Япон улсын иргэдийн 33.7 хувь нь цар тахлын тархалттай холбоотойгоор Токио дахь зуны олимп, паралимпын наадмыг цуцлахыг хүсчээ. “Киодо” агентлагаас явуулсан нийгмийн судалгаанд оролцогчдын 23.9 хувь нь наадмыг ирэх зун зохион байгуулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Харин 36.4 хувь дахин хойшлуулахыг хүсчээ. Судалгааг гар утасны болон суурин утасны санамсаргүй түүврийн аргыг ашиглан явуулжээ. Токиогийн олимпын наадмыг дахин нэг жилээр хойшлуулах нь тамирчдын хувьд хүнд сорилт болно гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ. Тэрбээр сар тутмын “Чуокорон” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Токиогийн олимп 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд болох байлаа. Гэсэн хэдий ч коронавирусийн улмаас тэмцээнийг нэг жилээр хойшлуулсан.Тодруулбал, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймугаар сарын 8-нд зохион байгуулна. Гэхдээ “Токио 2020″ гэсэн наадмын нэрийг хадгалах болно. Одоогийн байдлаар бид наадмыг үзэгчдийн оролцоогүйгээр хийх сонголтыг бүрэн дэмжээгүй.
2024 оны Парисын олимп хаяанд ирсэн үед Токиогийн олимпыг хоёр жилээр хойшлуулж болохгүй. Нэн тэргүүнд тамирчдын эрх ашгийг хүндэтгэх ёстой. Япон улс олимпын наадмыг бүрэн хэлбэрээр зохион байгуулахыг хичээж байна. Олимпын наадмын үеэр тамирчдаас гадна үзэгчдийн аюулгүй байдлыг хангах ёстой. Тиймээс цар тахлын тархалтыг харгалзан шинжилгээний үр дүнтэй системийг боловсруулах хэрэгтэй” гэжээ.
Нэмж дурдахад, Японы Засгийн газрын тэргүүн Токиогийн олимпыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаа илэрхийлсэн. Япончууд 2021 оны зун 15400 гаруй тамирчин, дасгалжуулагчийг хүлээн авахад бэлэн эсэхдээ эргэлзэж байна. Ялангуяа гадаадын хөгжөөн дэмжигчид, сайн дурынхан, сэтгүүлчид, албаны төлөөлөгчдийг хүлээн авах зардлыг төсвөөс гаргахыг Токиогийн оршин суугчид эсэргүүцсэн. Аюулгүй байдлын улмаас 2021 оны төсөв бусад олимпын наадмаас өндөр гарна. Зохион байгуулах хорооноос аюулгүй орчныг бүрдүүлэх, Токиогийн оршин суугчдын ойлголцлыг бүрдүүлэх, хялбаршуулах гэсэн гурван үндсэн зарчмаар наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Токиогийн зуны олимпыг зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори хүн төрөлхтний эв санааны их наадам үзэгчгүй болж магадгүй талаар NHК телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан. Токио хотын захиргаа шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, зардлыг бууруулах зорилгоор үзэгчдийн тоог цөөлөх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ ирэх жилийн олимпын зохион байгуулалт тахлын эсрэг вакцин, эм боловсруулалт, эмчилгээний аргыг сайжруулах эсэхээс шалтгаална. Ёширо Морийн хэлснээр олимпын наадмыг зохион байгуулах эцсийн шийдвэрийг Олон улсын олимпын хороо гаргах юм. Олимпын хорооны удирдах зөвлөлийн хурлаар Токиогийн наадмын хөтөлбөрийг өөрчлөхгүй хэвээр үлдээсэн.
Наадмын хүрээнд спортын 33 төрөлд 339 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөнө. Мөн каратэ, серфинг, ууланд авирах зэрэг төрлийг олимпод багтааснаараа онцлогтой. Зарим тамирчны хувьд Токиогийн олимп хамгийн сүүлчийн боломж билээ.
Ташрамд дурдахад, Шигшээ багийн тамирчдад зориулсан Олимпын тосгоныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хий үзэгдлийн хотуудтай харьцуулж эхэлжээ. Олимпын дараа буюу 2021 онд зодог тайлахаа зарласан тамирчдын нэг бол 35 настай Тэцуя Сотомура юм. Тэрбээр Бээжингийн олимпоос хүрэл медалийг атгаад алдсан, тамирчин бөгөөд 2012, 2016 оны олимпыг бэртлийн улмаас өнжжээ. Харин төрөлх Токио хотод нь болох наадам бол Сотомурагийн карьераа ахиулах сүүлчийн олимп. Тэрбээр ВВС агентлагт “Хэрвээ 2008 оны олимпыг нэг жилээр хойшлуулсан бол би эмзэглэхгүй байсан. Харин ч бэлтгэлээ хийж, өсөн дэвжих боломж гэж харна. Гэтэл одоо би 35 настай. Карьераа дуусгаж байгаа бидэнд олимпыг хойшлуулна гэдэг хүнд сорилт” гэсэн байна. Японы усанд сэлэлтийн супер од Рикако Ики “Бидэнд бэрхшээлийг даван туулах итгэл найдварын хүч хэрэгтэй” гэжээ. Тэрбээр 2018 оны Азийн наадмаас зургаан алтан медаль хүртэж, эх орондоо болох олимпын нүүр царай нүүр царай болсон юм. Харамсалтай нь, түүний олимпын найдвар 2024 он хүртэл хойшлогдлоо.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: