А.Амбасэлмаа: Дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

12619

Эрүүл мэндийн яам шинэ коронавирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

“2020 оны наймдугаар сарын 12-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 487 хүнд шинжилгээ хийхэд 483 хүнээс вирус илрээгүй. Дөрвөн хүнээс коронавирус илэрсэн.  Тэдний нэг нь наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 73 настай эмэгтэй, 20 настай эмэгтэйгээс мөн илэрсэн. Сүүлийн гурав, дөрвөн хоногт Алтанбулагийн боомтоор 280 гаруй хүнийг татан авсан. Үүгээр Орхон аймагт тусгаарлагдсан 24 настай эмэгтэй, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 65 настай эмэгтэй ОХУ-ын иргэн байна.

Коронавирус илрээгүй бусад шинжилгээнд долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 165 хүний давтан шинжилгээ, долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 165 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж буй 23 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан найм, Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарлагдсан дөрвөн хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 16 тээврийн жолоочийн шинжилгээ багтлаа.

Ингэснээр Монголд нийт албан ёсоор батлагдсан тохиолдол 297 болж байна. Үүнээс 269 хүнийг эмчилж эрүүлжүүлсэн. Эмчлэгдээд эдгэрсэн 44 хүн сувилалд, 32 хүн гэрт, 193 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан.

Одоо ХӨСҮТ-д 28 хүн эмчлэгдэж байна. Мөн ХӨСҮТ-д нийт ажиглалт тандалтад байгаа 40 хүн байна. ХӨСҮТ-д байгаа элэгний хатууралтай, хам бөөрний дутагдалтай хүн эмчлэгдэж байгаа талаар мэдээлсэн. Энэ хүн наймдугаар сарын 12-нд 02.00 цагт нас барсан харамсалтай явдал боллоо. Тэрээр ХӨСҮТ-ийн клиникт 11 хоног эмчлүүлсэн бөгөөд наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор маш хүнд байдалтай ирсэн. Энэ хүн коронавирусийн халдвараас болж нас бараагүй гэдгийг онцлон хэлье. Элэг, бөөрний хам шинж хавсарч, дөрвөн удаагийн коронавирус шинжилгээнд хамруулахад вирус илрээгүй” гэлээ.


URL: