“Найрамдал” зуслан нурах дөхөж, бохирын нүхээр бүслэгдсэнийг хөл хориог далимдуулан нууж байна

15972857785f34a592cc24f

Монголын төр хүүхдэд ээлгүй болсныг илтгэх харамсалтай үйл явдал олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан дээр болж байна. Тодруулбал, тус төвийн хашаанд “Шинэ хужирт” ХХК сувиллын газар барьж, бохирын цооногоо хүүхдийн амралтын байрны дэргэд ухсан гэх мэдээлэл зарим сайтуудаар гарсан.

Уг асуудлыг хотын дарга асан С.Амарсайхантай холбоотой гэж байгаа ч мөн чанартаа тус компаний захирал нь О.Цэцэгбал нь Өвөрхангайн хүн бөгөөд сайд асан С.Чинзоригтой ойрын холбоотой гэж эх сурвалж мэдээлж байна. Түүнчлэн “Найрамдал” төвийн захирал Ш.Одончимэг болон хоёр дэд захирал нь Өвөрхангайн хүмүүс ажээ. Тэгэхээр үүнийг экс хотын даргаас илүүтэй сайд асан С.Чинзоригтой холбож тайлбарлах нь байгаа ононо. Энэ асуудлыг сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг хөл хориогоор түрий барьж оруулахгүй буцаасан байдаг. Гэтэл хөл хориогоор хаалт хийгээд “Найрамдал” төвийг жинхэнэ утгаар нь “будаа” болгож байхад дарга, сайд нар нь таг чиг байна. 

Тухайлбал, тус төвд хорионы дэглэм хашааны гадна үйлчилж харин хашаан дотроо жинхэнэ назгайрч байгаа ажээ. “Найрамдал” зуслан нэг ээлжиндээ 750 орчим хүүхэд авдаг. Энэ жил хөл хорионы онцгой дэглэмийг мөрдөн нэг ээлжинд дээд тал нь 400 хүүхэд авахаар болсон байна. Гэтэл 3-р ээлжээр онцгой комиссоос тогтоосон квотыг хэтрүүлж 543 хүүхдийг хүлээн авчээ. Түүгээр зогсохгүй нээлт, хаалт болон цугларалтын арга хэмжээ зохион байгуулахгүй байх зааврыг зөрчиж хүүхдүүдийг бөөгнүүлэн хамтлаг дуучид авчирч нээлт, хаалтаар цөм “дискодсон” байна. Дотроо хууль дүрмийг зөрчиж хөл хориог юмны чинээ тоохгүй хэрнээ асуудал тодруулахаар очсон сурвалжлагчдийг хашаагаараа ч зухуйлгахгүй байгаа нь инээдтэй. Ингэх ч шалтгаан Ш.Одончимэг захиралд байгаа ажээ.

Хүүхдийн багачуудын нэрлэж заншснаар хөлөг цагаан буюу өвлийн амралтын байрны дээврийг тендер огт зарлахгүйгээр “Бибино” ХХК-наар хуулуулж хаяснаар зунжингаа борооны ус нэвт урсаж, дээвэр нь нурах дөхснийг тэд тас нууж байна.

Учрыг тодруулбал тус байрны дээвэр бага зэрэг дусаал дусаж урсгал засвар хийх шаардлагатай болсон нь үнэн юм байна. Гэтэл 2020 оны 3-р сард Ш.Одончимэг захирал ямар ч тендер шалгаруулалтгүйгээр “Бибино” ХХК-наар 50.0 сая төгрөгөөр дээврийг шинэчлэхээр тохирч 110 м.кв хар цаасыг нь шууд хулуулсан байна. Хуулийн дагуу 10-аас дээш сая төгрөгийн худалдан авалт, гэрээнд заавал тендер зарлах ёстой. Гэтэл хууль зөрчиж “Бибино” ХХК-наар ажлаа эхлүүлсэн нь асуудал дагуулж эхэлсэн тул арга буюу нэр төдий тендер зарлах болсон байна. Удалгүй 4 сарын 13-д эхний тендерийг явуулж “Бибино” ХХК ганцаараа ортол 1 сая төгрөгийн татварын өртэй болох нь үнэлгээний явцад илэрч тендерийг хүчингүй болгож дахин тендер зарлав. Улмаар 4-р сарын 20-нд хоёр дахь шатны тендерийг зохион байгуулахад “Бибино” ХХК нь үнийн саналаар ялагдаж, “Зөв тэнхлэг” ХХК-ыг үнэлгээний хороо дэмжсэн шийдвэр гаргасан байна. Үүнээс үүдэж дээврийн ажлаа хэдийн эхэлсэн “Бибино” ХХК нь ч гэрээ байгуулж чаддаггүй, “Зөв тэнхлэг” ХХК-тайгаа ч гэрээ хийдэггүй бантангийн байдалд орж хуулсан дээвэртэй байрандаа хүүхдүүд авч нөгөө хэд нь зунжингаа үерийн ус балгаж тоглосон байна. Ийм л дампуу ажлаа зөв зохион байгуулж чаддаггүй, хууль дүрмээ мэддэггүй хүнээр Монголдоо ганц байгаа олон улсын хүүхдийн зуслангаа удирдуулж байна.

Олон улсын “Найрамдал” төв 1978 онд Орос ах нарын тусламжаар баригдаж байсан түүхтэй. Монголчууд өөрсдийн санаачлагаар хүүхдүүддээ барьсан олигтой зуслан байхгүй. Гэтэл ганц байгаагаа газрыг нь хэдэн талаас хэмлэж, хүүхэд амрах байрыг бохирын нүхээр бүслээд зогсохгүй удирдлагууд нь ажлаа иймэрхүү “дампуу” хийж байхад хариуцлага тооцдог дарга, сайд гэж алга. Нүдэн балай чихэн дүлий явсаар л байна. Монголын төр үнэхээр хүүхдэд ээлгүй нь үнэн юм даа.

Эх сурвалж: ubn.mn


URL: