Өмнөд Солонгосын сүмүүдэд халдвар тархжээ

1842761458_bf85a148f0_bБ.ДОЛЖИНЖАВ

Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгост тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Тухайлбал, өчигдөр тус улсад 279 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь  тархалтыг хязгаарласнаас хойших хамгийн олон хүн нэг өдөр халдвар авч байгаа тохиолдол боллоо. Өмнө нь халдварын ид оргил үед хоёрдугаар сарын 29-нд нэг өдөр 909 хүн, гуравдугаар сарын 8-нд 367 хүн халдвар авч байсан билээ. Үүнээс хойш халдварын тохиолдол буурсан бол өмнөх долоо хоногоос дахин нэмэгдээд байна. Тодруулбал, баасан гаригт 103, бямба гаригт 166, өчигдөр 279 тохиолдол бүртгэгдлээ. Энэ 279 тохиолдын 141 нь Сөүл хотод, 96 нь Гёонги мужид бүртгэгджээ. Ингэснээр нийт халдварын 85 хувь нь Сөүл болон Гёонги хотод бүртгэгдээд байна. Энэ тохиолдлын ихэнх хувийг сүмийн итгэгчид эзэлж байна. Тухайлбал,  ням гаригийн байдлаар “Sarang Jeil” сүмээс 193 хүн халдвар авсан бол “Woori Jeil” сүмээс халдвар авагсдын тоо 105 болжээ. Олон хүн цуглуулж халдвар тараасан энэхүү үйлдэлдээ “Sarang Jeil”  сүмийн пастор Жун Кван Хуныг хариуцлага хүлээхийг ерөнхийлөгч Мүн Жэ Ин шаардлаа. Учир нь “Ковид-19”-ийн улмаас олон хүн нэг дор цугларахыг хориглосон Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн бямба гаригт 10 мянга гаруй хүн жагссан. Үүнийг “Sarang Jeil” сүмийн пастор Жун Кван Хун удирдсан юм. Энэ үйлдэлд нь маш хатуу арга хэмжээ авна гэдгээ ерөнхийлөгч анхаарууллаа. Ингэснээр БНСУ-д нийт халдварын тоо 15515 боллоо.

Эх сурвалж:Korea Times


URL: