Л.Оюун: Засгийн газар хөрөнгө оруулах боломжтой бол бүтээн байгуулалтаа хийх хэрэгтэй

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар МУИС-ийн багш, доктор, профессор Л.ОЮУНТАЙ ярилцлаа.

-Цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг уналттай байна. Манай улсын хувьд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Төсөв алдагдалд орсон. Шалтгаан нь цар тахлыг даван гарахын тулд төлөвлөөгүй зардлууд нэмэгдсэнээс төсвийн зардал өссөн. Дээрээс нь аж, ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсоноос орлого нь буурч төсөвт очих ёстой татвар багассанаас төсвийн орлого буураад байна. Энэ байдал үргэлжилбэл байдал улам л муудах дүр зураг харагдаж байна.
-ОУВС-гаас дэлхийн эдийн засгийг 4.9 хувиар унана гэж таамагласан байсан. Хэрвээ дэлхийн эдийн засаг энэ хэмжээгээр унавал манайд хэрхэн нөлөөлөх бол?
-Манайх шиг импортын бараа нь зах зээлийнх нь 90 хувийг эзэлдэг оронд дэлхийн эдийн засгийн уналт ихээхэн нөлөөлнө. Дэлхий нийтээр эдийн засаг хямраад байгаа учир манайх ч адил гэдэг хандлагаар хандвал бид хямралд илүү өртөнө. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Өөрөөсөө биш хэн нэгнээс буруутан хайх хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Дээрх хандлагаас гарч, бид юу хийх вэ гэдэг арга замаа хайх нь өөртөө ашигтай байдал бий болгох болно. Засгийн газар дэлхийн эдийн засаг манай эдийн засагт нөлөөлөөд байна гээд л бүгдийг тайлбарлаж, өөрөөсөө асуудлыг холдуулж эхэлбэл бусад нь ч дуурайна.
-Төсвийн орлого 2.1 их наяд төгрөгөөр тасраад байна. Одоо УИХ-ын чуулганаар төсвийн тодотгол хийнэ.Төсвийн тодотгол хийхдээ юунд анхаарах шаардлагатай вэ?
-Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн болгох, цаашлаад өсгөх арга хэмжээ авах ёстой. Үүнээс өөр арга байхгүй.
Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих арга бол борлуулалт байдаг. Борлуулалт нь иргэдийн орлогоос хамаарна. Хүмүүсийг орлоготой байлгахын тулд ажлын байрыг нь хадгалахаас гадна нэмэгдүүлэх хэрэгтэй.
-Төсөвт тодотгол хийхтэй зэрэгцээд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэнэ. Үйл ажиллагааны хөтөлбөрт томоохон бүтээн байгуулалтын цөөнгүй ажил багтаж байгаа. Ер нь эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтад хэрхэн хандах ёстой вэ?
-Засгийн газарт бүтээн байгуулалтаа хийх боломж, мөнгө нь байвал хөрөнгө оруулалт хийх л хэрэгтэй. Хөрөнгө оруулалт нь хүмүүсийг ажлын байртай болгож, орлоготой болгоно. Үүнийгээ дагаад худалдан авалт ч хэвийн болно. Аж ахуйн нэгж борлуулалт хийснээр үйл ажиллагаа нь хэвийн болно. Тиймээс хөрөнгө оруулалтыг ирээдүйн орлого гэж харах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж байгаагийн удаах шалтгаан нь хөрөнгө оруулалт өөрөө хэрэглээ байдаг. Тиймээс хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаа хийгээд явах нь зөв. Бүтээн байгуулалт чинь ирээдүйд бас л хэрэглээ шүү дээ. Харин төсвийн тцдотгол хийхдээ хэмнэлт дээр маш их анхаарах ёстой. Нэг, хэсэгтээ тэвчиж болох зардлыг хэмнэх тухай хүн бүр л ярьж байна. Орлоготой болсон хойноо юу ч хийж болно.
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газрын өмнө нь хэрэгжүүлсэн арга хэмжээ ямар нөлөө үзүүлсэн гэж та харж байна вэ. Иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих цөөнгүй арга хэмжээ авсан шүү дээ?
-Засгийн газраас хэрэгжүүлсэн олон талын арга хэмжээ эдийн засгийг дэмжсэн. Гэхдээ тэр бүр оновчтой байж чадаагүй гэж бодож байна. Улсын хэмжээний нарийн судалгаа дутсан тал бий. Холбогдох арга хэмжээнүүдээс зарим хамрагдах ёстой газрууд үлдсэн байсан. Ямар газрын борлуулалт нь үнэхээр буурсан, үйл ажиллагаа нь доголдсон гэдгийг нэг талаас судлаад, жагсаалтыг нь гаргах ёстой байсан гэж харагдаж байна. Нөгөө талаар борлуулалт, үйл ажиллагаа нь доголдсон хэмжээг нарийн тодорхойлох хэрэгтэй. Үүнийг баримжаагаар авч үзсэн байсан. Жишээ нь, зээлтэй аж ахуйн нэгжүүдийн зээл төлөлтийг хойшлуулахдаа банкууд борлуулалт нь 50 хувиас дээш буурсан бол зээлийнх нь төлбөрийг хойшлуулна гэсэн. Борлуулалт нь 49 хувь буурсан бол хамрагдахгүй гэх зэрэг зүйл гарсан. Зүй нь борлуулалтын буурсан хэмжээгээр нь дүйцүүлж хөнгөлөлтөө үзүүлэх хэрэгтэй байсан. Ер нь юм тэгшитгээд ирэхээрээ л үр дүн нь мууддаг.
-Хэрэв эдгээр арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлээгүй байсан бол эдийн засаг одоогийнхоос ч илүү унах байсан гэж албаныхан хэлж байгаа?
-Би санал нэг байна.
-Шинээр байгуулагдсан Засгийн газар хамгийн түрүүнд цар тахлаас үүдэн гарах эдийн засгийн хямралыг хохирол багатайгаар даван туулах талаар арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлж байна. Үүний тулд яах ёстой вэ?
-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Үүнд экспортын бараа үйлдвэрлэдэг болон импортын барааг орлуулах, нөөц нь байгаа үйлдвэрлэлийн салбарыг дэмжих хэрэгтэй. Жишээ нь, хүнсний ногоо, улаан буудай зэрэг өөрсдөө тариалж болох зүйлээр дотоодын нөөцөө бүрэн хангах боломжийг нэг талаар цар тахал олгож байна. Энэ боломжийг ашиглаж чадвал ирээдүйд илүү үр өгөөжтэй байх болно. Ногоочид ч орлоготой болно.
Химийн хольцгүй, эко хүнсний ногооны тариалалт, борлуулалтыг хэтийг харан хөгжүүлэх талд арга хэмжээ авах хэрэгтэй байна. Аливаа улс орны хувьд хүнс маш чухал зүйл. Төрөөс зоорь, хадгалалт дээр нь анхаараад дорвитой алхам хийх хэрэгтэй.
 712-1524706116P1240339(1)
-Он гарснаас хойш манай улсын нүүрсний экспорт багасаж, уул уурхайн салбараас орох орлого буурсан. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай талаар УИХ-ын гишүүд хэлж байгаа. Экспортыг нэмэгдүүлэх боломж бий юү?
-Нүүрснээс гадна экспортод гаргачих чухал бараа манайд олон бий. Дэлхийн хэрэгцээг хангах  брэнд бүтээх, түүнийг экспортлох асуудал байдаг. Энэ бол махны экспорт. Гар, уламжлалт аргаар бэлтгэсэн махыг экспортлохгүй  нь ойлгомжтой. Тэгэхээр ариун  цэвэр, стандарт хангасан мах экспортлох боломжийг ашиглах хэрэгтэй. Манай улс олон сая малтай. Үүнийг дагаад бэлчээрийн даац нь хэтэрсэн. Тиймээс махаа экспортлох хэрэгтэй байгаа юм. Засгийн газар, хувийн хэвшил хамтран энэ асуудлыг шийдэх цаг нь аль эрт болсон. Гэтэл дорвитой хийсэн зүйл харагдахгүй олон жил болж байна. Засгийн газар үүнийг шийдэх арга хэмжээ авах хэрэгтэй. Нэг үнээр, нэгдсэн стандартаар махыг гадаад зах зээлд гаргах зохион байгуулалтад Засгийн газар нэгдсэн арга хэмжээ авч хувийн хэвшлийг дэмжих хэрэгтэй. Хувийн компаниуд дангаараа өөр хоорондоо өрсөлдөөд амжилтад хүрэхгүй. Энэ мэтээр Засгийн газрын хийх ажил их байна.
-Экспортыг нэмэгдүүлснээр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Ам.долларын дотогшлох урсгал нэмэгдэнэ. Бидэнд ам.доллар их хэрэгтэй. Олон улсын зах зээл дээрээс авсан ам.долларын зээлийг төлөх хэрэгцээнээс эхлээд хэрэгтэй зүйлсээ гаднаас худалдан авах, эдийн засгийн салбарыг хөгжүүлэх эх үүсвэрээ нэмэгдүүлэх гээд хэрэгцээ бол их байна.
-Ер нь ийм хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулахын тулд аж ахуйн нэгж, иргэд юунд анхаарах шаардлагатай вэ?
-Хямрал нь нийгэм, эдийн засгийн хөгжилд дэвшил, үсрэлт гардаг тохиолдол дэлхийн практикт цөөнгүй байдаг.
“Нохой хамартаа хүрэхээр усч” гэгчээр ийм цаг ирж байж болох юм. Одоо учраад байгаа хүндрэлийг даван гарах талаар хаа хаанаа хичээвэл, эрэл хайгуул хийвэл үсрэлт гарна
Аж ахуйн нэгж, хувь хүмүүс ч Засгийн газрыг хараад юу хийх бол гэж хүлээгээд сууж болохгүй. Өөрсдийн боломжоор асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй гэж хэлмээр байна Засгийн газар ч үүнд хамаарагдана. Эцэст нь хэлэхэд хамтаараа хөгждөг. Ганц тал мэрийгээд үр дүнд хүрэхгүй. Энэ бол эдийн засгийн хөгжлийн зүй тогтол. Үүнээс өөр гарц байхгүй.
М.Энхцэцэг
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Tags: