Хэнтийн “цементэн овоолго”-ыг аудитаар шалгуулья

хөшөөХэнтийн алдарт “бүтээн байгуулалт” хэмээх Их хуралдай цогцолбор, Андлалын хөшөө хэмээх цементэн хоёр “бүтээл” сошиал сүлжээг донсолгож, хэл амны бай, уур хилэнгийн талбар болж  байна. Арга ч үгүй юм, хажууханд Өвөрмонголчууд түүхийн бүтээлүүдээрээ гайхашруулж байхад хэдэн тэрбумаар хийсэн гэх эдгээр “бүтээл” хийснээсээ хийгээгүй нь дээр сэтгэгдлийг төрүүлж байгаа болохоор.

Сошиалд “онигоо”-ны баатар болоод байгаа энэхүү “бүтээл”-ийг 2019 оны арванхоёрдугаар сард Улсын комисс хүлээн авсан.

Энэ бол Их хуралдай хэмээх ауагаа “бүтээл”-тэй Ерөнхий сайд баяр баясгалантай танилцаж буй агшин. Энэхүү “бүтээл” /Их хуралдай цогцолбор гэх үү, гэр гэх үү, дүйх үг үнэндээ олдохгүй байна/-ийн хөрөнгө оруулалтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжин, Шадар сайд Л.Оюун-Эрдэнэ алдарт “400 сая жуулчин ирнэ” гэсэн үгээр “хачирлаж” байсныг та бүхэн санаж байгаа байх.

Эрхэм сайд Л.Оюун-Эрдэнэ хөх торгон дээлээ тунаруулан баяр ёслолын байдалтай очиж танилцсан “түүхэн” зураг ч бий. Дашрамд хавчуулахад Л.Оюун-Эрдэнэ өвөөгийнхөө гэрийн буурин дээр энэхүү “бүтээл”-ээ бариулсан гэсэн тэнэмэл үгс твийтерт явна лээ. Үнэхээр ингэж гэр барьж зугаацмаар бол өөрийнхөө мөнгөөр тогломоор юм. Элэг хөшөөм онигоонуудын нэг болоод байгаа, 400 сая жуулчин бүх хэл монголчууд өөрсдөө ч ичмээр “дамшиг”-аа одоо Оюук сайд юу гэж тайлбарлах юм. Арай л “Юм хийж байгаа нэгнээ та нар бла бла…” гэхгүй л байх. Харин “Мөнгөндөө л тааруулаад, дахиад хөрөнгөө оруулалтаа нэмчихвэл…” гэх вий.

Зарим хүмүүс “Дуусаагүй байгаа юм биш үү, дуусахаараа илүү гоё болох ч юм билүү” гэж өмөөрсөн байна лээ, зайлуул. Гүйцээлээ, гүйцээлээ гэхэд нэг их дээрдэх нь юу л бол. Дээр нь дахиад хэдэн тэрбумыг ч татвар төлөгч бидний мөнгөнөөс авах юм билээ?

Сануулахад баян айлын банаг /илүү гэр/ гэмээр энэхүү “бүтээл”-д 1,9 сая төгрөг зарцуулсан бөгөөд мөнгөө “онц” зарцуулсан учраас Улсын комисс хүлээн авсан албан мэдээ энд буй. Тодотговол дуусаагүй  барилга гэсэн ангиллаар улсын комисс хүлээн авсан учраас цаашид “улс” өөрөөр хэлбэл төсвийн мөнгөөр үргэлжлүүлнэ гэсэн үг.

Зарим хүн хараад ичиж үхмээр энэхүү “бүтээл”-ийг сошиалд Исламын сүмтэй харьцуулж, үүрэн холбооны компанийн антенын суурь, баян айлын илүү гэр, Чингис хааны жорлон гэх мэтээр шоглож байна. Шоглох ч юу байх вэ дээ, харагдаж байгаа нь л ерөөсөө тэр.

Хэлбэр нь л юу юм бэ гэхээс “манай” Хэнтийн “бүтээн байгуулалт“ Исламын сүмүүдийн дэргэд зүгээр л хүүхдийн тоглоом. Жишээ болгож та бүхэн туркменчүүд 1 сая орчим доллараар бүтээсэн сүмийн зургийг харж байна. 1,9 тэрбум төгрөг зарцуулсан, одоо нэмээд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэхээр энэ сүмийн хөрөнгө оруулалтаас ч бараг давж гарахаар байгаа биз.

Үүн дээр мөн Оюук сайдын санаачлан У.Хүрэлсүхийн дэмжсэн Андлалын хөшөө бас нэмэр хачир болж байна. Мөн л гайхам сайхан эскиз зурагтай байсан энэ хөшөө гадны хүнд үзүүлэх нь бүү хэл, монголчууд өөрсдөө ч ичээд зугатаам болжээ. Баригдаж дуусаагүй байж л эхнээсээ эмтэрч байгаа энэ “бүтээл”-ыг муухан СӨХ-тэй байрных шиг хаалгатай, томхон “жорлон”, уурлаж цөхөрсөн Оюук сайдын дүртэй гэж хүмүүс хошигнож байна. Дээр нь шартсан эр, халамцсан эрсийн мөргөлдөөн, Оросын гурван баатар Монголын талд төөрсөн нь гэх мэтчилэн мундахгүй олон хошигнол, зүйрлэл “төрөөд” байгаа.

Гэхдээ энэ бүхэн бол хөнгөхөн хошигнол төдий бус, төсвийн мөнгийг хэрхэн шамшигдуулж, элэг доог болгож байгаагийн нэг жишээ. Өмнө нь тендер нэрээр шавар овоохой босгох бүрийд сошиал сүлжээнд хэсэг давалгаалж шоглоод, төсвийн мөнгөөр гараа угаагчдыг гааруулсны бас нэг жишээ. Уг нь энэ бол ердөө л татвар төлөгч биднийг тэнэг хэмээн доромжилж байгаа хэрэг. “Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ”  гэж “саакарч” байгаа эрх баригчдын үнэн дүр зураг. Нөгөө талаас ийн “даврах” бүрд нь дуугай өнгөрч байсан татвар төлөгч бидний хүлцэнгүй, маанаг байсны “шагнал”.

Өнөөдөр олон нийтийн сүлжээ Хэнтийн хоёр “цемент”-ийг хүчтэй шүүмжилж байна. Гэвч монголчуудын зан юм хойно хэдэн өдөр шуугилдаад, дараагийн сенсациа шүүрэн авах шинжтэй. Үүнийг нь ч төсвөөр тоглогчид андахгүй мэдэж байгаа байлгүй. Эд хэсэг шуугиад л мартана гэж маадайж байгаа шинжтэй. Өөрөөр хэлбэл, цаашид ч энэ доромжлол үргэлжилнэ гэсэн үг.

Тэгэхээр бид яах ёстой вэ? Дахиад л чимээгүй өнгөрөөж, дараагийн хөрөнгө оруулалтыг нь энэ мэт “цемент”-ээр угаахыг хараад суух уу?

Хэсэг шаагилдаад орхихын оронд энэ мэт төсвийн хий зарцуулалтад хяналт, шаардлагаа тавьж, үгээ хэлэх ёстой бус уу, манайхаан.

Тэгэхээр өнөөдөр уурлан бухимдаж байгаа бүхэн, ялангуяа хүчтэй засаглал болох хэвлэлийнхэн, нөлөөллийн чадвараа өмнө ч олон харуулсан сошиалынхон энэхүү шуугианыг мартаад өнгөрөөх бус зохих төвшинд шаардлагаа тавьж, хариуцлага тооцох уриалга өрнүүлэх ёстой бус уу?

Эхний алхам бол аудитын шалгалт оруулах, цаашилбал, дахиж оруулах хөрөнгө оруулалтыг шилэн болгож хяналт тавих хөдөлгөөн өрнүүлбэл ямар вэ?

Алийн болгон бид чимээгүй гүлдийж, төсвөөр тоглогч бүхнээр доромжлуулж байх вэ, тийм үү? Та санаа бодлоо илэрхийлээрэй.

А.Туяа

https://www.infomongol.mn/


URL: