Коронавирусний эсрэг анхны вакциныг “Спутник V” гэж нэрлэжээ

712-15971995185f3353a62af34МОСКВА. /ТАSS/. ОХУ-д гарган авсан дэлхийд анхных болох коронавирусний эсрэг вакциныг “Спутник V” гэж нэрлэжээ. Энэ тухай уг вакцинтай холбоотой мэдээллийг өгөх албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.

“1957 онд ЗХУ дэлхийн анхны сансрын хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн нь дэлхий даяар сансрын судалгааг идэвхжүүлж байсан. Үүнийг бэлгэдэн анхны вакцинд “Спутник V” гэдэг нэр өглөө” гэж цахим хуудсанд тайлбарлан бичжээ. Үүний сацуу өдгөө дэлхий даяар коронавирусний эсрэг 160 гаруй вакциныг туршиж байгааг дурдсан байна.
Мэдээлэлд цааш нь дурдахдаа “гадаадын зарим мэдээллийн хэрэгсэлд уг вакцины талаар буруу ташаа мэдээлэл түгээж байгаатай тэмцэх, вакцины талаарх тодорхой мэдээллийг шуурхай хүргэхийн тулд цахим хуудсыг нээлээ” гэжээ. Мягмар гарагт Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн захирал Кирилл Дмитриев мэдэгдэхдээ “манай улсад гарган авсан вакцины талаар зохион байгуулалттайгаар мэдээллийн довтолгоо хийж байна” гэсэн юм.
Мягмар гарагийн өглөө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдээлэл хийх үеэрээ, Орос улс дэлхийд анх удаа коронавирусний эсрэг вакциныг улсын бүртгэлд бүртгэсэн гэдгийг зарлан мэдэгдсэн билээ. Уг вакцины эмнэлзүйн туршилтыг Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн мэргэжилтнүүд 6-7 дугаар сард хийсэн байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL: