Цагаан хаданд нас барсан жолоочийн төрсөн ах Х.Үүрцайх: Эмийн санд даралтыг нь үзүүлэх гээд очиход өнгөрчихсөн байсан юм билээ

117803578_233706577833192_5842598459931635416_n

Өмнөговь аймгийн Цагаан хад суурин буюу Гаалийн хяналтын бүсийн орчимд БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг 39 настай, эрэгтэй жолооч өндөр халуурсан байдалтай нас барсан тухай мэдээлэл гарсан. Тэгвэл уг хэргийн талаар талийгаачийн төрсөн ах Х.Үүрцайхаас тодрууллаа.

-Талийгаач аль нутгийн хүн бэ. Бие нь тавгүй байгаа тухай гэр бүлийнхэндээ ярьж байв уу? 
-Говь-Алтай аймгийн Дарви сумынх. Нас барахаасаа хоёр, гурав хоногийн өмнө гэр бүлийн хүнтэйгээ ярихдаа “Миний цээжээр өвдөөд байна” гэж хэлсэн гэсэн. Тэгээд эхнэр нь эм, тариа өгч явуулсан юм. Эм, тариа өгч явуулсныхаа дараа эхнэр, хүүхдүүд, хадам ээж, хоёр баз нь Ханбогдод очиход эмнэлгийн моорогт цогцос нь байсан юм билээ. Би Говь-Алтайгаас очиж амжаагүй.

Тэгэхэд талийгаач болон хамт байсан гурван залуугаас коронавирусийн шинжилгээ авч, цогцост нь задлан шинжилгээ хийсэн. Коронавирусийн улмаас нас барсан байж магадгүй гэж үзсэн учраас ойр орчимд нь цагдаагийн хамгаалалт гаргасан гэж байна лээ. Задлан шинжилгээгээр коронавирустэй холбоогүй, зүрхнийх нь гол судас бөглөрч, хавхлага нь хаагдаж, нас барсныг тогтоосон. Коронавирусийн халдвар байхгүй учраас цогцосыг нь Улаанбаатар руу авчирсан юм. Хэрвээ коронавирусийн улмаас нас барсан бол бид цогцосыг нь ч  харж чадахгүй юм билээ.

-Талийгаачийн зүрх нь өвддөг байсан юм уу?
-Зүрх нь өвдөөд байсан юм билээ. Эхнэр, хүүхэд нь зүрхний эм, тариа өгч явуулсныг хэрэглэж чадаагүй, машинынх нь кабин дотор байсан гэсэн. Хэн ч тэр эм тариаг нь хийж өгөх вэ дээ. Цагаан хадны тэнд эмч, сувилагч байдаггүй. Үндсэндээ хэдэн жолооч л байдаг юм билээ. Хорио цээр тогтоосон энэ үед ачаагаа зөөж ирээд, машиныхаа кабинд байж байдаг. Хоол унд, тамхи, тариаг нь гаднаас дөхүүлж өгдөг бололтой юм.

-Ажлынхаа талаар хүнд, хэцүү байна гэж ярьж байв уу. Талийгаач хэдэн жил жолоочоор ажилласан юм  бэ?
-Ах нь сайн мэдсэнгүй. Лав хоёр, гурван жил ажилласан байх. Ажил төрөл хүнд, хэцүү байна гэж ярьж байгаагүй. Бид хэд ч ингэнэ гэж санаагүй болохоор машин тэрэг нь гайгүй юу, яаж байна, халуун байна уу л гэж асуудаг байлаа. “Бие нь гайгүй юу” гэж асууж байгаагүй дээ. Хамгийн сүүлд би наймдугаар сарын 6-нд утсаар ярьсан. Тэгэхэд “Би Цагаан хадны энд хоол идэж байна. Хил гааль сайн татахгүй байна” гэж байсан. Машин тэргийг нь засах тухай бичиг баримт, карт байдаг юм шиг байна лээ. “Машиных нь бичиг баримт зөрчилтэй гээд хилээр орж ирж чадахгүй байсан жолоочийн нэг нь би” гэж ярьж байсан юм. Машин тэрэг нь зөрчилтэй байсан юм байлгүй дээ. Уг нь өдөртөө гараад, орж ирдэг юм.

-Өдөр бүр хилээр гараад, орж ирдэг байсан уу. Хилээр гарсны дараа машинаасаа бууж болдоггүй. Гэхдээ хамгаалалтын хувцас өмсдөг байсан юм болов уу?
-Өдөр болгон орохгүй. Дарааллынхаа дагуу урд нь хэдэн машин байна, араас нь явсаар хилийн зурвас бүс рүү орж, өдөртөө гарч ирдэг. Урд нь 200, 300 тэрэг байвал яг араас нь явсаар цуваагаараа орж, гардаг юм билээ. Хилээр гараад машинаасаа буудаггүй. “Нүүрснийх нь талбай дээр очдог. Бид машин тэрэгнээсээ буудаггүй, бүтээлгийг нь татаад, өгчихдөг. Уг нь бидэнд зовж зүдрэх зүйл байхгүй” гэж ярьж байсан.

-Ачаа тээвэрт явж байхад нь таны санаа зовж байв уу. Талийгаач Цагаан хаданд очоод хэр удсан юм бэ?
-Тэгэлгүй яах вэ. Энд халуун байхаар нь бороо орж байна уу гэж асуудаг байлаа. “Энд ер бороо ордоггүй, халуун байдаг” гэж байсан. Хадам аав, ээж, эхнэр, хүүхэд нь очоод ирэхдээ “Их халуун газар байна. Ачаагаа ачаад л нарны өөдөөс хараад зогсчихдаг юм байна” гэж байсан. Цагаан хаданд очоод хоёр, гурван сар болсон байх. Эхнэр, гурван хүүхэд нь манайхнаар ирэхдээ “Наадмын орой гэртээ ирээгүй” гэж байсан. Уг нь наадмаар тав хоног амарсан ч бүх жолооч машин дотроо хориотой байсан юм билээ.

-Хэзээ, хаана байхдаа нас барсан юм бол?
-Наймдугаар сарын 7-нд нас барсан. Монголд л байсан юм билээ. Ойр орчимд нь гурван жолооч байсан гэсэн. Хоёр найздаа “Миний бие тав муутай” байна гэж хэлэхэд нь тэд жижиг тэргэнд суулгаад эмийн сан руу дөхсөн гэнэ лээ. Бид дам сураг л сонсож байна. Тэр хавьд эмнэлэг байхгүй болохоор эмийн санд даралтыг нь үзүүлэх гээд очиход өнгөрчихсөн байсан юм билээ. Тэгээд Ханбогдын эмнэлэгт авчирч, коронавирусийн шинжилгээ авсан. Мөн хамт байсан хүмүүсээс нь байцаалт авсан гэсэн. Ингээд задлангийн эмч зүрх нь хаагдсныг тогтоосон гэсэн. Ажил явдал нь дуусаж, 61-ийн гарамны энд хөдөөлүүллээ.

 


URL: