НМХГ: “CU”-гийн зарим салбарын хотдог эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна

15972930745f34c212dc8fd

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, Сити плаза байрны нэгдүгээр давхарт байрлах “CU” салбар 12” дэлгүүрийн үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тус худалдааны газар нь “хотдог” нэрийн хоол үйлдвэрлэж, худалдаалах үйл ажиллагаа явуулахдаа эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй гэсэн зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу гурван сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулан, улсын байцаагчийн албан даалгавар өгсөн байна.

Харин ”Сэнтрал экспресс Си Ви Эс” ХХК  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан улсын байцаагчийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрээр улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар нэхэмжлэгч захиргааны хэргийн давж заалдах шат, хяналтын шатанд гомдол гаргасныг тухайн шатны шүүхийн магадлал, тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Ийнхүү “CU”-гийн “хотдог”-ийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хийгээгүй болохыг гурван шатны шүүх нотолж, торгууль, шийтгэлийг оногдуулахаар болжээ.

Эх сурвалж: НМХГ


URL: