Гайхалтай, тэсвэртэй мазаалайг аварцгаая
Монголын их говийн гайхамшиг болсон мазаалайн тухай Их Британийн хэвлэлд онцолжээ. Дэлхийн хамгийн эрс тэс уур амьсгалтай нутагт амьдардаг говийн баавгай тэсэж үлдэхийн төлөө тэмцэж байна. Их говийн дархан цаазат газарт ойролцоогоор 40 орчим мазаалай амьдардаг. Цөлийн амьдралд дасан зохицсон цорын ганц баавгайн төрөл зүйл болох мазаалайнууд уураг ихтэй булцууны үндсээр хооллодог. “Ursus arctos gobiensis” гэх шинжлэх ухааны нэршилтэй мазаалайг хамгаалах аяныг Монголд олон нийтийн болон Засгийн газрын дэмжлэгтэйгээр өрнүүлж байна. Дэлхийд ховор энэ амьтны тоо толгой 2014 онд ердөө 29 байсан юм. Хэдхэн жилийн хугацаанд өсөж үржсэн нь эрдэмтэн судлаачдын гавьяа ажээ. “Говийн баавгай” төслийн биологич Харри Рейнолдс “Мазаалайн амьдрах орчныг хамгаалахад Засгийн газраас анхаарч байгаа. Манай төсөлд 40 гаруй хүн ажилладаг. Одоо жилд нэг эсвэл хоёр бамбарууш төрдөг. Мазаалай баавгай амьдралын өвөрмөц хэв маягтай.
Манай гаргийн хамгийн эрс тэс уур амьсгалтай орчинд дасан зохицох чадварынхаа ачаар тэсэж үлдсэн мазаалайг аварцгаая. Говийн баавгайн тоо толгойг 100-д хүргэхийг хүсэж байна. Энэ амьтан бол говийн экосистемийн чухал хэсэг. Хэрвээ устаж үгүй болбол Монголын төдийгүй дэлхийн байгаль орчинд хохирол учирна” гэжээ.
Эрдэмтэд амьтдын амьдрах орчны зураглалыг тогтоохдоо хүзүүвч ашиглах нь нийтлэг. Хүзүүвчний мэдээлэлд үндэслэн мазаалайнууд Алтайн нурууны гурван уулыг хэрэн амьдардгийг тогтоосон. Тэдгээр өндөрлөг газар нь 40-60 миль эзгүй цөл шороогоор тусгаарлагдсан ба хэд хэдэн баянбүрдтэй аж.
URL: