Онгоцонд төрсөн Энхцэлмэг, Энхжигүүр охидод МИАТ-ийн удирдлагууд насан туршид нь үнэ төлбөргүй нисэх эрх гардууллаа

15972842995f349fcbb5e3c

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр ирсэн 42 настай эмэгтэй амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн билээ.  Тухайн үед төрсөн эмэгтэй 7 сартай байсан бөгөөд дутуу нярайлж, эрсдэлтэй орчинд амаржсан ч алтан гарт эмч нарын ачаар ихэр охид эсэн мэнд бойжиж байна. Тэгвэл өнөөдөр ихэр охид ээжийн хамтаар ХӨСҮТ-ийн тусгаарлалтаас гарч, сувилалд шилжиж байгаа аж.

Энэ үеэр МИАТ-ийн удирдлагууд, тухайн үед нислэг үйлдэж байсан нисэх багийнхан ихрүүд болон ээжид нь хүндэтгэл үзүүлж, тус компаниар насан туршдаа үнэгүй үйлчлүүлэх эрхийн бичиг гардууллаа.  Энэ үеэр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр “Олон улсын нислэгийн үеэр ихэр хүүхэд төрж байсан түүх дэлхий дахинд байдаггүй юм байна. Манай онгоцонд төрсөн ихрүүд анхных нь боллоо. Олон хүнийг их түгшээсэн, бас баярлуулсан. Үнэхээр ус уух хувьтай, азтай охидууд юм. Манай компанийн хүнд цаг үед бас нэг сорилт, түүх болж үлдэж байгаад бид баяртай байгаа. Монголчууд охин төрөхөөр өсөн дэвжих, энх цагийн бэлгэдэл гэж ярьдаг. Тэгвэл энэ охид бидэнд их урам өгч, цаашид өсөн дэвжихийн бэлгэдэл боллоо” хэмээлээ.

Онгоцонд төрсөн эмэгтэй ихэр охиддоо Энхцэлмэг, Энхжигүүр гэдэг нэр хайрласан юм байна. Охидууд ердөө 1.4 кг жинтэй төрсөн. Одоогоор жин нь нэмэгдэж, хэвийн байдалтай болж байгаа ажээ.


URL: