М.Наранбаатар: “Марко Поло” кинонд тоглох үед бидний моринд эрэмгийг шагшин гайхаж байсан

12-site_BxBxWqM

Тулааны найруулагч “Action crew” орлон тоглогчдын багийн ахлагч, Соёлын тэргүүний ажилтан М.Наранбаатартай ярилцлаа. Тэрбээр “Үргээлэг”, “Босуул”, “Миний ах атаман”, “Говийн домог”, “Зүрхний хилэн” зэрэг 20 гаруй киноны тулааны хэсгийн найруулгыг хийсэн юм. Түүнчлэн “Action crew” багийн 40 орчим уран сайхны кинонд өөрөө орлон тоглогчоор ажилласан бөгөөд 2015 онд Унгар улсад зураг авсан Холливудын “Марко Поло”, “Мулан” кино зэрэг олон улсын кино уран бүтээлд оролцсон байна.


-Холливудын “Мулан” кинонд орлон тоглогчоор тоглосон байна. Тэнд хэчнээн баг оролцсон бэ?

-Анх 1998 онд анимейшн хэлбэрээр дэлгэцнээ гарсч байсан. Холливудын “Мулан” кино төсөлд Монголоос “Ac­tion crew” болон “Тэнгэрийн чоно” орлон тоглогчдын баг оролцсон юм. Бид “Мулан” бүтээлд морьтон дайчны дүр бүтээсэн. Дэлхийн даяар нээлт нь гуравдугаар сард байсан ч хөл хорионы үе гээд есөн сар хүртэл хойшилсон. Одоо Австрали улсад киноны зураг авалттай явж байна. Холливудын кинонууд ойролцоогоор хоёр жилийн дараа олон нийтэд хүргэдэг. Бид нууцлалын гэрээ байгуулдаг болохоор киноны нэр, компаниа хэлж болдоггүй. Ямартаа ч одоо энэ цаг үеийн номер нэг компанитай хамтарч ажиллаж байгаа гэхэд болно.

-Монголын кино урлагт орлон тоглогч мэргэжилтэй залуус хэр их байгаа вэ?

-Манай багийн тухайд ихэвчлэн тулаантай киноны хэсгүүдэд тоглодог. Анх гурван хүний бүрэлдэхүүнтэй 2006 онд үүсгэн байгуулагдаж байлаа. Харин 2008 онд үйл ажиллагаагаа бүрэн явуулсан. Одоогийн байдлаар хоёрдугаар сард “Мулан” кинон дээр ажилласан. Орчуулагч, жүжигчид гээд багийн статустай үйл ажиллагаагаа явуулдаг манайх болон “Тэнгэрийн чоно” баг байгаа.

-Киноны зураг авалт хэр хугацаанд авагддаг вэ?

-Хоёр секундэд мөргүүлдэг хэсэг, эсвэл хэдхэн секундын тулааны хэсэг гээд ямар үзэгдлийг үзүүлнэ гэдгээсээ шалтгаалаад хугацаа нь өөр өөр байдаг. Зөвхөн Монголын кинонд тоглосон хэсгүүдээ тоолж үзсэн л дээ тэгэхэд нийт 40 гаруй кинонд тоглосон байсан.

-Киноны орлон тоглогч гэдэг их эрсдэлтэй хүнд ажил мэргэжилд тооцогддог. Яг энэ мэргэжлийн үнэлгээг гадныхантай харьцуулахад бага байдаг уу?

-Талх 1000 төгрөг гэдэгтэй адил тогтсон үнэлгээ гэж байдаггүй. Багийнхаа хоёр гишүүнтэй рекламанд машинд мөргүүлдэг, үсэрч харайдаг хэсгийн зураг авалтад оролцоод 40 мянган төгрөгийн цалин авч байсан. Тухайн үед хөдөлмөрийн үнэлэмж бага байсан шүү дээ. Гадаадад бол гэрээн дээр заасан үнээс гадна хүнд үзүүлбэрийн үнэ гэж тусдаа нэмэгддэг. Орлон тоглогчдийн мэргэжил цагдаа, хүчний байгууллагын ажилтнуудтай адил их эрсдэлтэй ангилалд ордог. Дэлхийн стандартыг яривал манай Монголын үнэлгээ цалин шагнал их бага талдаа орно. Бид гэхдээ мэргэжлээ үнэ цэнэтэй болгож чадсан.

-Танай баг нийт 40 гаруй кинонд тоглосон гэлээ. Ихэвчлэн гадны кинонд тоглосон уу?

-“Action crew” багаараа Монголынхоо 40 гаруй кинонд тоглосон. Мөн Холливудын хэд хэдэн кинонд тоглосон. 2015 онд Унгар улсад “Марко Поло” цуврал киноны морьтой тулааны хэсгийн зураг авалтад оролцож байсан. Тухайн үед тэр хэсгийн найруулагчид “Монголчууд морьтой харьцах, давхих, морин дэл дээрээ байгаа нь европчуудаас шал өөр юмаа. Бүр морин дээрээ амьдарчих юм” гээд магтаж байсан. Учир нь нэг зургаас дараагийн зураг авалт хооронд маш удаан хүлээх хэрэг гардаг. Энэ хугацаанд гаднынхан мориноос буугаад шууд хэвтээд өгдөг. Харин монголчууд морин дэл дээрээ унтаж, амарч л байдаг. Үүнээс гадна тэр кино төсөлд 11 орны 70 орчим орлон тоглогч оролцсон. Бид зургийн талбайд зураг авалтаа дууссаны дараа шууд заал руу очиж, нэгдсэн бэлтгэлд гардаг. Гадны орлон тоглогчид морьтой хэсэгт ордог, машин тэрэгтэй харьцдаг хурдтай жолоодох эсвэл мөргүүлдэг, өндрийн үзүүлбэр хийж унах юм уу үсэрч харайдаг авирдаг, шатах тэсрэх бодистой харьцдаг гээд мэргэшсэн багууд байдаг юм билээ. Харин бид өөрсдийнхөө хэмжээнд бүхий л хүнд зураг авалтуудад оролцдог ч Монголд хэцүү нөхцөлд ажилладаг.

-Танай багт эмэгтэй орлон тоглогч байгаа юу?

-U film-ын гаргасан “Single ladies” 4” кинонд оролцож байхдаа эмэгтэй жүжигчидтэй ихэвчлэн харилцдаг байсан. Тэр үед эмэгтэй орлон тоглогч хэрэгтэй болсон. Тэгээд тэндээс манайх эмэгтэй орлон тоглогчоо олж авсан. Одоогоор ганц эмэгтэй жүжигчинтэй байгаа.

-Киноны зураг авалтын үеэр золгүй тохиолдол болсны улмаас орлон тоглогчид биедээ хүнд гэмтэл авч, амиа алдсан тохиолдол байдаг юм билээ. Эрсдэлээс өөрсдийгөө хэрхэн хамгаалдаг вэ?

-Бэлтгэлийн үеэр бид гүйж байгаад гэнэт үсэрч унана. Нэгнийгээ цохиж, түлхэж унагана. Мөн солиотой юм шиг хана, хаалга мөргөж уначихаад, энэ уналт онцгүй болчихлоо гээд дахиад хийнэ. Ингэж бэлдэж байж л бид зургийн талбай дахь эрсдэлээ багасгана. Гэхдээ яалт ч үгүй жижиг, сажиг бэртэл авах үе их бий.

-“Action crew” пэйжээрээ богино хэмжээний видеог олонд түгээдэг. Видеогоороо юу өгүүлэхийг зорьсон бэ?

-Мэргэжлийн үнэ цэнэ мөн нарийн мэргэжлийн давуу талыг бусдад ойлгуулахыг хичээдэг. Өөрсдөө бичлэгээ хийж байхдаа давхар туршлага хуримтлуулах зорилгоор богино хэмжээний видео хийдэг. Цаашид бид орлон тоглогч бус өөрсдөө жүжиглэсэн бүрэн хэмжээний кино хийхээр төлөвлөж байгаа.

-Холливудын кинонд тоглох монгол кинонд тоглохоос хэр ялгаатай байдаг вэ?

-Монгол дахь киноны зураг авалтыг авахдаа өдөрт 6-7 удаа давтаж авдаг бол Холливудын кино өдөрт хоёр л удаа зураг авалт авдаг. Орчин нөхцөлөө сайн тааруулж бэлтгэж байгаад авдаг гэх юм уу даа. Түүгээрээ л ялгаатай байх. Мөн киноны мориноос унах, үсрэх гээд бүх хүнд үзүүлбэрүүдийг хийж чадах чадварлаг залуусыг сонгож авдаг. Жэки Чаны орлон тоглогчоор А.Лхагвасүрэн гээд монгол залуу тоглож байсан. Бид гадны кинонд тоглохдоо их олуулаа явдаг. Зөвхөн морь унах хүн л гэхэд 35, орлон тоглогчоор 15 гээд бүрэн бүрэлдэхүүнээрээ явдаг. Киноны хамгийн хэцүү зураг авалтыг нь үзүүлдэг. Тэгээд орчуулагч гээд багийн ажиллагаатай оролцдог.

Д.ОТГОНТУЯА


URL: