Багагүй ажлуудыг амжуулсан 7 хоног болж өнгөрлөө
Манай аймаг бол ОХУ, БНХАУ-тай хиллэдэг хилийн аймаг, энэ утгаараа олон хилийн боомттой. Гэтэл бусад аймгуудын нутаг дахь хилийн боомтуудын ихэнх нь аймгийн төвтэйгөө хатуу хучилттай замаар холбогдсон нь орон нутгийн хөгжил, хүн ардынх нь амьдрал ахуйд чухал ач холбогдолтой нь тодорхой харагддаг. Нутгийн иргэд нь ч сэтгэл хангалуун байдаг юм билээ. Яагаад хамгийн олон хилийн боомт бүхий Дорнод аймгийн маань нэг ч хилийн боомт нь Чойбалсан хоттойгоо хатуу хучилттай замаар одоо болтол холбогдоогүй юм бэ? гэдэгт анхаарлаа хандууллаа. Энэ талаар Зам, Тээврийн Хөгжлийн сайд Л.Халтар, тус яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон холбогдох мэргэжилтнүүдийн түвшинд хүртэл уулзаж, дэлгэрэнгүй ярилцлага өрнүүлж хагас өдрийг өнгөрүүлсэн юм. Уулзалт ч үр дүнтэй боллоо. Тухайлбал: Хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох зайлшгүй шаардлага, одоогийн байдал, энэ талаар урьд өмнө нь хийгдсэн ажлууд, шийдэгдэхгүй өдий хүрсэн шалтгаан нөхцөл, цаашид энэ ажлыг эхлүүлэх арга замын талаар бүх түвшинд санал бодлоо солилцсоны үр дүнд эхний ээлжинд Чойбалсан хотыг “Хавирга” хилийн боомттой хатуу хучилттай замаар холбох 124,5км автозамын ТЭЗҮ, зураг төсөв нь бэлэн болсон учир энэ ажлыг эхлүүлэхэд шаардлагатай төсвийг 2021 оны төсөвт суулгах нэн шаардлагатай гэдэгт зарчмын хувьд тохиролцож бодит ажил хэрэг болгох талаар авах арга хэмжээнүүдийг тодорхойлон хамтран ажиллахаар боллоо. Мөн Ульхан хилийн боомт хүртэлх замыг ч эхлүүлэх тал дээр санал нэгдсэн юм.
- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-эрдэнэтэй уулзаж МАН-аас 2020 оны УИХ-н сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт Дорнод аймагт хэрэгжүүлэхээр тусгасан ажлууд нь Хэнтий, Дорнод аймгуудыг хамруулсан томоохон аялал жуулчлалын бүс нутаг болгох зарим асуудлуудтай уялдаатай тул төрийн бодлогоор хөгжүүлэх, хөрш ОХУ, БНХАУ-тай хиллэдэг Дорнод аймаг дахь хилийн боомтуудыг Чойбалсан хоттой хатуу хучилттай авто замаар холбох, Чойбалсан хотын нисэх онгоцны буудлыг 4С зэрэглэлд шилжүүлж агаарын замын хилийн боомтыг өргөжүүлэх, “Сумын хөгжил” хөтөлбөр, орон сууцыг нэмэгдүүлж, инженерийн хангалттай орон сууцаар хангах, хүүхдийн эмнэлэг, сургууль цэцэрлэг, спортын цогцолбор барих зэрэг төсөл хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгуулах саналыг тавьж албан бичгээр хүргүүлэн албажууллаа. Л.Оюун-Эрдэнэ сайд бүс нутгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Цэдэвийн Сэргэлэн
URL: