Аби сүмогоос хөөгдөх болзол сонссон ч тэсч үлдэв
Сүмогийн холбоо коронавирусын халдвараас сэргийлэн ихээхэн ажил хийж, бүх сүмочийг хэд хэдэн удаа шинжилгээнд хамруулж, олон нийттэй харилцахаас татгалзаж, башёг цөөн үзэгчтэйгээр халдвар хамгааллын хяналтан дор явуулж байгаа.
Гэтэл дээрх хорио цээрийг ноцтой зөрчсөн маэгашира Аби долдугаар сарын тэмцээний дундуур тэмцээнээс хасагдсан билээ. 26 настай Аби хоёр удаа шөнийн цэнгээний газраар дууч эмстэй наргиж, доогуур зиндааны өөр нэг сүмочийг дагуулж явсан байна.
Шикорояма дэвжээний тэргүүн бөх Абиг хатуу шийтгэн сүмогоос хөөх хүртэл төлөвлөж байсан ч өчигдөр Сүмогийн холбоо албан ёсны шийдвэрээ гаргаж гурван тэмцээн өнжөөхөөр боллоо. Түүнтэй хамт хэрэгт холбогдсон макүшитагийн бөх Гокүшиндогийн барилдах эрхийг хоёр башёд хасчээ. Мөн Абигийн цалинг таван сарын турш 50 хувиар хасах, түүний дэвжээний багш Шикорояма оякатагийн цалинг зургаан сарын турш 20 хувиар бууруулах шийтгэл оноолоо.
Шийтгэлийн хугацаанд Аби шинэхэн эхнэртэйгээ гэртээ хамт байлгүй, дэвжээнд ирж багшийнхаа хяналт дор амьдрах ёстой аж.
Ц.Ганбат
URL: