Дарангуйллын сүүдэр дэхь Монгол орон
Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд М.Энхсайханыг улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгаж, 4 жил зургаан сар хорих ял оноосон байгаа.
УИХ-ын сонгууль ид өрнөж байх үед цагдан хоригдож, улмаар хорих ангиас сурталчилгаагаа үргэлжлүүлж, ялалт байгуулсан 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шүүхээс 6 жил хорих ялыг улсын баяр Наадмын өмнөхөн оноосон. Түүнийг бас л эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэргийн зохион байгуулагчаар оролцсон хэмээн шийтгэсэн байдаг.
Саяхан Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр шүүхээс 5 жилийн ял сонслоо. Түүнийг Ерөнхий сайдын албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн найзын хувь нийлүүлсэн компанид давуу эрх, боломж олгосон хэмээн буруутгаж, өмч хөрөнгийг нь ч хураах шийд гарсан сурагтай.
Ингэснээр Монгол Улс ардчиллын замыг сонгосон 30 жилд шүүхээр таслан шийдвэрлэгдэж ял сонссон Дөрөвдөх Ерөнхий сайд тэр болов. Одоогоор Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан гурвын гурван хүн нэг зэрэг эрх мэдлээ хасуулан өргөст торны цаана ял эдлэж эхлэв.
УИХ-ын ээлжит сонгуулийн энэ жил гарсаар Ерөнхий сайдуудаас гадна УИХ-ын гишүүн, ЗГ-ын ХЭГ-ын дарга, Сангийн сайд асан С.Баярцогт, Шадар сайд асан Да.Ганболд, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр, ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц гэх мэт олон хүн хорих ял аваад байна.
Цаашид ч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж, Сайд асан Д.Эрдэнэбат, Б.Болор, Монгол Банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал нараас эхлээд шүүхийн энэ “хоморголсон” гэмээр шийдвэрт өртөж, ял авах цөөнгүй улс төрчдийн нэрсийг хүмүүс өөр хоорондоо ярьцгааж байна.
Ялтан болох улс төрчдийн жагсаалт лав л Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийг хүртэл тасрахгүй бизээ хэмээх “хар муур” хаа саагүй гүйх боллоо.“Эрх мэдэлтнүүдийн холбогдолтой” гэх дуулиант хэргүүд олон жил яригдаж, хойшлогдож, сунжирсаар УИХ-ын сонгуулийн өмнөөс эхлээд өнөөг хүртэл ар араасаа гэнэт шийдэгдэж, улс төрчдийг “ялтан” болгосоор байгааг нийгэмд хоёр талтай хүлээн авч байна.
Нэг хэсэг нь улс төрийн захиалга, хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эрх мэдэлтнүүд улсыг хохироосон бол шийтгэлээ хүртэх нь зүйн хэрэг гэж үзэж байх шиг.
Гэхдээ өнөөдөр Монголд өрнөж буй энэ “хоморголон” шүүж буй өнөөгийн үйл явц нь
-Шударга үнэний төлөөх “жинхэнэ” тэмцэл мөн үү?
-Эрх мэдэл, байр суурийн төлөөх тэмцлийн хаялга, хувь хүний өшөө авалт уу?
-Улс оронд хүчирхийлэл, дарангуйлалыг тогтоох “зорилго, чиглэлтэй” бодлого уу?
-Эсвэл гадна дотны хөндлөнгийн хорт явуулга уу? алин болохыг Монголчууд бид нухацтай бодож, дүгнэлт хийх цаг болсон санагдана.
ХХ Зуунд, бүр тодорхой хэлбэл, 1922-1941 оны хооронд монголчуудад тохиолдсон Их хэлмэгдүүлэлтийн шуурганд Д.Бодоо, Д.Чагдаржав, Ц.Жигжиджав, П.Гэндэн, А.Амар нарын Монгол Улсын 5 Ерөнхий сайд хэлмэгдэж, амь насаа алдсан байдаг.
XXI Зуун гарсаар өнөөдрийн байдлаар ардчилсан Монгол оронд тавын таван Ерөнхий сайдаа, тухайлбал, Н.Энхбаяр, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат, С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг барьж хорьж, хорих гэж байгааг юу гэж үзэх вэ?
Сонгууль болохоор л нэг нэгнийгээ барьж хорьдог явдал бүр хэвийн үзэгдэл болсны бодит жишээ энэ биш гэж үү? Энэ ер нь улс төрийнэрүүл үзэгдэл гэж үү?
Сонгууль зохион байгуулах ардчилсан арга зам, зарчим алдагдаж, устаж, дарангуйллын сүйдэр Монголыг дайрчихаад байгаа юм биш биз?!
Үүний тулд өнгөрсөн түүх сөхөн сануулах юун
Германд 1932 онд парламентын чөлөөт сонгуульд Германы Үндсэрхэг Социалист Ажилчдын Нам (ГҮСАН) ялж, Рейхстаг нь Адольф Гитлерийг Засгийн эрхэнд гаргаж, Канцлерээр томилсон байдаг. Ийнхүү 1933 оноос 1945 он хүртэл Герман улсад тоталитардарангуйллын нэг хэлбэр тогтсон билээ.
Энэ нь “Аричууд л дэлхийг ноёрхож бусад нь боол зардас байх ёстой” гэсэн үндэсний социалист буюу нацизмын үзэл санаа нь Герман үндэстнийг аврах үзэл суртал хэмээх ойлголтыг Адольф Гитлер олон нийтийн тархинд гүн суулгаж чадсны үр дүн байжээ.
Гитлерийн бүтээл дэх “Ардчилсан дэг журам, парламентат ёс Германд таарахгүй, тэр байтугай хүн төрөлхтний соёл иргэншлийг сөнөөх аюултай байгууламж, үүгээр дамжин нийгэм хагарч завсраар нь жүүд /еврей-Б.Э./ мэтийн гадныхан эрхийг олж улс үндэстнийг хорлодог” гэсэн онол үнэхээр тухайн он жилүүдэд германчуудын олонхийн дэмжлэгийг авч чадсан.
Өөрөө еврей гаралтай ч байж мэдэх Гитлер еврейчүүдийг нэг номерт үзэн ядах үзлийг дэвэргэж, улс үндэстнээ дайнд татан оруулахдаа 6 сая еврейчүүдийн амь насаар гараа угаасныг бид мэднэ. Мөн түүний үзэн яддаг өөр нэг бүлэг хүмүүс нь “коммунистууд” байжээ. Германы Социал Демократ Нам (ГСДН), сүүлдээ Германы Коммунист Намын үндэслэн байгуулж, удирдсан Клара Зеткиний тэргүүлсэн намыг хориглож, олон сая хүнийг шорон гянданд хорьж, хороож байсан нь бодит түүх.
Хэвлэлийн эрх чөлөөг хааж, олон намуудыг хориглож, үндэсний эрх ашгийн үүднээс өөр үзэл бодолтон бүрийг баривчлан хориход германчуудын олонхи нь баяр хүргэж, алга ташин, уухайлан дэмждэг байсныг бид түүхэн баримт сэлтээс үзсэн, харсан.
Эргээд нэг санахад илүүдэхгүй.
Гитлер бас улс орныхоо эдийн засгийг сэргээх, цэрэг, армийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бүтээн байгуулалтын шинж чанартай олон нийтэд таалагдахуйц кампанит ажлуудыг амжилттай өрнүүлэх замаар нийгмийн туршилтуудыг хийж чадсан. Тухайлбал, Гитлер ажилгүйдлийг арилгахын тулд эхэн үедээ ажилгүйчүүдээр төмөр зам зүлгүүлж цалинг нь хангалттай өгч байсан гэдэг. Ингэснээр “Нэг хэсгээр нь нүх ухуулаад, нөгөө хэсгээр нь түүнийгээ эргүүлж булуулаад аль алинд нь цалин өг, тэгвэл нийтээр худалдан авах чадвартай болж үйлдвэрлэлээ дэмжсэнээр хямралаас гарна” гэсэн Ж.М.Кейнсийн хямралаас гарах онолыг амьдралд хамгийн сайн биелүүлсэн хүний нэг бол Гитлер болсон. Чухам иймээс л Германчууд удирдагчаа тойрон хүрээлж” бурханчлан” үзсэн нь дамжиггүй.
Үр дүнд нь Гитлерийн дэгдээсэн Дэлхийн II дайн 60 сая хүний амь насыг авч одож байж, 1945 оны 5 сарын 30-нд Герман улс Үг дуугүй бууж өгөх Гэрээнд гарын үсэг зурснаар Германы орны төдийгүй, Дэлхийн түүхэн дэх Гитлерийн дарангуйллын хар аюул эцэс төгсгөл болсон түүхтэй…
Түүх ийн өгүүлнэм.
Үүний тулд орчин цагийн түүх өгүүлэх юун
Төмрийн хүдэр, алт, ховор металл, зэс, никель, чулуун нүүрс, алмаас эрдэнийн асар их нөөцтэй Зимбабве улс 1980 онд колоничлолоос гарч тусгаар тогтнож, Ерөнхийлөгчөөрөө Роберт Мугабег сонгосон нь олон жилийн дарангуйлалд унах алхам байсан гэдэг.
Улс төр, эдийн засгийн асуудлууд нь даамжирч дийлдэхээ болиод, хэлмэгдэлт, аллага энгийн үзэгдэл болсон энэ оронд 1990-ээд оноос Олон Улсын Валютын Сан (ОУВС) сэргээн босголтын хөтөлбөр боловсруулж өгсөн ч нутгийн эрх баригчид өөрсдийн дураар аашилсаар байжээ.
Роберт Мугабе тэргүүтэй эрх баригчид цагаан арьстнуудаасаа газрыг нь хүчээр булаан авч, хар арьст ард иргэддээ хүртээх ажлыг бодлогогүй, ул суурь муутай, хоморголон хэрэгжүүлсэн байдаг. Энэ бүхний дүнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолдог байсан Зимбабве дотоод хэрэгцээгээ ч хангаж чадахаа больж, хүнс тэжээлийн дийлэнхийг Европын холбоо, АНУ-ын тусламжаар эсвэл, импортоор хангах болжээ.
Зимбабвегийн эдийн засаг тасралтгүй уруудаж, дэлхийн 230 орчим улсаас 201 дугаарт буюу эдийн засгийн чадавхиараа “баян ходоод”-уудын нэг болжээ. Ажилгүйдэл 94 хувьд хүрсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдаж, эдийн засаг нь жил бүр 5-10 хувиар унасаар байжээ. 2018 онд Мугабе унаж, шинэ удирдагч нь 2030 он гэхэд эдийн засгаа эргүүлнэ гэж амалсан ч инфляц нь 2010 оноос хойших дээд түвшиндээ хүрсэн хэвээр байгаа гэдэг.
Улс төрийн тогтворгүй нөхцөл байдлаас үүдэн уул уурхайн томоохон компаниудын дэмжлэгийг авч чадахгүй, улмаар уул уурхайгаа түргэн хугацаанд босгох боломжоо хаачихсан байгаа аж. Эрх баригчид нь газар доорх баялаг нь өрөө дарахад хангалттай гэж үзэж байгаа ч улсынхаа бизнесийн орчныг сайжруулах тал дээр ямар ч ажил хийхгүй байгаа нь харамсалтай хэмээн олон улсын эдийн засагчид өнөөг хүртэл халагласаар байна.
Шинэхэн түүхийн гашуун сургамж энэ буюу…
Үүний тулд өнөөгийн нөхцөл байдлыг өгүүлэх юун
Өнөөдөр XXI Зууны хоёр дахь Арваны төгсгөлд ардчилсан Монгол оронд юу болж өнгөрч байгааг дахин нэг бодож үзэцгээе.
Өнөө үеэ бид хэрхэн дүгнэх вэ?
Монгол орон ардчилал, зах зээлийн замаар 30 жил замнаж ирсэн ч нийгмийн шударга ёс алдагдаж, хүн бүр эрх тэгш байх ардчилалын үндсэн зарчим гажуудаж, цөөн хэсэг нь хэт баяжиж, нийгмийн тэгш бус байдал ахуй, амьдрал, ажил үйлс бүхэнд нь мэдрэгдэх болсон хэмээн нийгэм бараг бүхэлдээ бухимдалтай явах болсон нь орчин цагт гэм буруутныг эрэн хайх нийгмийн сэтгэл зүйн эмгэг бий болоход таатай хөрс болов.
Ядуурал, нийгмийн ялгаварлал, шударга бус байдлын гол буруутан болох баячуудыг устгахад уриалдаг, баялагийг тэгш хуваарилах тухай, ард түмний төлөө эх оронч уриа лоозон жинхэнэ “моод”-онд оржээ.
Нэгэн зүйл. Юуны өмнө тэмдэглэх зүйл бол төрийн ордонд, өөрөөр хэлбэл эрх мэдэлтнүүдийн дунд сүүлчийн 30 жилд ужигарч, улмаар газар авсан шударга ёсны болон ёс зүйн гажуудал, дампуурал нь төрийн, улс төрийн хямрал болон жилээс жилд даамжирсаар байгаа нь нууц биш ээ.
Үүнд иргэд маань бухимдан, заримдаа хилгэнэн уурсаж байгаа нь чин үнэн.
Гэхдээ монголчууд бид ядуурлынхаа учир шалтгаан, ядууралд нөлөөлж буй хүчин зүйлс, түүнийг арилгах арга замыг олж мэдэж, тэгш эрх, шударга ёсны зарчмын хэрэгжилтийг эн тэргүүн эрх мэдэлтнүүдээсээ асуух ёстойг зөв ойлгож, улс төрийн энэ соёлд суралцах шаардлага нэмэгдсээр байна.
Учир нь эрх мэдэлтнүүд албан тушаал, эд хөрөнгийн төлөө улайрах үзэгдэл МАН, АН аль аль нь засаглаж байхад байсаар ирсэн “зүйл”. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын эрхэм гишүүд маань өөрсдийгөө “онцгой эрх мэдэлтэй” гэж буруу ойлгож, ард олон, доодчуудыгаа огоорч, шударга үнэний дээд нь өөрсдөө мэт үзэж ирсэн нь ардчилал, тэгш эрх, шударга ёсны зарчмыг уландаа гишгэлэхэд хүргэсэн.
Тухайлбал, сүүлчийн 20-иод жилд Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүдийн эрх мэдлийг аажим, аажмаар нэмэгдүүлж ирсэн байдаг. Шүүх засаглал, хууль, хүчний байгууллагуудын төдийгүй, улс төрийн томилгоонд оролцох Ерөнхийлөгчийн эрх мэдэл эрс нэмэгдсэн. УИХ-ын гишүүдийн хууль тогтоох, түүнд хяналт тавих үүрэг, хариуцлага нь хомсдох хэрээр гүйцэтгэх засаглалын ажилд хутгалдан оролцох сонирхол, дур хүсэл хязгааргүй болж, хуулийг өөрсдийн сонирхол, эрх ашигт нийцүүлэхийг оролдох, өөртөө болон тойрогтоо зарцуулах мөнгө, төгрөгийн хэмжээг нэмэгдүүлэх, Засгийн газрын гишүүд, төрийн албан хаагчдын томилгоонд гишүүд хөндлөнгөөс, бүдүүлгээр оролцох болсон зэрэг нь нийгмийн шударга бус байдлын бүхий л эх суурийг тавьж өгсөн нь бас л үнэн.
Улс төрийн намуудын дотор болон нам дамжсан сонирхлын бүлэг, бүлэглэлүүд аажмаар үүсч, эвсэн нэгдэх, эс бөгөөс сөргөлдөн тэмцэлдэж, сандал ширээний төлөө урцалдах болж, тэгэхдээ улс төрийн өрсөлдөөний наад захын соёл, ёс суртахууныг бүрэн мартдаг нь олон нийтийн дургүйцлийг туйлд нь хүргэсэн.
Сүүлийн үед нэгнийгээ өрсөлдөгчийн хувьд нухчин дарахын тулд ардчилалын үнэт зүйлс, хүний эрх эрх чөлөөг ноцтой зөрчих, хүч хэрэглэн хязгаарлах явдал улс төрийн үйл ажиллагааных нь зохион байгуулалтын нэг “салшгүй хэсэг” болох төлөв хүчтэй ажиглагдах болж байна.
Энэ хямралт үзэгдэл, үйл явц Монголд хэдий хүртэл үргэлжлэх юм бол оо?!
Нэгэн зүйл. Шударга ёс алдагдсан нөхцөл байдалд нийгэм, олон нийтийн дунд бий болсон улс төрийн бухимдал, дургүйцлээс зайлсхийх, улс төрчдийн өөрсдийн алдаа дутагдал, тэднээс болж үүссэн нийгмийн завхрал, сөрөг үзэгдэл бүхнийг хэн нэгэн рүү түлхэх, гэм бурууг хэн нэгэнд тохох “улс төрийн шаардлага, хэрэгцээ” заавал гарч ирдэг ёстой ажээ.
Яг л ХХ ЗууныГерман, Зимбабве улсуудын нийгэм, улс төрийн нөхцөл байдал шиг…
Хөгжиж буй, хоцрогдонгүй орнуудын нийгмийн сэтгэлгээний нийтлэг онцлогийн талаар нийтлэлч Б.Батбаяр /Баабар/ нэгэн удаагийн илтгэлдээ:
-Улс орныхоо хоцрогдолын шалтгааныг юун түрүүн гаднаас хайдаг, түүнийгээ маш амархан олдог, тэр нь голдуу хөрш орон, эсвэл хэзээ нэг цагт үзэл суртал, дайн байлдаанаар зөрчилдөж байсан улс байдаг.
-Өөрснийгөө асар их баялагтай, эсвэл маш их бололцоотой авч үүнд нь саад болсон, эсвэл баялагийг нь булаах гэсэн гаднын хүчин байгаа гэдэгт итгэдэг.
-Дотроосоо дайсан эрэмтгий. Баялаг бүтээгчиддээ илүүтэй дайсагнан ханддаг зэрэг нилээд олон чухал шинж чанарыг дурьдсан байдаг.
Эдгээрээс улбаалаад гэм буруутны талаар удирдагчдын зүгээс хэлсэн үг, өгсөн чиглэлийг “цорын ганц үнэн” мэт ойлгох, “хууль” мэт хүлээн авах хөрс суурь хөгжил буурай улс орны олон нийтийн дунд амь бөхтэй оршидог ажээ.
Монгол дахь нийгмийн сэтгэлгээний энэ эмзэг онцлогийг хамгийн түрүүнд “овжин” ашиглаж, өөрийн улс төрийн карьераа хийж, эрх мэдлээ аажим аажмаар нэмэгдүүлсээр байгаа улс төрч бол манай өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний араас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг нэрлэж болохоор байгаа юм.
Бахархамаар ч юм шиг, аймаар ч юм шиг…
Нэгэн зүйл. Герман оронд 1930-иад онд жүүдүүд /еврей/-ийг нийгмийн баялагийг “ховх сорогчид”, Зимбабвед 1980-90 онд цагаан арьстнуудыгаа “үндэсний ядуурлын шалтгаан” гэж үзэж, тэднийг үзэн ядах сэтгэлгээг аль аль нь өөгшүүлж, германчууд дээд үндэстэн болохын хувьд аричууд еврейчуудийг үндэстнийх нь хувьд устгах, Зимбабвегийн уугуул иргэд цагаан арьстнуудын газар, хөрөнгийг хураан, хөөн гаргаж байсантай агаар нэгэн байдал Монголд үүсэх гэж байна.
Монголын онцлог нь нэг улс, нэг үндэстэн, нэг арьстан…
2008 оны сонгуулиас хойш нийгмийн янз бүрийн давхаргыг хамарсан эх оронч, шударга ёсны төлөө ТББ, иргэний хөдөлгөөнүүд олноор үүсч байгаа нь нэг талаас улс орны хувь заяанд олон түмний оролцох оролцоо нэмэгдэж, улс төрийн идэвхи сэргэж байгааг илтгэх сайн талтай хэдий ч…
Нөгөө талаас үндсэрхэг, анархист бүлэг, бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхижиж, тэр ч байтугай “Босоо Хөх монгол” гэх мэт неонацист маягийн хөдөлгөөнүүд, захиалгат, төлбөртэй жагсаал зохион байгуулагч “Дүр эсгэсэн эх орончид” олноортөрөн гарсан нь яг үнэндээ Монголд хэн нь үнэн, аль нь худал болохыг ялгахад бэрх болж, шударга ёсны үнэлэмжийг алдагдуулж эхэлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн нэг нэр дэвшигч нийгмийн сэтгэл зүйн ийм бэлэн хөрсийг чадварлаг ашиглан “ХҮЧИРХЭГ МОНГОЛ УЛС”-ыг цогцлоох Эх оронч Ерөнхийлөгч болно гэж зарлаад, “Монгол ялна” гэдэг уриатайгаар сонгуульд оролцов. Тэр байтугай өрсөлдөгчөө “эрлийз” хэмээн сурталчилсныг өрсөлдөгч намынх нь зарим удирдлагын зүгээс өөгшүүлж өгсөн нь үр дүнд хүрч, АН-аас нэр дэвшигч ялалт байгуулсан нь түүх болоогүй байна.
Үүнээс хойш өнөөг хүртэл ядуурлын гэм бурууг баячууд, үндэсний хөрөнгөтнүүдэд тохох, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг уул уурхайн үндсэрхэг үзэл /mining nationalism/-ээр сүрдүүлж, рекитлэх, бизнес эрхлэгчдийн хөрөнгө хураах, хорьж шийтгэх популист амлалтууд улам бүр газар авч, гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг сааруулж, валютын урсгалыг хааж, эдийн засгийн тэлэлтийг хумисаар байгааг анзаарч байдаг хүн энэ төрд байгаа болов уу?!
Энэ ер нь зөв хандлага гэж үү…
Нэгэн зүйл. XXI Зуунд жүүдүүд, коммунистууд, суугуул цагаан арьстнууд байхгүй Монгол оронд нийгмийн бухимдлын гэм буруутан нь хэн байх ёстой болов?!
Энэ асуултад хариулт өгсөн хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “30 гэр бүл”-ийн тухай анх ярьж, тэдэнтэй хатуу тэмцэхээ зарлаж эхэлсэн гэдгийг түүх мартах болоогүй, мартах ч үгүй биз.
Тэрээр 30 гэр бүлтэй “тэмцэж”, оффшор дахь хөрөнгийг эргүүлэн татаж, ард түмний зээлийг тэглэх тухай Мөрийн хөтөлбөрөө 2017 онд дэвшүүлсэн. Эдгээр амлалтууд нь нийгмийн тэгш байдал, шударга ёс алдагдсан тэр самуун цагт популист боловч жинхэнэ голыг нь олсон лоозун байсан учраас сонгогчид түүнд итгэсэн.
Дараа нь тэрээр өөрөө гайтай “30 гэр бүл”-ийнхээ нэг болж таарч, шүүмжлэгдэх шинжтэй болсон учир өөрөө яриад явах нь үр ашиг муутай сурталчилгаа байх болжээ.
Тиймээс ч өөрийн энэ гайхалтай “овжин” санаа, “хүчирхэг” үзэл суртлын аргаа дараагийнхаа улс төрчид, тэгэхдээ өрсөлдөгч МАН-ынхандаа маш амжилттай өвлүүлэн уламжлуулчихсан. Тэр нь ч үр дүнгээ өгч МАН-ынхан “30 гэр бүл”-ийн эсрэг тэмцлийн үзэл санааг УИХ-ын 2020 оны сонгуулийн ялалтынхаа уриа, туг болгож чадсан.
Гэхдээ өнөөг хүртэл монголчууд бидэнд “30 гэр бүл” гэгчийн нэрс тодорхойгүй хэвээр, гагцхүү хүүхэд багачуудыг бага балчир ахуйд нь айлгадаг үлгэр, домгийн “мангас” гэдэг шиг олон нийтийг айлгах “Хадны мангаа” болсоор байгаа нь үнэн.
Бизнесменүүд нь төр, засгийн удирдлагын хэн нэгний нүдэнд өртөж “30 гэр бүл”-д хамрагдчих вий гээд “таг чиг” …
Улс төрчид нь эрх мэдлээ ашиглаж баяжсан нь илэрчихвий гээд айдас хүйдэстэй, номхон хүлцэнгүй “таг чиг” …
Харин бэлэн мөнгө, бэлэнчилэх сэтгэлгээгээр угжуулсан олон нийт нь “Төр маань хэний, ямар хөрөнгийг хурааж надад өгөх бол” гэсэн байдалтай хоосон мөрөөдөлд хууртсаар “таг чиг” …
Энэ бүхэн нийгмийн сэтгэлгээний бодит аюул ажгуу.
Нэгэн зүйл. Монголд сүүлийн үед болж байгаа шүүхийн “хоморголсон” шийдвэрүүдийн талаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Ерөнхий сайдуудын энэхүү “намналт” нь Ерөнхийлөгчийн хийж буй ажил” гэж шуудхан хэлсэн нь олны анхаарлыг татсаар байна. Тэрээр “Ерөнхийлөгчийн халаасанд Их хурал, Засгийн газар, шүүх, прокурор, АТГ, цагдаа бүгд багтсан, засаглалын гурван баганы нэг болох шүүх засаглалын хараат бус байдал өнөөдөр бүрэн устсан.” гэж тодотгон бичсэн.
Улмаар “Өдрийн сонин”-нд өгсөн ярилцлагадаа: “МАНАН мафи, бүлэглэлүүд, шударга бусын хонгилууд гээд тоочвол бидний зохиосон, итгэсэн сүржин, сүртэй хардлага сэрдлэг, хуйвалдааны онол, зохиол тоогоо алдлаа. Баттулгын “ачаар” бид урьд нь хэзээ ч байгаагүй хуваагдал, талцалд орлоо. Энэ хуваагдал улс төр, улс төрийн намаас хальж хот хөдөө, орк элит, эр эм, хөгшин залуу, баян ядуу, бүүр өнгөрсөн нийгмээ үгүйлэх хүртэл бүх сэдвийг хамрах боллоо. Баттулгын зохион байгуулалттай троллууд энэ талцал, хуваагдлыг бүр дэвэргэж бүүр үзэн ядалтын түвшинд аваачлаа. Энэ үзэн ядалтын дайнаа телевиз радио, сонин хэвлэлээс хальж сошиал сувгаар хүн бүрт дайж чадлаа. Одоо энэ үзэн ядалтыг ашиглан атгандаа бүрэн оруулсан хууль хяналтын байгууллагаар дамжуулан өөрийн өрсөлдөгчдөө намнах аргаар тэднийг олон түмэнд шохоорхом өгөөш болгон өгч олны сэтгэл санааг урхидах ажлаа эрчимтэй хэрэгжүүлж эхэллээ. Энэ бүхний үр дүнд эцэст нь нам, төрийг хослуулсан шинэ эзэн, хэмжээлшгүй эрхэт дарангуйлагч болох хүслээ гүйцэтгүүлэхийг тэсч ядан хүлээж байна.” гэсэн нухацтай эргэцүүлэн бодохуйц дүгнэлтийг хийсэн байна.
Энэ мэт дүгнэлтийг хэтрүүлэг гэж хэлэхэд бас хэцүү болохыг өрнөж буй үйл явц нотлосоор… Цаашид яах бол?!
Нэгэн зүйл. Сэтгүүлч Т.Болор-Эрдэнэ Монголын улс төр дэх хагарал, зөрчлийн шалтгаан, нөхцлийн талаар дээхэнтээ “Өглөөний сонин”-д бичснээр Монголын түүхийн хүнд цаг үеүүдэд Тэмүүжин Жамух, Галдан Бошигт Өндөр гэгээн Занабазар, Бодоо Данзан гэх мэт хоёр хүчирхэг эрийн хоорондын тэмцэл өрнөж байжээ. Түүнийхээр бол өнөө цагт “Халх, Ойрадын хуваагдал шиг том биш ч гэлээ “Женко” болон “М-Си-Эс”-ийн талцал Монголын улс төрийг хэдийн хоёр хуваасан.” гэж дүгнээд өнөөдрийн хувьд Монголын Билл Гэйтс, Дональд Трамп болсон Ерөнхийлөгч Х.Баттулга, ноён Ж.Оджаргал нарын энэ эрхэм хоёр одоо өрнөж буй тэмцлийг зөвшилцөлд хүргэх боломж хоёр эрхмийн хэн хэнд нь бий гэсэн байдаг.
Тийм ээ. Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн шинэ албаа авсныхаа дараахан 2017 оны 8-р сард Монголын Бизнесийн Зөвлөлөөс зохион байгуулсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн уулзалтад дээр “Миний бие бизнес эрхлэгчийн хувьд 1990 онд нийгэм солигдсоны дараа ганзагын худалдаанаас үйлдвэрийн захирал хүртэлх дунд давхаргын замыг туулсан. Ийм учраас бизнес эрхлэгчид надтай нэг сэтгэлтэй, хамтарч ажиллана гэсэн бодолтой байгаарай.” гэж хэлсэн байдаг.
Харин одоо хэлснээ эргэн нэг санаж, эх орныхоо төлөө Ж.Оджаргалаас эхлээд бүх бизнесменүүдтэй зөрчилдөх биш, харин тэднийгээ дэмжиж, хийх бүтээх урам зоригийг нь мохоох биш, сэргээж, дэвэргэж ажиллахсан.
Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гэдэг хүнийг Монголчууд олон зүйлээр сайн мэднэ. Юуны өмнө 1990-иэд онд анх байгуулсан “Женко” хэмээх гадаад нэртэй компаниар нь, хувьчилж авсан “Махимпекс”,”Сүү” үйлдвэрүүд, “Баянгол” зочид буудал, зарж борлуулсан “АПУ” болон хувь эзэмшдэг банкуудаар нь сайн мэднэ. Бас 17 чингэлэг спиртийг “ус” болгож чадсан гайхалтай “чадвар”-ыг нь ч мартаагүй биз.
Бизнесмен хүний хувиар Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаа буюу IPO гарган хөрөнгө босгох арга зам байдгыг олон нийтэд ойлгуулж, Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөө болон “XIII Зуун” аялал, жуулчлалын цогцолборыг байгуулсан нь өнөөдөр гадаад, дотоодын аялагчид, жуулчдын нүдийг хужирлах бараг цорынганц үзмэр болж буйг ч сайн мэднэ.
Одоо бусдын хийж, бүтээснийг илүүд үзэх биш, өрсөлдөөн, өшөө хорсолоо умартаж, хамтдаа хөгжлийн замд хөл нийлүүлэн урагшлахад хувиараа үлгэрлэн, манлайлмаар л байгаа юм. Ерөнхийлөгч өө!
Нэгэн зүйл. Шударга бус байдал, төрийн хулгай, луйварыг хүчирхийлэл, хэлмэгдүүлэлтгүйгээр хууль ёсны дагуу шийдвэрлэх арга зам манай нийгэмд өнөөдөр ч байсаар байгаа. Дарангуйллын аюулт сүүдэр татуулаад байгаа улс төрийн хэлмэгдүүлэлт, хүчирхийлэлийн байдлыг засах, халах ёстой. Гэхдээ ардчиллын зарчмаар, ардчилсан арга замаар…
Улс орны эрх ашгийн төлөө, урт хугацааны зорилго, зорилтдоо хүрэхийн төлөө, эдийн засгийн нийгэмд үзүүлэх эерэг үр дүнгийн төлөө, Монгол орныхоо улс төрийн парламентат тогтолцоог хамгаалж, ард олноо дарангуйллын сүүдрээс аварч чадах эрх мэдлийг ард түмэн УИХ-ын 2020 оны сонгуулиар МАН-д онцгойлон итгэж олонхи нь саналаа өгсөн.
Шударга ёсыг эн тэргүүн хэрэгжүүлэхийг олон түмэн МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардаж байгаа.
Гэхдээ шударга ёсны төлөө тэмцлийг улс төрчдийн өрсөлдөөн эс бөгөөс эдийн засгийн ашиг, сонирхлын бүлгүүдийн зөрчилдөөнийг шийдвэрлэх арга хэрэгсэл болгох аюул бодитой оршиж байгааг У.Хүрэлсүх та олж хараасай!
Ардчилсан сонгуулиар гарч ирсэн хэдий ч Ерөнхийлөгчийн засаглалыг мөрөөдсөн шинэ маягийн дарангуйлагчийг Монголд төрүүлчихгүйн тулд төрийн эрх мэдлийн тэнцвэрийг олж, удирдагч хүний ухаалаг, сийрэг улс төрийн шийдэл гаргаж, Монголыг нөмөрч болзошгүй дарангуйллын сүүдрээс аврахыг Ерөнхий сайдаасаа сонгогч олон түмэн илүүтэй хүсэмжилж байх шиг…
Нийгмийг эрүүлжүүлэх шударга ёсны төлөө тэмцэл болон улс орныг аюулд учруулж болох хүчирхийлэл, дарангуйллын зааг ялгааг олох улс төрийн торгон мэдрэмж Танд одоо л хэрэгтэй байна.
Хэрэв үүнийг олж харж, дарангуйллын сүүдрээс Монголыг аварч чадвал У.Хүрэлсүх Таны түүхэн гавъяа тэр байх болно.
Зорилго нь аргаа зөвтгөдөг гэдэг. Хууль, ёс зүйгээ зөрчин байж ҮАБЗ болон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн хууль, хүчний байгууллагын томилгооны талаарх өөрчлөлтийг ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр засаж, залруулах; Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтүүдийн дагуу Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдийн “илүүдэл” эрх хэмжээг хязгаарлахыг бодит ажил хэрэг болгож, гүйцэтгэх засаглалд олгосон эрх мэдлээ зөв зүйтэй ашиглан, шуурхай, дайчин ажиллаж чадах эсэхийг тань монголчууд юуны өмнө анхааралтай ажиглаж байна.
Монголчуудыг заяа буян нь түших болтугай!
ОББЭЭ, Доктор (Ph.D.) Б.Энхмандах
2020 оны 8-р сарын 3. Улаанбаатар хот
URL: