УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар С.Амарсайханыг сонгов

5f3a34c4cbd7bУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, ээлжит бус чуулганаар хэлэлцэх дөрвөн том асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргажээ.

Тодруулбал, нэгдүгээрт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, хоёрдугаарт, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл, гуравдугаарт, 2020 оны улсын нэгдсэн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тодотголын асуудал, дөрөвдүгээрт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулыг төслийг хэлэлцжээ.

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын баг гаргахаар шийдвэрлэж УИХ-ын гишүүн ТББХ-ны дарга Л.Энх-Амгалангаар ахлуулахаар болсон байна.  Харин Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулах ажлын багийг УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ж.Ганбаатараар ахлуулахаар боллоо. Мөн Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголын асуудлаар Б.Жавхлангаар ахлуулсан ажлын баг гаргасан. Дээрх гурван ажлын баг хэлэлцүүлгийн явцад бүлгийн гишүүдийн саналыг төсөлд тусгаад явахаар тогтсон хэмээн УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийг Д.Тогтохсүрэн нарын 9 гишүүн өмнөх парламентын үед өргөн барьж, хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөгийн парламент уг төслийг ээлжит бус чуулганы хугацаанд хэлэлцэн батлахаар болж байгаа юм. Төслийн ажлын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар ажиллахаар болж байгааг дуулгав. Бүлгийн хуралдаанаар, уг хуулийн төслийг гишүүдэд танилцуулж санал сонсож тайлбар авчээ. Зарчмын зөрүүтэй олон санал гарч байгааг тэмдэглэлээ.

Мөн хуралдаанаар, бүлгийн дэд даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Жавхланг чөлөөлж оронд нь УИХ-ын гишүүн С.Амарсайханг сонгожээ. Учир нь УИХ-ын гишүүн Б.Жавхлан нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар томилогдсон юм.

https://montsame.mn/mn/read/233810


URL: