Ахуйн хий дэлбэрч, иргэн А-ын бие 80 хувь түлэгджээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Саруул” хотхоны 113 дугаар байранд газ дэлбэрчээ. Тодруулбал, энэ сарын 10-ны 16:40 цагийн орчимд тус байрны аравдугаар давхрын 91 тоот айлын тагтан дээр ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн байна. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын алба хаагчид очиход 22 настай, эрэгтэй А нүүр, гар, цээж, баруун хөл түлэгдсэн байжээ. Улмаар түүнийг ГССҮТ-д яаралтай хүргэсэн байна.
Түлэгдсэн иргэний биеийн байдлыг ГССҮТ-ээс тодруулахад “Битүү шиллэсэн тагтан дээр нь ахуй хэрэглээний хий алдсан байсан. А нь түүнийг мэдэлгүй тагтан дээрээ тамхи асааснаас дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтэд өртсөний улмаас зүүн гарын мөрнөөс бугалга хүртэл, баруун хөлийн өвдөгнөөс шагай хүртэл түлэгдсэн. Түлэгдэлтийн зэрэг 80 хувьтай, биеийн байдал нь хүнд байна. Энэ үеэр тагтны шил хагарч, доош унасан боловч хүн гэмтээгүй” гэв.
URL: