Монгол шинэ хүйтэн дайны төвд оршиж байна

712-1597733365712-1542168136olloo_mn_1494213696_uih

ХОНКОНГ. /Scmp/. Нэг бус хоёр удаагийн хүйтэн дайны үеийг их гүрнүүдийн дунд хавчигдан өнгөрүүлсэн Монгол Улс гурав дахь удаагаа ийм гашуун туршлагыг амсахыг хүсэхгүй байх нь ойлгомжтой.

3.3 сая хүн амтай, далайд гарцгүй Монгол Улс нь геополитикийн хүчирхэг зуучлагч гэж харагдахгүй байж болох ч Евразид нөлөөгөө тогтоох зорилготой АНУ, ОХУ, БНХАУ гэсэн гурван хүчний хоорондох дайны төвд оршиж байгаа нь үнэн юм. Үүнийг өнгөрсөн сард Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн болоход дэмжлэг үзүүлнэ гэсэн ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргуловын санал тодотгож өгсөн хэдий ч тэрбээр даруй “Монгол найзуудынхаа сонголтод нөлөөлөх хүсэл эрмэлзэл бидэнд байхгүй” гэж хэлсэн юм.
Олон жилийн өмнө Монгол Улс Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын холбоонд элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, улмаар 2004 онд “ажиглагч”-ийн статустай болж чадсан. Харин үүнийг шинжээчид АНУ болон БНХАУ-ын хурцадмал харилцаанд Монгол төвийг сахисан байр суурьтай байх хүсэлтэй байгаа бөгөөд энэ нь ШХАБ-ын зорилгыг хөсөр хаяж байгаа гэсэн үг хэмээн дүгнэсэн юм.
Үүний зэрэгцээ Өрнөдийн орнуудыг эсэргүүцэж, гол төлөв аюулгүй байдлын асуудалд анхаарал хандуулдаг гэх шүүмжлэлд тогтмол өртдөг ийм холбоонд Монгол хэт ойртохоос эмээж байна гэж шинжээчид үзэж байна.
“Монголчууд хуучин хүйтэн дайнтай адил геополитикийн асуудалд оролцохыг хүсдэггүй. БНХАУ-ЗХУ, АНУ-ЗХУ гэсэн давхар хүйтэн дайны хөлд нэрвэгдэж байсан туршлага одоо ч мартагдаагүй” гэж Канадын Ази-Номхон далайн санд дипломын дараах судалгааны ажлаа хийж буй Ж.Мэндээ хэлэв.
Хүйтэн дайны үед Монгол Улс нь ЗХУ-ын дагуул улс байсан бөгөөд 1987 онд дипломат харилцаа тогтоох хүртлээ АНУ-тай бараг л харилцаагүй шахуу байсан. Үүний нэгэн адилаар 1960-аад онд коммунист хөдөлгөөний эв нэгдэл, захиргаа Монгол болон БНХАУ-ын харилцаанд нөлөөлж эхэлснээс үүдэн БНХАУ-ЗХУ-ын хооронд үзэл суртлын маргаан дэгджээ. Дээр дурдсан хоёр үзэл суртлын дайны үед Монгол Улс бусад орнуудтай бараг харилцаагүйн дээр үүнийгээ хянах ч боломжгүй байсан.
Монгол энэхүү туршлагадаа тулгуурлан өнөөгийн дипломат харилцаагаа явуулж, өөрийн гэсэн харилцааг тогтоохоор хатуу тэмцэж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, Өрнөдийн орнуудтай харилцааг нь муутгах холбоонд нэгдэх асуудлыг Монгол Улс нухацтай тунгааж байгаа ажээ.
2001 онд зарлаад дараа жил нь байгуулагдсан ШХАБ эхэндээ БНХАУ, ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан гэсэн гишүүнтэй байсан бол 2017 онд Энэтхэг, Пакистаныг эгнээндээ нэгтгэсэн юм. Тус эвсэл Афганистан, Беларусь, Иран, Монгол гэсэн 4 ажиглагч, Армен, Азербайжан, Камбож, Балба, Шри Ланка, Турк гэсэн яриа хэлэлцээний 6 түнштэй.
ШХАБ террорист халдлага болон бусад заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах зорилготой цэргийн сургуулилт тогтмол хийдгээс гадна гишүүн орнууд нь хар тамхины хууль бус наймаа, цахим халдлагатай тэмцэх чиглэлд хамтран ажилладаг.
ШХАБ-ын Өрнөдийн эсрэг байр суурийг харгалзан үзвэл Монгол Улс ОХУ-ын урилгад яаран хариу өгөхгүй байх гэж Ж.Мэндээ хэллээ.
ОХУ-ын чиг хандлага?
“Энэ жил ОХУ ШХАБ-ыг даргалж эхэлснээсээ хойш Монголыг чиглэсэн үйл ажиллагаагаа нэмэгдүүлсэн. Тиймээс зарим амбицтай санаачилгууд чухал ач холбогдолтой” гэж ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны институцийн дэргэдэх Олон улсын аюулгүй байдлын төвийн судлаач Дмитрий Стефанович хэлэв.
Монгол Улс ОХУ-аас цэргийн зэвсэглэл авч, хамтарсан цэргийн сургуулилтад хийдэг тул ОХУ Монголыг ШХАБ-д оруулах хүсэлтэй байсан. Жишээ нь 2008 оноос хойш жил бүр болж байгаа Сэлэнгэ цэргийн сургуулилт байна гэж Стефанович хэллээ.
Мөн тэрбээр, Монгол дахь ОХУ-ын нөлөө нь АНУ болон БНХАУ-ын нөлөөг эсэргүүцэх зарчимтай байдаг гэв.
Гэвч Лондоны Эзэн хааны үйлчилгээний нэгдсэн институцийн судлаач Рафаэлло Пантучигийн үзэж буйгаар, ОХУ-д анхаарал хандуулах өөр нэгэн асуудал байсан нь Ираныг ШХАБ-ын гишүүнээр элсүүлж, эвслийн хүрээг тэлэх явдал байсан ажээ.
“Уг зорилго нь ШХАБ-ыг өргөжүүлэх гэсэн ОХУ-ын ерөнхий хандлагыг харуулж байна. Мөн энэ нь тус эвсэл дэх БНХАУ-ын нөлөө, хүчийг сулруулах арга зам юм” гэж Пантучи дүгнэв.
Гуравдагч хөршийн бодлого
“16 жилийн турш ажиглагчийн статустай явсан Монгол ОХУ-ын саналд яаран хариу өгөхгүй байгаа нь тийм ч гайхаад байх зүйл биш. ШХАБ-ын гишүүн болох асуудалд Монгол Улс чимээгүй байгаа нь тус улсын гуравдагч хөршийн бодлоготой холбоотой. Уг бодлого нь Монголын хувьд Өрнөдийн ардчилсан, хөгжингүй орнуудтай хамтын ажиллагаа өрнүүлэх үндэс нь юм” гэж БНХАУ-ын Чархар институцийн судлаач Вань Жианжунь хэлжээ.
Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын гол зорилго нь ОХУ болон БНХАУ-аас бусад орнуудтай харилцаа тогтоох явдал юм. Одоогийн байдлаар Монголын гуравдагч хөршүүдэд АНУ, Япон, Еюропын Холбоо, Энэтхэг, БНСУ багтаж байна.
Ц.Элбэгдорж Монголын Ерөнхийлөгч байх үед энэ бодлого идэвхэжсэн нь ШХАБ-ын гишүүн болоогүйд нөлөөлсөн гэдгийг Вань Жианжунь дурдав.
Харин Жон Хопкинсийн их сургуулийн Олон улсын дэвшилтэт судалгааны сургуулийн багш Алисия Кампигийн үзэж байгаагаар, ШХАБ-д хэлэлцдэг асуудлууд Монгол Улсад бараг ач холбогдолгүй эсвэл олон улсын бусад форумын үеэр хэлэлцдэг асуудлууд байдаг учир Монгол цаашид уг эвсэлд ажиглагчийн байр сууриараа байх хүсэлтэй байгаа ажээ.
Мэдээж хэрэг Монгол Улс дэлхий дахин болон бүс нутгийн терроризм, хэт давруу үзлийн эсрэг зогсох хэдий ч эдгээрээс бусад олон асуудалд БНХАУ болон ОХУ хамтын ажиллагаатай /ШХАБ-ын хүрээнд/ бөгөөд ийм төрлийн хамтын ажиллагаа нь Хойд Америк, Европ, Ази дахь түншлэлийн харилцаанд нь асуудал үүсгэнэ гэдгийг Монгол мэддэг, хүлээн зөвшөөрдөг гэж тэрбээр нэмж хэлэв.
“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүс нутгийн байгууллагад нэгдэх хүсэлтэй байсан боловч олон нийт эсрэг бодолтой байв. Учир нь ШХАБ-ын гишүүн орнуудын дийлэнх хувийг эзлэх авторитар дэглэмтэй орнуудаас Монгол Улс ялгаатай” хэмээн Пантучи хэллээ.
ШХАБ-ын гишүүн боллоо гэхэд дэлхий дахинд хэрхэн харагдах бол гэсэн айдас, мөн Москва, Бээжинтэй байнгын төвөгтэй байдаг харилцаа нь юу болж хувирах вэ гэдгээс болж Монгол Улс ШХАБ-ын гишүүн болохоос бага зэрэг болгоомжилж байна гэж Пантучи хувьдаа дүгнэж байгаагаа илэрхийлэв. Дэлхийн нийт хүн амын тэн хагас, Евразийн тавны гурвыг хамарсан байдлыг нь харгалзан ШХАБ-ыг бүс нутгийн хамгийн том байгууллага гэж үздэг.
Иран, Саудын Араб, Бахрейн, Катар тус эвсэлд гишүүнээр элсэх албан ёсны хүсэлтээ гаргаад байгаа бол Египет, Сири, Бангладеш ажиглагчаар орох хүсэлтээ өгчээ. Харин Израиль, Мальдив, Украин, Ирак яриа хэлэлцээний түнш болох хүсэлт гаргасан байна.
БНХАУ-ын чиг хандлага?
ОХУ, БНХАУ хоёр Өрнөдийг чиглэсэн хандлага болоод арын хашаанд нь ардчиллыг хөгжүүлэгч эсвэл асуудалд нь хөндлөнгөөс оролцох Өрнөдийн бааз болон хувирч магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэн Монголыг ШХАБ-ын гишүүн болгох хүсэлтэй байгаа. Үүний зэрэгцээ Москва, Бээжин хоёр ШХАБ-ыг өнгөт хувьсгалыг тогтоож, терроризмыг юу бий болгодог вэ гэдэгт чиглэсэн өөрсдийн хандлага, үзэл баримтлалаа бэхжүүлэх хэрэгсэл хэмээн хардаг гэж Пантучи хэлэв.
Х.Баттулга Ерөнхийлөгч болсноос хойш түүнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинь ШХАБ-тай харилцаагаа нэмэгдүүлэхийг уриалсан байна.
БНХАУ-Монгол-ОХУ-ын Эдийн засгийн коридорыг хамтран хөгжүүлэхээр гурван хөрш тохиролцсонтой холбоотойгоор ШХАБ дахь Монголын оролцоог нэмэгдүүлэх сонирхол бий болсон гэдгийг Вань хэлэв. Харин Монгол Улс дэд бүтцийн бүтээн байгуулалт, эх үүсвэр эрчим хүчний хөгжил, санхүүгээс эхлээд байгаль орчныг хамгаалах гээд олон салбарыг хамарсан энэхүү төслийг далайд гарцгүй гэдэг томоохон саад тотгороо даван туулах арга зам хэмжээ үздэг.
БНХАУ-аас Узбекистанд суух Элчин сайдаар ажиллаж байсан Юү Хонжуний уг төслийн талаарх нийтлэлдээ, энэ төслийг хэрэгжүүлэхэд гурван орон хөгжлийн стратегиа илүү нягт холбох ёстой гэж бичжээ.
АНУ-ын зовнил
“Хэрвээ Монгол Улс ШХАБ-ын гишүүн болбол тус улс дахь ардчиллын хэм хэмжээ алдагдана гэдэгт АНУ санаа зовниж буй нь эргэлзээгүй. Вашингтон угаасаа ШХАБ-д тэгж их анхаарал хандуулж байгаагүй бөгөөд тус эвслийг сул байгууллага хэмээн хардаг. Гэвч АНУ-ын ингэж дүгнэсэн нь буруу байсан. Учир нь ШХАБ БНХАУ-д бүс нутагтаа харилцаа тогтоох боломжийг олгосон. Евразийн бүс нутаг даяар БНХАУ-ын нөлөө, харилцааг тогтоох форумыг ШХАБ бий болгосон. Үүнийг одоогийн АНУ-БНХАУ-ын маргаанаас харж болно. Хэрэв Монгол Улс ШХАБ-д нэгдвэл АНУ-ын хувьд цэвэр ялагдал болох магадлалтай” гэж Пантучи хэллээ.
Харин Алисия Кампигийн үзэж буйгаар, Монгол Улс хөршүүдтэйгээ хүчирхэг харилцаатай байх ёстой гэдгийг АНУ ойлгосон, тиймээс ч БНХАУ-Монгол-ОХУ-ын Эдийн засгийн коридорыг АНУ эсэргүүцээгүй. Энэ бол газар зүйн байрлалын бодит байдлыг харуулсан маргаангүй жишээ ажээ.
Гэсэн хэдий ч АНУ Монголыг бусад орнууд тэр дундаа, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг, цаашлаад дэлхий даяарх ардчилсан орнуудтай улс төр, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж, хадгалж үлдэхийг хүсдэг хэмээн Кампи хэллээ.
Евразийг дамнасан дэд бүтцийг хөгжүүлэх цаашлаад бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцыг бий болгох БНХАУ-ын Бүс ба Зам санаачилгын хүрээнд ШХАБ-ын нөлөө улам бүр тэлж байна гэж зарим шинжээчид үздэг. Харин зарим нь ШХАБ-д Ойрхи Дорнодын орнууд нэгдвэл тус байгууллага нэг өдөр АНУ-ын гадаад бодлогын нөлөөтэй өрсөлдөх боломжтой болно гэж үзэж байна. /Нийтлэлийг “South morning china post” сонины сэтгүүлч Мариа Сиоу бичжээ/
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL: