Киноноосоо ч адармаатай аймшигтай Жон Нэшийн бодит амьдралын түүх
Шинжлэх ухааны хүрээнээс хол олон нийтэд Нобелийн шагналт эрдэмтэн Жон Нэшийн амьдралыг A Beautiful Mind кино цухасхан ч гэсэн дэлгэж өгсөн. Рассел Кроугийн гол дүрийг нь бүтээсэн тус киноны үйл явдлууд нь Жон Нэшийн бодит амьдралын дэргэд илүү энгийн гэж хэлж болно. Нэрт эрдэмтний хувийн амьдрал илүү адармаатай, аймшигтай байжээ.
Хүүхэд насандаа Нэш математикт дургүй, бүр үзэн яддаг байж. Сургуульд бусдын л адил дунд зэргийн дүнтэй суралцана. Гэвч энгийн үгсээр маш ойлгомжтой мөн сонирхолтой бичсэн MEN OF MATHEMATICS номыг уншсны дараагаар математикт илбэдүүлсэн мэт татагдах болжээ.
Мэдээж, Жон Нэш математикийн факультетад элсэн орсон. Гэхдээ үүнээсээ өмнө химийн инженер болон олон улсын эдийн засгийн мэдлэгтэй болоод амжсан юм билээ. Сургуулиа төгсөхөд нь түүнд шинжлэх ухааны гайхамшигтай амжилтынх нь төлөө зөвхөн бакалаврын зэрэг бус шууд магистрын зэрэг олгожээ. Ингээд Принстоны их сургуулийн аспирантурд суралцахаар очсон байна.
Жон Нэшийг Принстонд очиход багшийнх нь бичиж өгсөн “Энэ залуу бол математикийн суутан” гэсэн товч тодорхойлолт халаасанд нь байсан гэдэг.
Оюутан цагийнх нь найз нарын хожим дурссанаар бол Жон Нэш мөнгөний их шуналтай бас их харамч байж. Найз нар нь түүгээр тоглож, “Тооцоо хийхэд үнэгүй дугтуй, марк олгодог банк нээгдсэн байна лээ” гэжээ. Гэтэл Жон Нэш нөгөө банкийг хайж олон өдөр хотоор хэрэн хэссэн гэдэг. Гэвч тийм банк дэлхий дээр байхгүй тул олж чадсангүй.
Оюутан насандаа Нэш нэгэн бүсгүйтэй найзалдаг байжээ. Гэвч тэдний хайр сэтгэлийн харьцаа эцэстээ сэтгэл өвтгөсөн салалтаар дуусав. Тэр бүсгүй хүү төрүүлсэн ч Нэш амьдралынхаа туршид эргэж нэг ч удаа харилцаагүй гэдэг.
Хэдийгээр хайр сэтгэлийн талбарт сэтгэлдээ сэвтэй хоцорсон ч Принстоны 21 настай аспирант Жон Нэш нэгэн нээлт хийжээ. Энэ нээлт бүтэн 45 жилийн дараагаар Нобелийн шагналд хүргэсэн юм.
Принстонд аспирантураа дүүргээд багшаар үлджээ. Мөн хажуугаар нь хувийн компанид ажиллана.
Гэвч 26 настайдаа анх удаагаа цагдаад баривчлагдсан байна. “Биеэ зохисгүй авч явсан” гэх үндэслэлээр түр саатуулагджээ. Энэ бол Жон Нэшийн амьдрал туршид дагасан сэтгэцийн өөрчлөлтийн эхний илрэл байлаа. Магадгүй эхнийх биш ч байж мэдэх юм. Гэхдээ намтарт нь энэ тохиолдол эхэлж тэмдэглэгджээ.
Цагдаад баривчлагдаж асуудал үүсгэснийх нь дараагаар “барьцгүй”, найдваргүй гэх үндэслэлээр нууц баримт материалд ойртуулахаа больсон байна.
Удалгүй Жон өөрийнхөө шавь, оюутан бүсгүй Алисиа Лардтай гэрлэлээ. Алисиа Лард түүнээс дөрөв дүү. Жилийн дараа гэхэд Fortune сэтгүүл Нэшийг “Математикийн ирээдүйн хурц од” гэж нэрлэсний зэрэгцээ Алисиа хөл хүндтэй болжээ. Гэвч давхар айдас дагаж ирсэн нь шизофрений илрэлүүд улам ойр ойрхон давтагдаж эхлэв.
Өвчин маш хурдацтай даамжирч, ойр ойрхон давтагдаж эхэлсэн тул олон нийтээс солиотой гэмээр үйлдлүүдийг нууж хаах аргагүй болж эхэлжээ. Нэшт их сургуулийн декан болох санал тавьсан ч тэр татгалзаад “Би Антарктидын Эзэн хаан болно” гэж мэдэгдсэн нь түүний сэтгэцийн өөрчлөлт хурц шатандаа орсны эцсийн эргэлтгүй илрэл болов.
Ингээд сэтгэцийн эмнэлэгт хүчээр дайчлан хэвтүүлж, эрчимтэй эмчилгээ хийжээ. Хоёр сарын турш хүчтэй эм тариа хийлгэсэн Жон Нэш эмнэлгээс гармагцаа Европ руу гараад явчихав. Эхнэр нь хүүгээ эцэг эх дээрээ орхиод түүний араас очсон байна. Тэгэхэд Нэш Европын хэд хэдэн улсаас улс төрийн орогнол хүссэн юм билээ. Гэвч зөвшөөрөл авч чадсангүй. Ингээд удалгүй баривчлагдаж, АНУ руу буцаан хүчээр гаргажээ.
A Beautiful Mind кинонд Жон Нэшийн нүдэнд хий юм харагддаг. Тэгвэл бодит амьдрал дээрээ хий юм огт харж байгаагүй, харин үргэлж чихэнд нь ямар нэгэн дуу хоолой сонссогддог байсан гэнэ. Мөн зарим жирийн гэмээр эд зүйл, өнгө, дуунаас айж цочирддог байв. Жишээ нь, улаан зангиа харвал “Коммунистууд намайг хорлох гэж байна” хэмээн хашгирч, зугтах болжээ. Энэ мэт олон дохио тэмдэг түүнийг айлгана.
Гэхдээ кино дээр гардаг шиг Пентагонд хэзээ ч ажиллаж байгаагүйн зэрэгцээ ЗХУ болон Японы нууц кодыг тайлах гэж оролдоогүй гэнэ. Харин АНУ-ын эсрэг олон улс нэгдэн нууц дайн хийж байгаа гэж ярьдаг байж. Үүн дээрээ үндэслэн АНУ-ын төр засагт нууц кодыг өөрчлөх саналыг тавьсны зэрэгцээ өөрийнхөө нэгэн аргачлалыг илгээжээ. Одоо хүртэл АНУ-ын төрийн нууц мэдээллүүд Жон Нэшийн санал болгосон энэ нууц аргачлалаар хийгддэг гэнэ.
Өвчин даамжирсаар, улам эрсдэлтэй болж эхэлжээ. Нэш өөрийгөө “Тэр” гэж гуравдугаар биений төлөөний үгээр тодорхойлон ярих болов. Чихэнд нь ямар нэгэн зүйл сонсогдоход шинэ айдсыг мэдэрч, найз нөхөд рүүгээ түүнийгээ залган хэлж, түгшээх болсон байна. Ингээд дахиад эмнэлэгт хэвтэв. Хэдэн сарын турш хүчтэй эм тарианы нөлөөнд байсан Нэшийг эмнэлгээс гарч ирэхэд найз нар нь өрөвдсөндөө ажил санал болгожээ. Гэвч тэр татгалзаад, дахиад л Европ руу гараад явчихаж.
Гэхдээ энэ удаад Алисиа түүний араас очсонгүй. Харин гэрлэлтээ цуцлуулжээ. Ингээд эхнэр нь хүүгээ өөр дээрээ авч өсгөх болсон байна. Гэвч хүү нь бас аав шигээ шизофренитэй нь удалгүй ил болжээ. Аав шигээ бусдын сонсдоггүйг сонсож буйгаа ярьж эхэлжээ.
Европоор хийсэн “аялал”-аа дуусгаад Жон Нэш буцаж ирээд найзынхаа тусламжтайгаар
Принстоны их сургуульд дахин ажиллахаар болов. Гэхдээ энэ удаад эмч нь солигдож, түүнд хий юм сонсох өвчнийг нь намжаах хүчтэй эм санал болгожээ. Энэ эмийн ачаар Нэш эхнэр хүүхэдтэйгээ жирийн харилцах боломжтой боллоо. Гэвч энэ эм нь тархины ажиллах чадварыг бууруулж, эрч хүчийг илт сулруулдаг тул хэрэглэхээ больжээ. Үүний дараагаар өнөөх хий дуу хоолой улам чангарч, хүчтэй болсон гэдэг.
Принстоны барилгын өнцөг жигүүр, шат хонгил бүрт Нэш бүдчин гудчин явахын зэрэгцээ хаа тааралдсан газраа хэний ч ойлгохгүй тоо томьёо сараачиж эхлэв. Үүнээс нь болоод оюутнууд түүнийг “Хий үзэгдэл” гэж дооглон нэрлэнэ.
Хэдийгээр Нэшийн өвчин даамжирсан ч Алисиа түүнийг буцаад гэртээ ирэхийг зөвшөөрсөн байна. Нөхрөө хүнд хэцүү үед нь хаясныгаа хүний мөсгүй, буруу үйлдэл гэж Алисиа үзсэн юм билээ. Магадгүй эхнэрийнх нь энэ сайхан сэтгэл Нэшийг аварсан биз. Алисиаг гэртээ буцаад ир гэх хүртэл Нэш зочид буудал болон танилуудынхаараа хоноглон тэнэмэл амьдрал хөөж явжээ.
1980-аад оны үед Нэшийн өвчин эдгэрч эхэлсэн байна. Эмч нар эхлээд гайхсан ч аргагүй суут ухаантай хүн өөртэйгээ тэмцэлдсний дүнд хий зүйлсээс ангижирч эхэлжээ гэж дүгнэжээ. Жон эм уухаа больж, эргээд математиктаа тархины чадавхийг бүрэн зориулах боломжтой болжээ. Гэхдээ Нэшийн эдгэсэн нь шизофрени нас ахих тусам харьж, сулардаг өвчин гэдэгтэй ч холбоотой байхыг үгүйсгэх аргагүй юм.
1994 онд Жон Нэш 21 насандаа бичсэн диссертациараа Нобелийн Эдийн засгийн шагнал хүртлээ. Уламжлалын дагуу бол Нобелийн шагнал хүртсэн диссертациа эрдэмтэн өөрөө лекц болгон танхимд цугласан олонд уншиж өгөх ёстой. Гэвч олны сайн мэдэх өнөөх өвчний улмаас Нэшийг зүгээр уншчихаж чадна гэж итгээгүй тул эрдэмтэд түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг судалж дүгнэсэн семинар зохион явуулаад өнгөрсөн юм билээ.
Хэдэн жилийн дараагаар Нэш Алисиа хоёр дахин гэрлэжээ. Гэр бүлээ цуцлуулснаас хойш 38 жилийн дараа шүү!
Нэшийг нас барахаас өмнөхөн түүнд математикийн дээд шагналуудын нэг Абелийн шагналыг гардуулжээ. Өдгөөг хүртэл Нобел болон Абелийн шагналыг хамтад нь хүртсэн ганц эрдэмтэн бол Жон Нэш юм.
Жон Алисиа хоёр нэг өдөр, нэг цагт энэ хорвоогоос одсон юм билээ. 2015 онд хоёулаа хамт авто осолд орсон юм. Нэш 86 настай, харин Алисиа 82-той байлаа. Цагдаа нарын олж тогтоосноор хоёулаа аюулгүйн бүсээ зүүгээгүй байж. Харин тэдний машинтай мөргөлдсөн машины жолооч аюулгүйн бүсээ зүүсэн тул хөнгөн гэмтэл аваад амьд үлджээ.
URL: