ЭМЯ: Халдвар авсан хоёр хүн эдгэрч, нэг жирэмсэн эх амаржлаа

Эрүүл-мэндийн-яам-корона-мэдээлэл-9

ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж,  21.8 сая хүн өвчилж, 781 мянган хүн нас барж, 14 сая гаруй хүн эдгэрээд байна.  24 цагийн хугацаанд 267 мянган хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн энджээ.  Манай хөрш ОХУ-д 24 цагийн хугацаанд 4892 хүн өвчилж, 55 хүн нас баржээ.  Сүүлийн сар гаруйн хугацаанд Японд өвчлөл эрс нэмэгдсэн. 24 цагийн хугацаанд 644 хүн өвчилж, 22 хүн нас барсан байна. Өвчлөлийн тохиолдол багассан ч нас баралт нэмэгдэж байгаа юм” хэмээлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Тусгаарлан ажиглах байранд хүмүүсийг тусгаарлаж эхэлснээс хойш нийтдээ 18901 хүн орсон байна. Харин одоогийн байдлаар 3345 хүн тусгаарлагдаж байгаа.  Тусгаарлах ажиглах байранд 237 эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 46046 хүний сорьцыг шинжилсэн. Цэргийн төв эмнэлэгт 74 иргэн байна. Нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа. Харин 18 иргэний биеийн байдал хүнд буюу хүндэвтэр байна.  ХӨСҮТ-д тусгаарлан ажиглалт эхэлснээс хойш нийтдээ 10 эх амаржсан.  Өнгөрсөн долоо хоногт 3.7 грамм охин мэндэлсэн. Өчигдөр мөн нэг хүү мэндэлсэн.

Гадаадаас орж ирж байгаа иргэд өөрсдийнхөө эрүүл мэндийн байдлыг өргөдөл, хүсэлтдээ дурьдаж байгаарай гэж хүсье. Тэгэхгүй болохоор зочид буудлаас эмнэлэг рүү шилжихээс авахуулаад хүндрэл үүсэж байгаа шүү” хэмээлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  ”2020 оны наймдугаар сарын 17-ны өдөр ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийт 586 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй.  Долдугаар сарын 28-ны өдөр Сөүлээс ирсэн 258, наймдугаар сарын 11-ний өдөр Прагаас ирсэн  248 хүний давтан шинжилгээг хийсэн. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3, сувилалд байгаа 3 хүний давтан шинжилгээг хийсэн.  Бүгдэд нь коронавирус илрээгүй.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс 2 хүн эдгэрч гарлаа. 27, 28 настай эрэгтэй хүмүүс байгаа юм. Ингээд батлагдсан тохиолдол 298, эдгэрсэн 278 хүн байна. Одоо ХӨСҮТ-д 20 хүн эмчлүүлж байна. 18 хүний биеийн байдал хөнгөн. 2 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа. Өнөөдөр өглөө тусгаарлалтад байсан эмэгтэй төрсөн” хэмээлээ.


URL: