Ж.Шижир: Сургуулиудын бичиг цаасны ажлыг хөнгөвчилснөөр сургалтын чанар сайжирна

1597754217_60980715_10156424432984677_6845488278464888832_o

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа мэдээллийн технологийн “Том амжилт” компанийн ерөнхий захирал Ж.Шижирийг урьж боловсролын салбарт технологийн дэвшлийг ашиглах сэдвээр ярилцлаа. 

-Би багадаа сонин мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Хүн яагаад зүгээр л кино үзэж байгаа юм шиг, эсвэл хоол идэж байгаа юм зовохгүйгээр, төвөггүйгээр юм сурч болохгүй гэж. Яагаад заавал нэг ангид хичээлдээ сайн хэдэн хүүхэд, бусад нь муу байх ёстой юм. Кинон дээр гардаг даа нэг эм шиг юм уунгуут мундаг ухаантай, чадвартай болж хувираад байдаг. Тэрэн шиг хүн болгоныг эрдэм ухаанд сурахад туслах зүйлийг зохион бүтээнэ гэж мөрөөддөг хүүхэд байсан. Энэ мөрөөдөл өнөөдрийн миний үүсгэн байгуулсан “Amjilt.com” платформын суурийг тавьсан. Математикийн багш мэргэжлээр суралцаж төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байхдаа оюутнууд яагаад багш нарын лекцийг хэдэн арван дэвтэр дээр бичих ёстой юм бэ, эргээд нөгөө бичсэнээ ер нь уншдаг билүү гэж бодоод багш нарт зориулсан вэбсайт хийгээд хөгжүүлж эхэлсэн юм. Багш нар тэр сайтад лекцээ тэкст, аудио, видео хэлбэрээр оруулдаг, оюутан, сурагчид дахин дахин нөхөн үзэх сэргээх боломжтойгоор анх хийж байлаа. Энэ программаа хөгжүүлсээр байгаад өнөөдөр онлайн сургалтаас гадна learning management буюу сургуулийн дотоод үйл ажиллагааг бүхэлд нь зохион байгуулах боломжтой “Amjilt.com” платформ бий болсон. Манай компани их олон чиглэлээр ажилладаг. Энэхүү сургалтын систем бол үндсэн гол ажил гэж хэлж болно. Эхэндээ зөвхөн сургуулиуд, сургалтын төвүүдтэй хамтарч ажиллаж байтал ковид гарахаас өмнөхөн нэг компани ажилтнууддаа зориулсан сургалтуудад ашиглахаар худалдаж авах санал тавьсан. Би өөрийнхөө компани дээр хэрэгжүүлээгүй байсан зүйлийг өөр компани анзаараад санал тавиад ирсэн л дээ. Ингээд компаниудад зориулсан байдлаар хүртэл хөгжүүлж хамтран ажиллаж байгаа.

БЛИЦ

Жаргалсайханы Шижир
Боловсрол:
1994-2004 онд: Нийслэлийн 28-р бүрэн дунд сургууль
2004-2008 онд: МУБИС Математик багш
2008-2010 онд: МУБИС Матемитик багш магистр
Ажилласан байдал: 
2007.12.19 Amjilt.com үүсгэн байгуулав.
2008-2009 онд: Нийслэлийн 54-р сургуульд Математик багш.
2010 онд: Том-Амжилт ХХК-г байгуулав.
2012 онд: Амжилт Мэдээлэл Технологийн Академийг байгуулав.
2012 онд: Смарт электроникс ххк байгуулав.
2013 онд: Амжилт студийг байгуулав.
2014 онд: Амжилт онлайн дэлгүүрийг байгуулав.
2015 онд: Amjilt.news шинэчлэв.
2017 онд: Мора хүүхэлдэйн киног бүтээв.
2018 онд: Индра институт байгуулав.
2019 онд: Амжилт кибер сургууль ЕБС байгуулав.
2020 онд: Амжилт ЕРП-г байгуулав.
2020 онд: Зуузуугийн найзууд хүүхэлдэйн киног бүтээв.
ХЯНАЖ ЧАДАХГҮЙ БОЛ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ
Боловсролын цахим системийг илүү боловсронгуй болгох, технологийн дэвшлийг ашиглах, цаг үетэйгээ хөл нийлүүлэх зайлшгүй шаардлага байгааг цар тахал бидэнд харууллаа. Бидний зохион бүтээсэн системийн гол үйл ажиллагаа бол сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулахаас гадна сургуулийн дотоод үйл ажиллагааг маш хялбар, үр дүнтэй болгож өгсөн. Учир нь сургуулийн үйл ажиллагаа бол маш бичиг цаасны ажилтай байдаг. Компанийн үйл ажиллагаатай харьцуулахад сургууль нь маш олон үйлчлүүлэгчтэй байгууллага гэсэн үг. Багш ажилтнаасаа хэд дахин давсан оюутан сурагч үйлчлүүлнэ. Ресторанд очоод хоол идчихээд л гардаг бол сургуульд байнгын үйл ажиллагаа явагддаг. Ирц, дүн, төлбөр, багш эцэг эхийн харилцаа гээд асар их дата хэрэгтэй болдог. Тэр болгоныг програмчлалаар л шийдэхгүй бол журнал хөтлөх гэх мэтээр уламжлалт аргаар яваад байж болохгүй. Багш хичээлээ заахаас гадна бичиг цаасны ажилд асар их хугацаа зарцуулж байна, тэр хэрээр сургалтын чанарт нөлөөлж байна.
Сургуулийн дотоод үйл ажиллагааг маш гоё хялбарчлаад программд оруулаад өгчихөөр давуу тал олон байна. Жишээ хэлэхэд,танхимын сургалтаас гадна онлайнаар хичээлээ давхар оруулж болно. Тэр хичээлээ дахин дахин нөхөж үзэж болно, эсвэл мундаг хүүхдүүд нь хичээлээ түрүүлээд үзэж болно. Фэйсбүүк группд гэрийн даалгавраа оруулахад тэнд байгаа бүх хүн хардаг, түүнчлэн багшийн хувийн чат хэт их ачааллах гэх мэт асуудал ихтэй.
Харин энд зөвхөн багш харж, дүнгээ тавьж, хүсвэл эцэг эх нь танилцаж болно. Багштайгаа, бусад оюутан сурагчидтайгаа ойрхон харилцаа үүсгэж байна. Нэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, харьцуулж болж байна. Дээрээс нь сургуулийн дотоод үйл ажиллагааг програмчлаад өгөхөөр олон боломжууд бий болно. Жишээ нь сургуулийн захирал эсвэл менежер зөвхөн хүүхдийн нэрээр хайхад л бүх үзүүлэлт нь бүртгэлтэй байна. Хүүхдийг дангаар нь эсвэл ангиар нь гэх мэт хүссэн байдлаар анализ дүгнэлт хийж ажлынхаа үр дүнг мэдэж болно. Одоо ихэнх сургуулийн захирлууд багш нарынхаа сайн, мууг зөвхөн мэдрэмжээрээ л тодорхойлж байна. Уг нь ангийнхан нь тэгж сайжирсан байна, эцэг эх нь ийм үнэлгээ өгсөн байна гээд тоон үзүүлэлт байх ёстой юм. Тэгвэл багшийг үнэлэх үнэлэмж илүү тодорхой болно.
Эцэг эхчүүд хүүхдэдээ өдрийн хоолны мөнгө бэлнээр өгч явуулдаг. Аюултай арга ч гэсэн шийдэл нь олдохгүй өдий хүрсэн. Тэгвэл зөвхөн сургуулийнхаа апп-ыг ашиглаад цайны газартаа хооллох, цайны газар нь өдөрт хичээлдээ ирсэн хүүхдүүдийнхээ тоогоор хоолоо бэлдэх, багш нар хүүхдүүдээ  систем рүүгээ ороод ирцийг нь бүртгэчихдэг, эцэг эх нь хүсвэл давхар хяначихдаг, сургуулийн автобус, номын сангийн үйлчилгээ гээд программаар бүгдийг нь хялбархан шийдчихэж болно. Энэ бүх хялбар үйлдлүүд нь багш, эцэг эхэд, сурагчдад огт төвөгтэй биш. Хичээл заахын хажуугаар нэг юм ажиллуулна гээд төвөгшөөгөөд байдаг. Гэтэл бид фэйсбүүк хэрэглэхийг өөртөө ажил дарамт болгож боддоггүй биз дээ. Яг түүн шиг хэрэглээнд нэвтрүүлчихвэл боловсролын системийн өдөр тутмын ажиллагаа маш хөнгөрч үр дүнтэй болох байдлаар шийдэж өгсөн юм.
Уг нь гадны том байгууллагууд болон манайд ч гэсэн томоохон компаниуд дотоод үйл ажиллагаандаа ийм системийг өргөн ашигладаг болсон. Харин  сургуулиуд энэ систем рүү шилжихгүй байна. Яагаад гэхээр захирлууд нь чухалчилж хандахгүй байна. Төрийн байгууллага дээр ч гэсэн авилгагүй, шинэ данс гэх мэт мундаг юм яриад ч байгаа ч түүнийгээ програмчилж хийхгүй байна. Хянаж чадахгүй бол удирдаж чадахгүй гэсэн үг бизнест байдаг. Уламжлалтаараа эксел дээр ч юм уу цаасан дээрээ яваад байвал ямар ч үр дүнг дүгнэж чадахгүй хэвээр л байна.
Түүнчлэн маш олон сургалтын төв  энэ системд нэгдсэн. Тус тусдаа вэбсайт ажилуулж, фэйсбүүк хөтлөх шаарлагагүй. Хэн ч хүсвэл манай платформыг ашиглаад сургалтын төвөө нээж болно. Ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургууль бол хуулиараа 100 хувь онлайн байж болохгүй, харин сургалтын төвүүдийн хувьд онлайн сургалт тохиромжтой байдаг. Үргэлж танхимд хичээллэх боломжгүй хүмүүсийн хувьд ч хамгийн шилдэг хувилбар. Харин сургалтыг үр дүнтэй байлгах тохиргоонуудыг хийж болно. Жишээ нь эхний бүлэг хичээлээ үзсэний дараа шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд дараагийн бүлэг хичээл нь нээгдэх гэх мэтээр. Энэ мэтчилэн маш олон сургалтын төв “Амжилт” платформод нэгдсэн байгаа.
БИ ЗӨВХӨН МОНГОЛД БИШ ДЭЛХИЙД ГАРАХ АМБИЦТАЙ
-“Ковид-19” гэсэн давагдашгүй хүчин зүйл бидний амьдралын арга барилыг өөрчилж өглөө шүү дээ. Тиймээс эсэргүүцээд байх боломжгүй болсон. Технологийн хөгжлийг аль болох хурдан эзэмшээд гаршаад амархан аргаар хэрэглээд явах ёстой. Бид тэртэй тэргүй хөгжил дорой гэдэг ч юм уу, эсвэл онлайн сургалт нь танхимын сургалтаас сул гэх мэт шалтаг хэлэхгүйгээр хамгийн сайн системийг хэрэглээд үр дүнгээ сайжруулаад явах ёстой. Мэдээж олон жил ашигласан уламжлалт аргыг шинэчлэх хэцүү. Гэхдээ үүнтэй эвлэрээд яваад байж болохгүй цаг үе ирлээ.
Манайх шиг улсуудад энэхүү цахим шилжилт алгуур удаан байсан бол ковидоос болоод асар хурдацтай болчихлоо. Хөгжил биднээс үүнийг шаардаж байна. Тиймээс хүлээх шаардлагагүй.
Манайхтай хөгжил ойролцоо орнууд ковидын үед яаж байна, манайх шиг систем байна уу, яаж ажиллаж байна, өндөр хөгжилтэй орнууд нь ямар арга хэмжээ авч байна гээд бид байнга судалдаг. Зарим хөгжилтэй орнууд программ тал руугаа биш техник тал руугаа их сайн хөгжүүлсэн байдаг. Хүүхэд болгон өөрсдийн нөүтбүүк, таблеттай байдаг ч юм уу, тэр тал руугаа илүү хөгжүүлчихсөн. Харин програмчлалаар гоё шийдээд , онлайн хичээлээ маш сайнаар хөгжүүлчихсэн зүйл харагдахгүй байна. Харин өөрсдийн системээ маш сайн хэрэглээд сурчихсан улсууд бас байна. Юу хэлэх гээд байна гэхээр яг манайхтай ижилхэн хэрнээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн систем байхгүй байгаа. Хайлтын систем гэхэд гүүгл, худалдааных алибаба, амазон, олон нийтийн твиттер, фэйсбүүк гэж дэлхий даяар ашигладаг платформууд байдаг шиг  боловсролын гээд нэрлэх гэхээр яг онцгой систем байхгүй байна. Ирээдүйд Америкийн, Африкийн, дэлхийн аль ч улсаас “Amjilt”-системийг хэрэглэдэг болох холын амбиц надад бий.
Би сүүлийн арван жил тасралтгүй энэ зүйлийн төлөө хөдөлмөрлөсөн. Их олон бэрхшээлийг даван туулсан. Хамгийн хэцүү нь би өөрөө энэ том системийг удирдаж үзээгүй, хийх явцдаа сурч хөгжсөөр байгаа. Манай программистууд, ажилтнууд маань ч үргэлж шинийг эрэлхийлж суралцсаар байгаа.
Амжилт 2.0 сургалтын системийг үр дүнтэй болгож монгол хүнийг үр дүнтэй, сонирхолтой байдлаар сургахын төлөө хийсэн бүхэн өнөөдрийн “Том амжилт” компанийг бий болгосон.
Дээр хэлсэнчлэн математикийн багш мэргэжилтэй би багшилж байх хугацаандаа хүний сурах үйл явцад тулгардаг бэрхшээлүүдийг судалж үзээд дараах дүгнэлтэд хүрсэн юм. Хүн бүр сурах чадвартай. Харин хүн бүрт тохирсон сургалтын арга зүй л хэрэгтэй гэж. Арван жилийн өмнө би үүнийг олж хараад ажлаа эхлүүлж байлаа.
Тиймээс чиний өнөөдрийн байгаа амьдралын төвшин, амжилтын хэмжүүр бол өчигдөр хийсний чинь үр дүн. Арван давхар байшин барих ажил нэг тоосго өрөхөөс эхэлдэг. Хэдэн мянган тоосгыг зөөж, нэг нэгээр нь өрж байж чиний амжилт хэмээх байшин сүндэрлэдэг. Байшингаа бариад дуусчихсан уу гээд яг одоо өөрөөсөө асуугаад үзээрэй. Бодож төлөвлөсөн тэр амжилтдаа хүрсэн үү гээд нэг удаа эрэгцүүлээд бодоорой.
Эх сурвалж: Зууны мэдээ

URL: