаныг мэдэхгүй байгаа. “GRF -ийн баг уурхайд үзлэг хийхээр нэг удаа бус очиход зээлийн мөнгийг төсөлд зарцуулаагүй нь маш тодорхой байсан. Бид мөнгийг хаачсаныг хэлж мэдэхгүй. Гэхдээ мөнгө төсөлд зарцуулагдаагүй нь илт, уурхайг харахад ямар ч бүтээн байгуулалт байгаагүй. Бүх зүйл 2015 оны хөрөнгө оруулалтаас өмнөх үеэрээ, тэнд нэг цахилгаан шугам, зэвэрсэн баяжуулахын шугам л байсан. Бидний 19 сая ам.доллар болон бусад хөрөнгө оруулагчдын мөнгөөр бодит уурхайн хөгжил дэвшилд зарцуулсан өөр ямар ч нотлох зүйл байгаагүй.
-БИД ӨӨРСДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД САНАА ЗОВСОН УЧРААС Д.БУЯНТОГТОХТОЙ ДАХИН ХЭЛЭЛЦЭЭРТ ОРООГҮЙ-
-Хэргийн аудитын дүгнэлтээс харахад Д.Буянтогтох өөрийн хамаарал бүхий компаниуд руу танай зээлийг ажлын хөлс байдлаар гаргасан байсан. Уг мөнгө угаасан гэж хардаж болохуйц үйлдлийг та бүхэн хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хэргийн шалгалтын явцаас харахад “Засагчандмань Майнз”-тай хамтарч ажилласан компаниуд нь хамаарал бүхий, илтэд ашиг сонирхлын зөрчилтэй байсан. Тэдгээр хамаарал бүхий компаниуд руу ойлгомжгүй мөнгө шилжүүлсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй төдийгүй байгууллагын ёс зүйгүй үйлдлүүд юм. Аудитын тайлангаар энэ нь нотлогдсон. Түүнээс цааш бидний мөнгө хаашаа зарцуулагдсаныг нарийн мэдэхгүй. Гэхдээ бид хийж чадах бүхий л зүйлээрээ хөрөнгө оруулалтаа буцаан олохыг зорьж байгаа.
-Танай гаргасан нэхэмжлэлийг Цагдаагаас манай улсын Эрүүгийн хуулин дахь мөнгө угаах болон залилангийн зүйл ангиудад хамааруулан шалгаж байгаа гэж би ойлгосон?
-Нэг талдаа энэ нь залилан болон мөнгө угаах гэмт хэрэг. Гэхдээ нөгөө өнцгөөс Монголын Хөгжлийн банк, “Нобель Ресурс” болон дотоодын нэг банк нийлж зээлийн гэрээ хийсэн сүлжээний асуудал байгаа.
“GRF” энэ үйл ажиллагаанд огт оролцоогүй, бид энэ харилцааг маш хачирхалтай, сэжигтэй гэж үзсэн. Монголын Хөгжлийн банк олборлолт нь зогсонги, мөнгөн урсгалгүй, үр өгөөжгүй уурхайтай компанид 30 сая ам.доллар зээлэх гэж байсан их хачирхалтай.Цаашлаад зээлээ авангуутаа гадаадын хөрөнгө оруулагчдын зээлийг дарах гэж байсан. Өмнө хэлсэнчлэн, энэ үйл явц маш учир битүүлэг. Үүнд зөвхөн төслийн эзэн ч биш бусад зээлдэгч нар оролцсон байдаг.
-Өөрөөр хэлбэл, та “GRF”-д мэдэгдэхгүйгээр “Засагчандмань Майнз” компанийнхан Монголын Засгийн газрын харьяа Хөгжлийн банк, “Нобель Ресурс”, нэр бүхий арилжааны банкууд хамтран санхүүгийн схем үүсгэх замаар хуйвалдсан гэж хардаж байгаа гэсэн үг үү?
– Би үүнийг таамаглаагүй, мэдэж байна. Би тухайн зээлийг олгохыг зөвшөөрсөн бичиг баримтыг харсан. Мөн дотоодын банктай уулзахдаа Хөгжлийн банк, “Нобель Ресурс” болон дотоодын банк гурвалсан зээлийн гэрээ хийсэн гэдгийг мэдэж авсан. “GRF” гэж хөрөнгө оруулагч байсаар байхад, бидэнтэй зөвшилцөөгүй. Мэдээллээр хангаагүй. Тийм ээ, энэ хэрэгт яах аргагүй хуйвилдаан байсан.
-Ta одоогоор “Засагчандмань Майнз” компанийн эзэн Д.Буянтогтохтой харилцаа холбоотой байгаа юу? Тэр тантай холбогдож хэлэлцээр хийх санал тавьсан уу?
-Компанийн хөрөнгө битүүмжлэгдээгүй байхад бид Д.Буянтогтохтой эвээр асуудлуудаа шийдэх гэж оролдсон боловч харамсалтай нь ямар ч үр дүнд хүрээгүй. Монголын хуулийн дагуу компанийн бүх хөрөнгө битүүмжлэгдсэний дараа Д.Буянтогтох болон бусад хөрөнгө оруулагчдаас “GRF”-ийн зээлийг худалдаж авах санал тавьсан. Бид ийм хэлэлцээрт Д.Буянтогтохтой оролцохоос татгалзсан. Шуудхан хэлэхэд бид өөрсдийн аюулгүй байдалдаа санаа зовсон.
Манай компани намайг сүүлд Улаанбаатарт цагдаагийн газар очих, нисэх буудал руу явах зэрэгт миний аюулгүй байдлыг хангах үүднээс хувийн хамгаалалтын компани хөлсөлсөн. Би ч тэр өдөртөө буцсан. Бид Монголд уригдаагүй зочид мэт мэдрэмж өгсөн. Биднийг асуултууд асууж эхлэхэд Д.Буянтогтох маш таагүйгээр хүлээж авсан. Тэр маш их уурлаж байсан. Бид үнэндээ заналхийлсэн нөхцөл байдалд орсон учраас өөрсдөө асуудлыг шийдэж чадахгүйгээ ойлгосон юм.
-ХЭРГИЙН МӨРДӨЛТ УДААШРААД БАЙВАЛ АНГЛИЙН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС ДЭМЖЛЭГ ХҮСНЭ-
-Таны хариулт миний анхаарлыг татлаа. Та бүхний зүгээс одоогийн нөхцөл байдалд Д.Буянтогтохтой хэлэлцээрт орох бодолгүй байгаа юм байна. Тийм үү?
-Энэ хэлэлцээр нь одоо түүнд хэрэгтэй. Яагаад гэвэл, бид зээлээ зарвал бидний түүний эсрэг гаргасан нэхэмжлэх хүчингүй болно. Анх 2015 онд тэр бидний бизнесийн хамтрагч байсан. Гэвч бүх хамтын ажиллагаа амжилтад хүрнэ гэж байхгүй. Бидний анх хөрөнгө оруулагчаар татан оруулахаар зуучилж байсан тэдний санхүү хариуцсан захирал болох Петэр Рөүдс нь мөн л оргон зайлсан. “Нобель Ресурс”-ын Ханна Баданах гэх тухайн үед бас зуучилж байсан хүн маань одоогоор манайхтай харилцан холбоогоо тасалсан. Тэр тийм ч тустай байгаагүй. Бид Буяныг битүүмжтэй байгаа лицензийг цаашаа наймаалцахаар завдаж буйг мэдэж байгаа. Өмнө нь хэлсэнчлэн монголын шүүхээс уг лицензийг намайлцахыг хориглоосон тогтоол гаргасан. Тиймээс “GRF”-ийн зүгээс ямар ч энэ мэт хууль бус зүйлд оролцохыг хүсэхгүй байна. Бид монголын хууль хяналтын байгууллагуудыг бидэнд ямар хэмжээний хохирлын нөхөн олговор тогтоох асуудлаа бүрэн даатгаж байгаа.
-Танай нэхэмжлэл шийдэгдэхгүй удсан тохиолдолд та бүхний хийх дараачийн алхам юу байх вэ?
-Дараачийн алхам бол бид Их Британийн Элчин сайдын яам руу хандах болно. Монгол дахь Английн иргэний эрх ашгийг хамгаалах газар шүү дээ. Мөн Монголын Хууль зүй дотоод хэргийн яам болон Гадаад харилцааны яамнаас туслалцаа хүснэ. Өмнө нь хэлсэнчлэн, Английн дипломатын шугамаар хандана.
-Ta өөрийн ах болох Английн Ерөнхий сайд Боррис Жонсонд Монгол дахь бизнесийн таагүй нөхцөл байдлаа уламжилсан уу?
-Би ахыгаа юу хийдгийг мэднэ. Тэр ч намайг Ази болон Монголд бизнес хийдгийг мэднэ. Тэр өөрийнхөө л ажлаа хийдэг, би ч өөрийн ажлаа хийж байгаа. Одоохондоо энэ хэвээр байна аа. Гэхдээ би өмнө нь хэлсэнчлэн бидний дараагийн алхам бол дээд шатанд нь арга хэмжээ авхуулах зүгээс Английн элчин сайдын яам руу хандах болно. Бидний зүгээс Монголын эрх мэдэл бүхий байгууллагууд энэ хэрэг дээр анхаарал тавьж, шударгаар шийдэж өгнө гэдэгт найдаж байгаа. Том зургаараа Монголын хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх зүйл юм.
-Ta энэ хэргээрээ олон улсын хууль хяналтын байгууллагад хандах уу?
-Та тэр талаар дурдаж асуусан чинь их сонирхолтой байна.Тийм ээ, бид тэр эрхээ эдэлж болно. Энэ хөрөнгө оруулалтад нэлээдгүй олон улсын хамтрагчид байгаа. Мэдээж бидэнд тийм гарц байгаа,. Гэхдээ энэ нь хоёр дахь сонголт. Бидний гол зорилго бол Монголд хүлээсэн алдагдлаа нөхөн олох, нөхөн төлбөр авах явдал юм. Бид энэ төсөлд итгэсэн, бид Монголын хөрөнгө оруулалтын орчинд итгэж байна. Мэдээж л хөрөнгө оруулалтаа буцаан олохыг хүсч байна.
-Танд баярлалаа, ярилцлагынхаа төгсгөлд сэтгүүлчийнхээ хувиар таныг монголд дахин ирнэ гэж найдаж байна. Учир нь, монголын бизнесийн орчин уг жишээгээр тодорхойлогдохгүй өргөн баялаг юм гэдгийг хэлэхийг хүсч байна.
-Тэгэлгүй яах вэ. Монгол бол тийм биш ээ. Би 2006 оноос хойш Монголд очиж байна. Тэнд надад олон найз нар бий. Нэг муу алим сагсыг тэр чигээр нь төлөөлөхгүй. Гэвч хэрэг хийсэн хүмүүс зугтах ёсгүй. уг жишээгээр би Монголыг дүгнэхгүй. Гэвч хэн мөнгөө алдахыг хүсэх вэ. Бид шударга шийдлийг л хүсэж байна.
-Танд дахин баярлалаа.
ӨМНӨХ КОНТЕНТ:
“БАРИМТ: Ж.Мөнхбатын ХҮРГЭН АХ Д.Буянтогтохын хөрөнгө оруулагчдыг 70 сая ам.доллараар хохироосон түүх” контентыг ЭНД ДАРЖ уншина уу.
ЭХ СУРВАЛЖ: Eguur.mn
URL: