ХӨСҮТ-ийн удирдлагууд архидан согтуурч, цагдаагийн алба хаагчийн биед халджээ
ХӨСҮТ- ийн удирдлагууд халдварын голомт буюу ажлын байран дээрээ архидан согтуурч шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийг зодож танхайрсан хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр ХӨСҮТ ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, дэд дарга асан Г.Сүрэнханд, Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Энхбаатар нар ХӨСҮТ ийн байранд архидаж, улмаар хамгаалалтад гарч байсан цагдаагийн алба хаагч тарахыг шаардахад нь зодож биед нь гэмтэл учруулсан гэх мэдээлэл байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр, “А.Амбасэлмаа нь Баянзүрх дүүргийн эргүүлийн цагдаа нарыг очиж, танхайрсан хэргээр шалгахаар авч явах гэхэд өөрийн машиндаа сууж зугтсан. Мөн эргүүлийн цагдааг зодсон байж болзошгүй гэсэн” юм.
Тухайн өдөр ажлын байран дээрээ архидан согтуурсан ХӨСҮТ-ийн удирдлагууд биеэ хянах чадваргүй болтлоо согтсон байсан аж. Тэднийг хамгаалалтад гарч байсан цагдаа нар шаардлага биелүүлэхгүй байсан учраас Баянзүрх дүүргийн цагдаа нарт дуудлага мэдээлэл хүргүүлсэн байна. Харин дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчийн биед халдаж зодож танхайрсан байна.
ДАРГА НАРТ ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ХЭРЭГ ҮҮ?
Уг нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд Төрийн байгууллагын байранд архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байдаг. Гэвч энэ заалтыг тэд авч хэлэлцсэнгүй. Тодруулбал, тус хуулийн 7.1 дэх хэсэгт дараах заалтууд багтжээ. Үүнд:
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль:
7 дугаар зүйлийн 1. Согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхэд хориглох зүйл
7.1. Дараахь газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно:
7.1.1. төрийн болон төрийн бус байгууллагын албан байр;
7.1.2. согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжийн албан болон үйлдвэрлэлийн байр;
7.1.3. хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар…” гэх мэтээр заасан байдаг.
ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БАЙРАНД ХҮНИЙ АМЬ ХОХИРЧ БАЙВ
Зам, тээврийн хөгжлийн яамны дарга нар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарснаас хойш яг 2 жил өнгөрлөө. Шалтгаан нь мөн л архи байв.
Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2018 оны наймдугаар сарын 9-ний шөнө Зам, тээврийн хөгжлийн яамны байранд тус яамны газрын дарга нар архи ууж, улмаар нэгнийхээ амийг бүрэлгэсэн ноцтой хэрэг гарсан. Үүнээс хойш, асуудал Засгийн газрын түвшинд яригдаж, Төрийн байгууллага руу архи нэвтрүүлэхгүй байхад хатуу хяналт тавихаа зарлаж байв.Үүгээр ч зогсохгүй, нэгдсэн шалгалт хийж, Тусгай хамгаалалттай төрийн яам, агентлагуудын байрнаас их хэмжээний архи, согтууруулах ундааны зүйлийг хураан авч байсан юм. Тодруулбал, Төрийн тусгай хамгаалалтын газраас Төрийн захиргааны 18 байрны 830 өрөөнөөс 115 ширхэг архи, 11 ширхэг шатамхай бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил савыг хураан авч байв. Гэвч байдал дээрдээгүйг дээрх жишээ харуулав.
ГЭРТЭЭ ХАРИХГҮЙ ОЛОН САР АЖИЛЛАСАН ЭМЧ НАРААСАА УУЧЛАЛТ ГУЙХ УУ?
Өдөр бүр иргэдэд хандан сэрэмжлүүлэг мэдээлэл түгээж, халдварын голомтод ажиллах хариуцлагатай үүрэг хүлээсэн ХӨСҮТ-ийн удирдлагууд ийнхүү эрсдэлтэй орчинд, халдварын голомтод архидаж хариуцлага алдсан байна. Хэрэв тэд энэ мэт ажлын байран дээрээ архи уух үед халдварын эрсдэл гаргавал хэн хариуцлага хүлээх вэ? Тэдний энэ увайгүй үйлдэл нь олон сар нойр хоолоо хасаж гэртээ харилгүй, баярын өдрөөр хүүхдүүдтэйгээ ч уулзаж чадалгүй ажилласан нийт эмч ажилтнуудын нэр хүндийг унагаад зогсохгүй, хөдөлмөрийг нь уландаа гишгэсэн үйлдэл боллоо.
ШИНЭ САЙД Т.МӨНХСАЙХАН ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ?
Засгийн газар, эмч эмнэлгийн ажилтнууд Коронавирусыг дотооддоо алдалгүй ажилласан тул олон нийтээс онц дүн аваад буй. Гэвч тэд өөрсдийнхөө ч, бусдынхаа ч хийсэн хөдөлмөрийг үгүйсгэж байгаа мэт хариуцлагагүй үйлдэл гаргалаа. Тиймээс ч салбарын сайд эдгээр хүмүүстээ хэрхэн хариуцлага тооцох вэ гэдэг нь анхаарал татаж байна. Хэрэв энэ талаар ам нээхгүй, уучлал гуйхгүй өнгөрвөл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өөрөө хариуцлага хүлээх үү гэдэг асуудал ч яригдана. Ямартай ч, шинэ сайд ёс зүйгүй ажилтнууддаа хариуцлага тооцох эсэхийг одоо л харах үлдэж байна.
Эх Сурвалж: Urug.mn
URL: