Агаарын температур хамгийн өндөр хэмд хүрснийг бүртгэжээ
ЛОНДОН. /BBC/. Дэлхий дээр урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй хамгийн өндөр температур Калифорни муж улсын “Үхлийн хөндий” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүртгэгдсэн тухай АНУ-ын цаг уурын алба мэдээлжээ. Ням гарагт тэнд агаарын температур 54.4 хэмд хүрч халсан байна.
Өмнө нь буюу 2013 онд мөн л энэ газарт агаарын температур хамгийн өндөр хэмд хүрч байжээ. Аагим халуун АНУ-ын Баруун эрэгт дахин долоо хоног үргэлжилж, бүр ч халуун болж магадгүй байна. Өнгөрсөн бямба, ням гаргуудад Калифорни муж улсад хэт халсны улмаас цахилгаан станцад осол гарч, цахилгаан тасалджээ.
1913 оны зун Үхлийн хөндийд агаарын температур үүнээс ч илүү өндөр хэмд буюу 56.6 хэмд хүрч халж байжээ. Гэсэн ч орчин үеийн цаг уурчид зуун жилийн өмнөх хэмжилтийг үнэн зөв гаргасан эсэхэд эргэлздэг байна. 2016 онд энэ асуудлыг судалж байсан түүхч Кристофер Берт бараг 57 хэмд хүрч байсан тухай мэдээлэл нь тухайн бүс нутагт нэгэн зэрэг цуглуулсан бусад мэдээлэлтэй нийцэхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байжээ.
Эх сурвалжуудад мэдээлснээр, хамгийн өндөр хэм бүртгэгдсэн өөр нэг тохиолдол нь Тунист 1931 онд болжээ. Тухайн үед Тунист агаарын температур 55 хэмд хүрсэн гэдэг ч колончлолын үед байсан Африкт олж авсан мэдээллийг зуун хувь найдвартай гэж үзээгүй байна.
URL: