“Гуя дагасан хүзүүнүүд”-ийн генерал цолны мөрөөдөл
Сүүлийн үед манай улсад цэрэг хувцас өмсөж, цэгцтэйхэн ёслоогүй хүн бараг үлдсэнгүй. Хамгийн сүүлийн жишээ Завхан нутгаас УИХ-д сонгогдсон “бенз” хочит Б.Баярсайхан болов. Тэрээр армийн ногоон хувцасаар гангарч аймгийнхаа Засаг дарга Б.Батсайханд хугацаатай үүрэг даалгавар өгсөн тухайгаа тайлбарлаад зургаа оруулсан нь сүүлийн өдрүүдэд сошиал орчныг байлдан дагуулав. МАН-ын энэ удаагийн сонгуульд “гуя дагасан хүзүүнүүд”-ийн тоонд багтан их хуралд өрсөлдсөн тэрээр Завхан нутгийнханы сонголтыг авч чадсан. Гэхдээ хувь хүнийг нь гэхээс илүүтэй намыг нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгосон талаараа зарим сонгогч ярьж л байна лээ. Мөн ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн нөхдүүд хоорондоо түнжин хагарч, хоёр талд биенээ муулж явсан нь ч ард түмнийг ийм сонголт хийхэд хүргэсэн аж.
Харин эрхэм гишүүн маань намынхаа даргад тал засах гэсэн үү, аль эсвэл ийм байх ёстой гэж итгэсэн үү аймгийнхаа Засгийг загнаж, хугацаатай үүрэг өгснөө ийн зарлаад шившиг болж орхилоо.
Загастайн давааны замын бүтээн байгуулалт ид өрнөж байгаа энэ үед нутагтаа очсон нь энэ бөгөөд чухам яагаад хугацаатай үүрэг өгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд шигээ гараа халаасандаа хийж даналзсан нь дараагийн зурагнаас ил болсон юм. Учир нь түүнийг өмнө нь Батлан хамгаалахын салбараас армийн цол тэмдгээр шагнасан зураг ил боллоо.
Төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон сэтгэл хөөрлөө дарж амжилгүйгээр алдаа гаргаж, эрх мэдэл чиг үүргээ ойлгоогүй яваа гэдгээ үүгээр харуулав.
Түүнийг эрх мэдэл, чиг үүргээ буруу ойлгоход хүргэсэн бас нэг зүйл нь түүнд армийн цол олгосон явдал юм.
Их хурлын гишүүд, даргын зөвлөхүүд Тавантолгойд байрлах олон улсын цэргийн сургалтын төвд хоёр хоног архидаж ирээд шууд цэргийн цол авдаг гэсэн яриа хэзээнээсээ л байсан. Ийм байдал одоог хүртэл амь бөхтэй оршиж, өнөө нөхдүүд нь цэргийн цол авахдаа өчүүхэн ч санаа зовохгүй байгаагийн гор энэ.
Ингэснээрээ тэд салбартаа насаараа ажиллаж, ард түмэн эх орныхоо өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байх гэж амьдралд нь хүрдэггүй цалингаа голж үзэлгүй зүтгэж ирсэн цэргийнхэнийг доромжилж байгаа гэдгээ ойлгодоггүй. Ойлгохыг ч хүсдэггүй биз. Насаараа зүтгээд аваагүй цолыг нь хоёр хоногийн архидалтын дүнд авчихаад байгаад хэн ч дургүйцнэ. Тийм учраас цэрэг, цагдаагийн цолыг хавтгайруулан олгодог байдлыг яаралтай нэг тийш нь шийдэх хэрэгтэй байна. Нэг бол ийм байдлыг хуульчлан хориглож зохих ном журмынх нь дагуу салбартаа ажиллаж байгаа хүмүүст нь олгодог болох. Эс бөгөөс хэн дуртайд нь тэр цол хувцасыг нь тараагаад бүгд цэргийн дэглэмээр ажиллаж амьдарвал элдэв хэл ам гарахгүй амар биз. Үгүй бол МАН шинэ гишүүддээ танхимын сургалт явуулж төрийн эрх барих дээд байгууллагын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа хүний эрх үүрэг, элдэв зүйлсийг зааж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор гуя дагуулаад худалдчихсан энэ мэт нөхдүүд чинь генерал цол мөрөөдөн төрийн хууль журам, албан тушаалын чиг үүргийг самарч дуусах нь байна.
Мөн төрийн наадамд дээгүүр барилдсан бөхчүүдэд цол олгодог байдал ч өнөөдрийг хүртэл байсаар байгаа. Тийм юм чинь одоо Монголын үндэсний бөхийн холбоо, Баяр наадмыг зохион байгуулах комисс аяганы хариу өдөртөөг бодолцож, эдгээр хүмүүст үндэсний бөхийн таарч тохирох цол чимгийг нь өгвөл таарна. Цаашлаад жүдо, чөлөөт гээд өөр цол чимэг өгч болдог газрууд ч нэгийг бодох хэрэгтэй. Үгүй бол чиг үүргээ давж элдэв хугацаатай даалгавар өгөн хүмүүсийг загнаж яваа эдгээр хүмүүст хэдхэн бөхчүүдэд олгосон армийн цолыг хураалгахад юу ч биш байх шүү.
ЭХ СУРВАЛЖ: ZINDAA.MN
URL: