Шинэ ургацын ногооны үнэ цаашид буурна гэв
Өнгөрсөн зургаа, долдугаар сард хүнсний ногооны ханш гаарч, иргэдийг багагүй бухимдуулсан. Төмс килограмм нь 2500, шар манжин 8000 төгрөгт хүрээд байсан өдрүүд ард хоцорч, шинэ ургацын ногоо худалдаанд гарчээ. Болц нь гүйцсэн лууван, нойтон хар шороог нь гөвсөн шар төмс, жижиг, том өнгөлөг ногоон байцай, ааг нь ханхалсан сонгино, шар манжингийн үнэ ханш ямар байгааг сурвалжиллаа.
“Хархорин” худалдааны төвийн хүнсний ногоо худалдах хэсэг рүү ороход жимс, хүнсний ногоо авахаар ирсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн их байлаа. Тэнд, эндгүй “Төмс, байцай, лууван хэд вэ” гэж лавлах нь сонсогдох ажээ. Тус захад үйл ажиллагаа явуулдаг ногооны лангууны худалдагч Ш.Цогжавхлангаас шинэ ургацын ногооны үнэ ханшийн талаар тодруулахад “Шинэ ургацын ногоо наадмын дараагаас худалдаанд гарч эхэлсэн. Манайд худалдаж буй шинэ ургацын төмс килограмм нь 1500, байцай 1500, лууван 2000, хүрэн, шар манжин 2500, монгол сонгино 2500 төгрөгийн ханштай байна. Одоохондоо шинэ ургацын ногоо ховор талдаа байгаа. Бороо орвол төмсний үнэ нэмэгдэж, орохгүй бол үнэ нь хямдарна. Хүмүүсийн худалдан авалт өдөр бүр харилцан адилгүй байгаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад борлуулалт бага байна. Өнгөрсөн хавраас хятад ногоо оруулж ирэхгүй гэж байсан ч оруулж ирээд зарж байна. Лангуун дээр хятад ногоо зарахгүй байгаа ч хоолны газрууд хятад ногоо хэрэглэдэг. Манайх Хятадтай адилхан жилдээ хоёр, гурван удаа ургац хураадаггүй болохоор ногооны үнэ харьцангуй өндөр байдаг. Ер нь хүнсний ногоо зохиомол хомсдолд ордоггүй. Жишээлбэл, би ногоо тарьдаг гэвэл ард түмнийг бодож байна гээд хямд үнээр зарахыг хүсэхгүй. Жилийн хөдөлмөрөө үнэлүүлэхийн тулд үнэтэй зарна. Жил бүрийн өдийд ногооны үнэ өсдөг. Үүнийг төрөөс зохицуулах арга байхгүй. Тэгсэн, тэгээгүй махныхаа үнийг хаданд гаргачихаад зохицуулж чадаагүй байж, ногооны үнийг зохицуулж чадахгүй. Хэрвээ ногооны үнийг тогтвортой барихыг хүсвэл ноос, ноолуур шиг урамшуулал олгох хэрэгтэй” хэмээв.
“Хархорин” захаас хүнсний ногоо худалдан авахаар үнэ судалж явсан иргэн Г.Сарантуяа “Шинэ ургацын ногоо гарсан гэхэд харьцангуй үнэтэй байна. Ногооны дундаж үнэ ядаж 1000 төгрөг байдаг бол иргэдийн амьдралд хэрэгтэй. Ажил төрөлгүй бид чинь тав, арван төгрөгөө амьдралдаа хүргэх гэж ядаж байхад төмс килограмм нь 1500 төгрөгөөс буухгүй юм. Уг нь өдийд төмс бараг 800 төгрөгт хүрчихсэн байдаг шүү дээ” гэв. “Хархорин” захад ногооны үнэ 1500-2500 төгрөгийн хооронд байна. Харин бид эндээс “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Эл захад дөрвөн худалдагч эгнэн зогссон таван метр лангуунд л хүнсний ногоо зардаг юм байна. “Хархорин” захыг бодоход зай талбай бага бөгөөд худалдан авагч ч цөөн аж. Харин хүнсний ногооны үнэ “Хархорин” захынхтай адил буюу байцай килограмм нь 1500, сонгино 2000, лууван 2000, улаан сонгино 3000 төгрөгийн үнэтэй байлаа.
Тэгвэл бараа бүтээгдэхүүний үнэ хямд байдаг, томоохон хүнсний захын нэг “Барс” худалдааны төвд очив. Тус төвийн хүнсний худалдааны хэсэг рүү ороход, үүдэнд байрлах хамгийн эхний лангуунд “Монгол төмс 2000” гээд цагаан цаасан дээр хараар бичжээ. Харин захын гол хэсэгт хүнсний ногооны худалдагчид зэрэгцэн зогссон лангуун дээр очвол төмс килограмм нь 1600 төгрөг гэж байна. Харин бид жижиглэнгийн лангуунаас гарч, гадна талд байрлах бөөний төвд очиход төмс килограмм нь 1300 төгрөг гэж байлаа. Харин “Бөмбөгөр”, “Хархорин” захад байцай килограмм нь 1500 төгрөгийн үнэтэй байсан бол эл захад 800 төгрөгийн үнэтэй байх аж. Харин монгол сонгино килограммыг нь 2000 төгрөгийн ханшаар борлуулж байна.
Нэг зах дотор ч үнийн ялгаа байдаг тул хүнсний ногооны жижиглэнгийн лангууны худалдагч Д.Нямсүрэнтэй “Наадмын дараагаас шинэ ургацын ногоо гарч эхэлсэн ч төмс гараад 16-17 хонож байна. Ногооны ханш өдрөөс өдөрт унаж байгаа. Өглөө, өдөр, орой ч ханш буурч байдаг. Шинэ ургацын лууван бөөндөө килограмм нь 2000 төгрөг бол өнгөрсөн жилийн ургац 600 төгрөг боллоо. Монгол сонгино килограмм нь 2000 төгрөг, шинэ ургацын хүрэн байцай килограмм нь 1200 гэж байна. Уг нь хүрэн байцай килограмм нь 700-800 төгрөг байдаг байсан. Харин ногоон байцай гадаа талбайд байрлах бөөний төвд 450-500 төгрөгийн хооронд байна. Лангуун дээр зогсдог бид бол өртгөө шингээгээд гаднах худалдаанаас арай үнэтэй зардаг. Тиймээс шинэ ургацын төмсөө 1000 төгрөгөөс илүү үнээр зарж байна. Хуучин ургацын манжин, төмс, сонгино дууссан. Өдөр ирэх тусам шинэ ургацын ногооны бөөний үнэ буурна. Үүнийг дагаад лангуун дээрх ногооны үнэ хямдраад л байна гэсэн үг. Одоогоор хүнсний ногооны үнэ тогтворжих болоогүй байгаа. Зах, лангуугаар зарж байгаа шинэ ургацын ногоо бол түүвэрлэж хураасан, эрт ургацын ногоо. Бүгдийг нь гараар түүсэн байдаг юм шүү дээ. Удахгүй бүх ургацаа жигд хурааж эхэлнэ. Тэгэхдээ трактороор хураадаг. Тэр үед хүнсний ногооны үнэ тогтворжиж, өмнөх жилүүдийнхээ үнэтэй ойролцоо болно” гэлээ.
Тэгэхээр долдугаар сарын эхнээс “хөөрч” эхэлсэн төмсний үнэ “газардах” болоогүй аж. Тодруулбал, долдугаар сарын 6-нд “Барс” захын бөөний төвд нэг килограмм төмсний үнэ 1000-1600 төгрөг байжээ. Тухайлбал, хятад төмсний бөөний үнэ килограмм нь 1000-1200, монгол төмс 1400-1600 төгрөг байсан юм. Харин жижиглэнгийн лангуунуудад хятад төмс борлуулаагүй бөгөөд Жаргалантын болон буриад сортын төмс килограмм нь 1800-2000 төгрөг, бөөний үнэ нь 1700-1900 төгрөг байлаа. Мөн бөөний төвд хятад, монгол байцай килограмм нь 800-900 төгрөгийн үнэтэй байсан юм. Тухайн үед монгол сонгины нөөц дуусаж, орос сонгинын импорт зогсон, хятад сонгиныг килограммыг нь 900 төгрөгөөр борлуулж байлаа. Харин одоогийн байдлаар Монголын бүх төрлийн шинэ ургацын ногоо худалдаанд гарсаар байна.
Үндэсний шуудан
URL: