Рио Тинто дахин шүүхийн үүдэнд тулж ирлээ

RioCanadaКанадын очир эрдэнийн уурхай тойрсон асуудлаар Канад дахь Рио Тинто компанийн салбарыг шүүхэд өгсөн байна.

Канадын “Star Diamond” компани Рио Тинто компанийн тус улс дахь салбарыг гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй, хайгуулын ажилд зарцуулсан төсвийг буруу мэдүүлсэн гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэл гаргасан “Star Diamond” компани нь Рио Тинтогийн Канад дахь салбарын туслан гүйцэтгэгч бөгөөд “Star-Orion South” нэртэй очир эрдэнийн төсөлд хамтран оролцож байжээ.

Хоёр компанийн хооронд 2017 онд гэрээ үйлдэж тус төсөл дээр 60 хувьд нь буюу 75 сая ам.долларын ажил туслан гүйцэтгэхээр болсон байна.

Туслан гүйцэтгэгч “Star Diamond” компанийн хувьд гэрээ ёсоор хуваарийн дагуу ажил гүйцэтгэж байгаа боловч Рио Тинтогийн Канад дахь салбар гэрээний үүргээ биелүүлэлгүй, хайгуулын ажилд зарцуулсан зардлыг буруу мэдүүлсэн гэж үзэж байгаа аж.

Улмаар тус орд дахь үнэлгээг бууруулах зорилгоор томоохон төслүүд дээр ашигладаг аргаа ашигласан гэж “Star Diamond” компаниас үзэж байгаа ажээ.

Компани 2019 онд хайгуулын талбайд 10 цооног гарган өрөмдлөг хийж байсан ч дээрх өрөмдлөгийн дүн мэдээ, тайлан эцэслэн гараагүй байхад дахин таван цооног гаргаж хайгуулын зардал дээрээ нэмэхээр болсон байна.

Шүүхийн маргаан дагуулсан “Star-Orion South” төсөл нь Принс Альбертаас дорно зүгт орших бөгөөд өндөр агууламжтай алмазын бүлэг орд юм. Сүүлийн судалгаагаар тус орд газарт 66 сая карат очир эрдэнийн нөөцтэй гэж гарчээ.

Хэрэв тухайн орд ашиглалтад орвол Саскатчеван орчимд анхны очир эрдэнийн уурхай болох юм.

Одоогоор хоёр талын шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Mining.com


URL: