Х.Нямбаатар: “Өдрийн зээлийг хориглож, ломбардуудыг бүртгэлжүүлэн мөнгөний эх үүсвэрийг баталгаатай болгох хэрэгтэй”
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2020.08.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр үндсэндээ дуусаж, УИХ-аар хэлэлцэхээр өргөн барьсан. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажлаа гурван бодлогын баримт, бичигт тусгасан. Эдийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх уриатай шүүх, эрүүгийн хэрэг, хувийн эрх зүйн шинэтгэл болон бусад гэсэн шинэчлэлийг хийнэ.
ХЗДХ-ийн яамнаас хууль, эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр 11 зорилтыг тусгаж, эдгээр зорилтыг хэрэгжүүлэхээр 34 хуулийн төсөл, 1 хөтөлбөрийг боловсруулж, батлуулахаар тусгасан юм.
Иргэд хоорондын зээл болон барьцаалан зээлдүүлэх, мөнгө хүүлэхтэй тэмцэх талаар өнөөдрийг хүртэл ярьж ирсэн ч ажил хэрэг болоогүй удаж байна. Иймд энэ шинэтгэлийг хийхийн тулд өдрийн зээлийг хориглож, ломбардуудыг бүртгэлжүүлэн мөнгөний эх үүсвэрийг баталгаатай болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй” гэж хэлэв.
Түүнчлэн шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд иргэдийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө шүүхээр хамгаалуулах эрхийг улам бүр баталгаажуулах үүднээс хараат бус бие даасан, мэргэшсэн, хариуцлагатай шүүх эрх мэдлийг бэхжүүлэх зорилгоор шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах юм байна.
URL: