Хуулийнхан хөрөнгөө “авч” чадах уу

5f28d06a799dcМонголын нөлөө бүхий улстөрч, бизнесмэнүүд гадны улс, орнуудад үл хөдлөх хөрөнгө авсаар багагүй хугацаа өнгөрсөн. Хамгийн сүүлд ил болсон нь уул уурхайн ордын асуудалтай нэр холбогдсон сайд БНСУ-ын Ганнам дүүрэгт худалдаж авсан гурван хаус нь илэрсэн тухай мэдээлэл. Амьжиргааны өртөг өндөртэй, баячуудын дүүрэг гэгддэг тус тойрогт орон сууцны үнэ даруй тул олны анхаарлыг энэ сэдэв эрхгүй татаж буй юм. Иргэд тухайн сайдын мэдээлэл тун удахгүй дэлгэгдэнэ гэсэн хүлээлттэй хоцров. Учир нь бизнесийн хүрээнийхэн ч БНСУ-д орон сууц, хаус, газар зэргийг худалдаж авах  маягаар хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг ч чамгүй мөнгө шаардлагатай. Тухайлбал, Ганнам дүүрэгт л гэхэд орон сууцны үнэ 600 саяас 1 тэрбум воны ханштай байх нь элбэг. Монгол төгрөгөөр бол 1.4 тэрбум гаруй төгрөгөөс эхэлдэг гэсэн үг. Харин хаусын хувьд байршил болон газар байшингийн хэмжээ, хийцээсээ хамаарч өндөр үнэлсэн байдаг аж. Тиймээс бизнесийн хүрээнийхэн Ганнамд бус Чежү аралд газар, хаус авах нь элбэг. Угаас энэ аргаар Чежүд өөрийн гэсэн хөрөнгөтэй болсон монголчууд ч цөөнгүй.

Тэдний хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаас эхлээд хүүхдүүдийнхээ боловсролд анхаарал хандуулахын тулд удаан хугацаагаар оршин суух эрхтэй болох гэж хөрөнгө оруулалт хийдэг аж. Тодруулбал, тус улсад гадны иргэн 500 сая воноос дээш хөрөнгө оруулалт хийвэл визний ангилал нь өөрчлөгдөхөөс гадна эрүүл мэндийн даатгалд хамрагдах нөхцөл нь бүрддэг. Мэдээж баталгаат гэр бүлийн гишүүдэд нь ч хамаатай. Гэхдээ тухайн иргэн өөрийн харьяалал бүхий улсаас 500 саяас дээш воныг БНСУ-ын банк руу өөрийн нэрээр гуйвуулах бөгөөд хуулийн дагуу олсон орлого, ашиг гэдгээ нотлох зайлшгүй шаардлагатай аж.

Харин эдгээрийн талаарх мэдээллийг бол тус улсын Үл хөдлөх хөрөнгө зуучлалын газруудтай маш хатуу болзол бүхий нууцлалын гэрээ байгуулснаар хав дарж болдог. Ганц боломж нь БНСУ-ын хууль хяналтын байгууллагын зөвшөөрлөөр шалгах. Тиймээс Ганнам дүүрэгт гурван орон сууц авсан гэх сайдын мэдээллийг манай хууль хяналтын байгууллагынхан хамтын ажиллагааны хүрээнд тус улсаас мэдэх боломжтойн дээр хурааж авна гэдэг юу л бол.

Нэгэнт цэвэр мөнгөөр худалдаж авч байгаа гэх баталгааг нь харж, шалгасан тусгаар улс манай хуулийнхныг очихоор “уучлаарай бид дутуу шалгачхаж, бидний буруу” гээд улсдаа оруулсан хөрөнгө оруулалтыг нь буцна гэж үгүй л болов уу. Өөрсдийн хийсэн ажлаа буруутгах тийм хууль бус зүйл хийх “тэнэгүүд” биш л дээ, солонгосчууд.

Тэгэхээр хэчнээн Засгийн газрын сайд Ганнамд орон сууц авсан байсан ч түүнийг нь хурааж, монголдоо хөрөнгийг нь авч ирнэ гэдэг үлгэр.

Мөн Ерөнхий сайд асан С.Баярыг буруутгаж охиных нь АНУ-д авсан хөрөнгийг хураана гэдэг ч үлгэр. Зүгээр л олон нийтийн дунд шидэж өгсөн “хэрүүлийн алим”. Нэгэнт нас биед хүрчихсэн, эцгийгээ Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллахаас өмнө АНУ-д өөрийн гэсэн хөрөнгөтэй болчихсон хүний хөрөнгийг хураана гэдэг байж боломгүй асуудал. Тэр тусмаа эрх чөлөөний оронд шүү.

Ингэхээр хэчнээн хууль хяналтын байгууллагынхан хамтардаг байлаа ч тэдгээр хаус бас л тэндээ л үлдэх нь гарцаагүй. Тэгэхээр тухайн улс орнуудад орсон хөрөнгө нэгэнт үл хөдлөх болсон бол оффшор дансанд байршуулснаас ч хүнд хэцүү болж, тэндээ л үлдэж таарах нь ээ.

Erennews.mn


URL: