Буриадын уран бүтээлчдын зохиолч Л.Түдэвийн “Оройгүй сүм” романаар бүтээх кино төсөлд зориулав

оройгүй
ОРЧЛОНГИЙН ЯВДАЛ ОРОЙГҮЙ…
Зохиолч Л.Түдэвийн “Оройгүй сүм” романы шинжлэл/
Аливаа зүйл бүхэллэг хэтэрхий том хэмжээтэй байх тусмаа түүнийг үүсгэн бүрдүүлэгч дэндүү олон жижиг хэсгүүдийн нэгдэл байдгийг бид сайн мэддэг болсон билээ. Уран зохиол ч ялгаагүй тийм зүй тогтолтой болох нь нэгэнт батлагджээ. Тэгээд ч зохиол гэдэг нь дан ганц үйл явдал, дүр хэмээгчийн амьдралын “тойрог” төдий бус түүнийг хүрээлэн биежүүлж байдаг бусад хүчин зүйлүүдийн “цогц” болохыг нэн эртнээс таньж мэдсэн шүү дээ. Зарим онолчдын үзсэнээр “уран зохиолын бүтээл нь амьдралд суралцах сурах бичиг” гэсэн нь зөвхөн түүнийг бүрдүүлэгч олон хэсгүүдийн нэгийг л онцолж байгаа хэрэг. Заавал ч тийм “сурах бичиг” шиг зааж зааварласан байх албагүй. Ердөө уран зохиолыг сурган хүмүүжүүлэх, танин мэдүүлэх, эсвэл зүгээр гоо зүйн таашаал эдлүүлэх, үнэнийг илчлэх, хүний мөн чанарыг нээх, нийгмийг шүүмжлэх, бузар булайг харуулснаараа ариун дээдийг номлох ёстой зүйл мэтээр үзсээр ирлээ. Үзсээр ч байна. Чухам энэ л хоорондоо сүлжилдсэн байж мэдэх үзэл санааны олон хэмжээсээс хэн юуг нь илүү таалж байна. Түүгээрээ л уран зохиолын бүтээлийг тайлж тайлбарлаж болно. Энд л уран зохиолын хамгийн “ардчилсан” хүмүүнлэг шинж оршиж байна. Тэгвэл “Оройгүй сүм” романы хамгийн гол онцлог шинж нь хэн ч өөрийн үзэл санааны талаас/орчин цагийн хэллэгээр өөрийн харах өнцөгөөс/ тайлбарлаж болох чөлөөт боломжтой бичигджээ. ХХ зууны монголын уран зохиолд ийм хэлбэрийн бүтээл түүнээс өөр бараг үгүй гэж хэлэхэд төдийлөн буруудсан болохгүй. Хэрэв та буддын шашныг үгүйсгэгч бол танд хангалттай нотолгоо бий. Харин та шашны гүн сүсэгтэн итгэгч бол танд ч ялгаагүй чамлахааргүй олон бүр бахдам сайхан нотолгоог романаас олж болно. Гэхдээ зохиолч романы эхний хуудсанаас эцсийн хуудас хүртэл өөрийнхөө хэлэх гэсэн үндсэн санаанаасаа няцаагүй. Тэр нь хүний амьдрал бол ердөө ЭРЭЛ юм. Романы бүх дүрүүд эрэл хайгуулын аян замд л гардаг. Санж гэцэл, Чоймчиг гэлэн, Отгон хүүхэн, Бөхмагнай, Бэрээмэг эмгэн бүгд л амьдралыг эрэн хайхаар явж байна. Зохиолын доторх хамаг хэрэг явдлын утга учрыг нөхцөлдүүлэн” хэлхэлдүүлэгч” Санж гэцэл, Чоймчиг багшийнхаа хамт бурханы номноос дээдийн үнэнг, залуу бүсгүй Отгон нөхрийнхөө хамт үр хүүхэд, Өлзий хэмээгч өвчин зовлонгүй байхын жаргалыг, Бөхмагнай хэнд ч захирагдахгүй эрх чөлөөтэй байхыг хайжээ. Гэвч хэн ч өөрийнхөө хайсан зүйлийг үнэндээ олсонгүй. Тиймээс л зохиолоо орчлонгийн явдал эцэс төгсгөлгүй, учир шалтгаантай мэт атлаа учир шалтгаангүй, тодорхой хэрнээ тодорхой бус болохыг ОРОЙГҮЙ СҮМ хэмээх нэрээр онцлон нэрлэжээ. “Оройгүй сүм” нь Буддын шашны онолоор чухамдаа ХООСОН ЧАНАР ажгуу. Орчлонгийн явдлын оройд хэн ч гарахгүй. Хамаатуулж ойлговол Мишими Юкиогийн “Алтан сүм” ч бас тийм юм. Эцэстээ Мизогути, Санж хоёрын СҮМ ямар ч ялгаагүй хоосон зүйл билээ.
Үнэндээ ”Оройгүй сүм” романд шашныг ном хэт үнэн гэсэнгүй. Бас огт худал ч гэсэнгүй. Бурханы орон Лхас мөн ч гэсэнгүй. Биш ч гэсэнгүй. Тэнд атаа хорсол, мунхаг харанхуй, эрх мэдэл, шорон гяндан, тэмцэл тулалдаан бүгд байв. Магадгүй энэ зохиолд бүгдийг заан зааварлах хандлага, нийгмийг шүүмжлэх үзэл санаа, орчлонгийн учир шалтгааныг танин мэдүүлэх зорилго, хүнийг сурган хүмүүжүүлэх, ёс суртахууныг номлох, өтөл бэртэгчин, харгис хэрцгий чанарыг илчлэх, үнэн шударга ялах ёстойг тунхаглах, өгөөмөр нигүүлсэнгүй зан байдлыг харуулах гээд л уран зохиол ийм байх ёстой хэмээн улайн цайм нэхдэг ”шинжүүд” ямар нэг хэмжээгээр шургалан орж, “Оройгүй сүм” романыг “оройгүй сүм” болгожээ. Өөр нэг анзаармаар зүйл нь “бүрэн дүүрнээс татгалзах” хэмээх Монголчуудтай ч илүү холбоотой байж мэдэх үзэл. Төвдийн Лхас хотын нэгэн ордон 1000-гаас нэг дутуу буюу 999 өрөөтэй. Мянган өрөөтэй л барьчихгүй яагаад нэгийг дутаав. Эхдээ зориулсан Чойрын сүмээ барьж дуусгалгүй Санж яагаад оройг нь дутуу үлдээж, хамба ламаа больж шар шувтлаад хар хүн болов. Зулын гол болохын өмнө бүхий л “замаа” зассан Чоймчиг гэлэн яагаад нэг л зүйлийг дутуу орхив. Зохиолч одоо ч бидний итгэл үнэмшилд багтдаг ”дутуудаа дүүрэн” гэх үзлийн уг шалтгааныг хайсан байна. Бүрэн дүүрэн, төгс хаа ч үгүй ба түүнийг олох, бүтээх гэж зүтгэх нь бүтэшгүй зүйл болохыг хэлэхийг хүссэн биз. Тэгээд л романы бүх дүр “дутуутайгаа” дуусч байна. Санжийн эцэг Сайнцогт сүм баригдахаас өмнө модонд даруулж дутав. Отгон хүүхэн үр хүүхэдтэй болж амжилгүй моринд чирэгдэж дутав. Бөхмагнай дээрэмчин болж эрх чөлөөнөөс дутав. Бэрээмэг эмгэн ахан дүүс, гэр бүлээр дутав. Өлзий эрүүл саруул болохын хувь дутав. Өлзийт лам нутагтаа харих хувь дутав. Төвд Чогсан атаа хорслоо тайлах зол дутав. Гүртэн, маарамбууд анагаах шидийг олох ухаан дутав. Чоймчиг гэлэн гэгээрлийг олох ерөөл дутав. Бүгд дутуутайгаа дуусав. Зохиолчийн энэ л санааг ойлгоогүй цагт бүгд үхэж арилаад дуусдаг ямар гунигтай зохиол вэ? гэсэн харанхуй бодол таны дотор гэгээ лав тусахгүй. Үхэл гэдэг өөр төлөв магадгүй шинэ ”төлөвшил” болохыг бурханы шашинд онцолдог. Уран зохиолд ялгаагүй шалтгаангүй, ямар нэгэн өгүүлэмжгүй үхэл гэж байхгүй. Амьдралд ч тийм. Тиймээс “Оройгүй сүм” романы “үхлүүд” цор ганцаараа амьд үлдсэн Санжийн цаашдын төлөвшлийн шат гишгүүр болж байдаг. Нэг талаараа өрнө дахины уран зохиолын онолын сэтгэлгээний “Bildungsroman” буюу төлөвшлийн роман гэх ойлголттой очиж тулж “мөргөж” болох хандлага. “Оройгүй сүм” романы олон үхэл Санжийн бодол санаа, үйл хэргийг өөрчилж байна. Зохиолч дүрүүдээ зүгээр ч нэг “үхүүлье гээд үхүүлчихээгүй” болохыг өнөө цагийн “бэстселлер” бичигчид илүү анзаарваас зохилтой.
Нэгэнтээ Эдуард Зюссийн олж тогтоосон “ биосфер” буюу орчлонт ертөнцийг бүрхсэн “шим мандал”-аас гадна хүн төрөлхтний бүтээсэн “мэдлэгийн” оюун мандал гэж бий болсныг бүгд хүлээн зөвшөөрдөг. Угтаа үндэстэн бүхэнд уламжлалт шинжтэй язгуурын болоод хожим тодорхой түүхэн цаг үед тодорхой нөхцөл шалтгааны улмаас нэмэгдсэн зээлдмэл “мэдлэгийн сан” гэж байдаг. Тэрхүү холимог бүтэцтэй “мэдлэгийн сан” нь ахуй амьдралын онцлог, байгаль, цаг агаар, зан заншил, хэл-соёлын үндсэн бүрхэвчүүдээр өлгийдүүлж бүхэлдээ тухайн үндэстний оюун санааны “ай сав”-ыг тодорхойлно. Мэдлэг баяжиж, бас шинэчлэгдэж, ойлголт, мөн чанар нь хувьсаж байдаг зүй тогтолтой. Тэгвэл “Оройгүй сүм” романд зохиолч “шинэ хуучин”мэдлэгүүдийн харьцуулалт”-ыг гайхалтай нээж харуулав. Гол нь тэр нь илүү энэ нь дутуу гэсэнгүй. Мэдлэг бол мэдлэг. Санж гэцэл Төвдийн газар суух цагтаа хүнд өвчин тусаж, үхээрийн сүнсээ дуудуулж, гүрэм засал хийлгэж, эм тан уув. Элдэв зүйлийн өвчнөөс хүнийг эдгээх шашны арга засал. Мөн Бэрээмэг эмгэний асрал дор шөл ууж, өвс ургамал хүртэв. Эртнээс уламжилсан анагаан эдгээх арга. Хоёулаа мэдлэг. Хэнийх нь ч эрдэм чадлын илүүгээр эдгэрч тэнхрэв гэж зохиолч хэлсэнгүй. Шинэ мэдлэг сайн хуучин мэдлэг муу. Эсвэл хуучин бүхэн сайн шинэ бүхэн муу гэсэнгүй. Мөн Санж, Өлзийт ламын хамт нутгийн зүг тэмцэж, харийн газраас оргож явна. Бурханы шашны их таван ухааны номонд нэвтэрсэн түүний хажууд Өлзийт лам өчүүхэн. Гэтэл зам харгуй олох, уул давааг давах, хүний явдлыг таних, тэнгэр газрыг шинжих эрдэмд Санжаас үлэмж илүү. Түүний дэргэд Санж өчүүхэн. Дээрх жишээнүүд бидэнд юуг өгүүлэв. Эрдэм мэдлэгийг эрэмбэлэх учиргүйг сануулав биш үү. Харин одоо цагт мэдлэг бүгдийг ашиг тусаар нь жагсааж, дээр доор нь оруулахыг санаархагч бүхэн хэнд ямар ашиг тустай ажил хийхээр махран сууж, мэрийн зүтгэж, өөрийн мэддэгийг дээдэд санаж байгаагийнхаа гэмийг энэ романаас олж хараад ойлгож ухаарах болтугай.
Нэгэн цагт Монголчууд бид бурхан номын учрыг танихаар, хамаг амьтанд буян санаж, нүглийг тэвчиж, эргэл мөргөлийн замаар бидэрч явахдаа үзэж туулсан амьдралын зах зух энэ романд бас бичигджээ. Үнэндээ эхний болоод төгсгөл бүлгээр бусад бүлэг, үндсэн өгүүлэмжүүдээ бөгжилсөн, хашиж түгжсэн зохиомжтой. Түүхэн баримт судалгаанд түшиглэсэн гол нь тухайн цаг үед /1980-аад оны үед/ төдийлөн үл ойшоож, мартагдахад хүрээд байсан цаг үе, эрдэм мэдлэгийн учир ухааныг нэхэн сануулсан, танин мэдүүлсэн, үндэстний түүхэн ой санамж, орхиж боломгүй өв уламжлалыг сэргээн бататгасан талаараа гойд үнэ цэнэтэй бүтээл юм. Хэзээнээс манай Монголчууд “ ЭРДЭМ ОРОЙГҮЙ, ЭРЭЛ ХЯЗГААРГҮЙ” гэдэг билээ. Амьдрал хэмээх энэ эрэл эгээрлийн замд “Оройгүй сүм” шиг олон зохиолтойсон бол оюун ухаанаараа аяншиж ядрах нь одот тэнгэрийн дор бага л байхсан даа.
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
2020-08-16. ЗҮҮН САЛАА, ЗҮРХ УУЛ

 


URL:

Tags: