“NBA” эргэн ирлээ

 712-1597102370Video_T1_Hero_TopVideo
Дэлхийн хамгийн шилдэг сагсанбөмбөгийн холбоо болох NBA-гийн 2019-2020 оны улирал эхлээд хэд хонож байна. Дэлхий нийтийг айлгаад буй “COVID-19” хэдэн зуун саяар тоологдох спорт сонирхогчдыг ч бас уйдаагаад байсан юм. Тэгвэл шинэ вирусын халдвараас үүдэн 5-6 сар улирлын тоглолтуудаа цуцлаад байсан лиг өнгөрсөн долдугаар сарын 31-нээс дахин эхэлсэн нь спортын салбарт бас нэгэн сонирхох томоохон үйл явдлын нэг болоод байна.
Энэ өдрүүдэд  цахим ертөнц Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн мэдээллүүд, гал гарсан тоглолтуудыг үзэж сонирхон, сэтгэл огшоосон мөчүүдийг эргэн дурсаж, сошиол орчинд үзэх юмтай, ярих сэдэвтэй сууж байна. Энэ удаагийн улирлын тоглолтуудаас онцлох зарим мэдээллийг хүргэе.
“COVID-19″ цар тахлын онцгой үед “NBA” плэйоффт шалгарах боломжтой байсан 22 багт тэнцүү боломж олгохын тулд баг тус бүрийг дахин найман тоглолт хийлгэхээр болсон билээ. Харин лиг цуцлагдсанаас хойшхи анхны тоглолтыг Юта Жазз болон Нью Орлеанс Пеликанс багууд хийсэн бөгөөд Юта Жазз баг 106:104-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авч, улирлын 41 дэх хожлоо авсан юм.
Тус тоглолтод Юта Жазз багийн лидер Донаван Митчелл 20 оноо авсан бол самбарын тоглогч Руди Гобер 14 оноо, 12 удаа самбараас бөмбөг авалт хийжээ. Харин Нью Орлеанс Пеликанс багаас Брандон Инграм 23 оноог авч багаа тэргүүлсэн билээ. Лос Анжелес хотын хоёр багийн тулаан мөн энэ өдөр явагдаж дууслаа.  Энэ тоглолт мөн л үзэгчдийг суудлаасаа өндөлзүүлсэн, сонирхолтой тоглолт боллоо.
Үргэлж эрч хүчтэй тамирчдаар хүч сэлбэж байдаг Лэйкерс багийнхан энэ удаагийн улирлын тоглолтоо мөн гайхалтай эхлүүлж байна Лос Анжелес Лэйкерс баг 49 хожил, 14 хожигдолтойгоор Өрнөд бүсийг тэргүүлж байсан бол Клипперс хоёрдугаар байрт 44 хожил, 20 хожигдолтойгоор бичигдэж байсан юм. Эхний хэсгээсээ ширүүссэн тус тоглолтод Лос Анжелес Лэйкерс баг 103:101-ийн харьцаатайгаар илүүрхэн улирлын 50 дахь хожлоо авлаа.
Лэйкерс багийн хожлын түүхийг эргэн санавал хамгийн сүүлд  2011 онд өдгөө бидний дунд нэр алдраа дуурсгасаар тэнгэрийн орноо одсон,  нэрт сагсчин Коби Брайантаар удирдуулсан Лос Анжелес Лэйкерс баг 50 хожилд хүрч байсан билээ. Ингэснээр Лэйкерс 33 дахь удаагаа улиралд 50 болон түүнээс дээш хожил авснаар мөнхийн өрсөлдөгч Бостон Селтикс багтай тэнцлээ. Тэмцээнд ширүүхэн өрсөлдөж буй багуудын тамирчид аль аль нь эрч хүчтэй, талбайн бүх хэсэгт идэвхитэй тоглолтыг үзүүлсээр байна. Энэ нь тамирчдын бэлтгэл тасалдаагүйтэй холбоотой, мөн энэ тэмцээнийг спорт сонирхогчид төдийгүй тамирчид ч бас удаан хүлээсэн гэдэг нь харагдаж байна хэмээн спорт сонирхогчид цахим орчинд сэтгэгдлээ хуваалцсаар байна.
 Энэ тоглолтод Энтони Дэвис 34 оноо, найман самбараар багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 16 оноо, мөн найман самбар, долоон оновчтой дамжуулалт гэсэн олон талт тоглолтыг үзүүлсэн. Харин Лос Анжелес Клипперс багаас Пол Жорж 30 оноо, Кавай Леонард 28 оноог тус тус авсан юм. Ингээд олон сар хүлээсний эцэст NBA эргэн ирлээ.
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Tags: