Д.Ганцогт: Ихэвчлэн гадаадын контенттой төстэй контентыг Монголдоо хийж эхэлсэн

Mesmerism-ийн_үүсгэн_байгуулагч_Д.Ганцогт

Бидний өдөр тутмын амьдралд тохиолддог үйл явдлыг мэргэжлийн түвшинд хүргэдэг контент бий болж байгаа. Өсвөр насныханд зориулсан эерэг видео бичлэгээрээ олонд танигдаад буй “Mesmerism”-ийн үүсгэн байгуулагч Д.Ганцогттой ярилцлаа.


-Та “Орк”, “Диваажинд хүрэх зам”, “Сүүлчийн монита”, “Анагаахын алдартнууд” зэрэг богино хэмжээний кино уран бүтээл хийж байсан. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Одоогоор хоёр том төсөл дээр ажиллаж байгаа. “Анагаахын алдартнууд-2” буюу арван ангитай зохиолоо бичээд ажил ихтэй л явна. Наймдугаар сарын дундуур зураг авалтаа хийгээд нэг сараас кино гарч эхэлнэ. “Ажил дуусахгүй, амьдрал харин дуусна” гэдэг шүү дээ. Гэр бүлдээ бага цаг гаргадаг учраас зохиолоо бичиж дуусгачихаад амрах төлөвлөгөөтэй байна.

-Маш богино хугацаанд бүрэн хэмжээний нэг биш, бүр дөрвөн кино хийсэн шүү дээ?

-Бид хамгийн анх “Орк” инээдмийн, адал явдалт киногоо гаргаж байсан. Үүний дараа IPTV-тэй хамтарч “Сүүлчийн монита” контентыг уран сайхны киноны жишгээр хийсэн. Бүрэн хэмжээний дөрөв, олон ангитай нэг кино хийгээд дэлгэцийн уран бүтээл дээр ажиллах том туршлага хуримтлуулаад явж байна.

-Дэлгэцийн уран бүтээл хийхэд зураг авалт, жүжигчдийн ур чадвар чухал байх. Тийм үү?

-Урлаг дотроо хамгийн хэцүү нь уран сайхны кино байдаг. Олон хүний ур ухаан, сэтгэл шингэдэг учраас аль болох сайн бүтээл хийх гэж хичээдэг. Зураг авалтын үед бүгд хариуцлагатай сайн ажилладаг. Олон ангит кино хийхэд нэлээдгүй сцена авдаг учраас удаан үргэлжлэх хандлагатай байдаг. Бид сонгон шалгаруулалтаар жүжигчдээ сонгодоггүй. Ер нь хүмүүсийг шилж голох дургүй. Гурваас дөрвөн хүнийг өөрсдөө сонгон кинонд тоглох санал тавьдаг.Өмнөх киноны зураг авалтыг есдүгээр сарын сүүлээс арванхоёрдугаар сарын 20 хүртэл хоёр сарын хугацаанд авч байсан.

-Тайз засалт, нүүр хувиргалт, хувцас гээд дэлгэцийн уран бүтээл хийхэд хөрөнгө мөнгө шаардлагатай болдог. Танайх санхүүжилтээ яаж гаргадаг вэ?

-Монгол гурван сая гаруй иргэнтэй ч үзэгчдийн тоо нэг сая дотор л эргэлддэг учраас киног продюсерлэнэ гэдэг маш их эрсдэлтэй. “Mesmer­ism” пэйж хуудастаа богино хэмжээний олон бичлэг хийсэн. Гэхдээ хөгжихийн тулд мэдээж хөрөнгө мөнгө хэрэгтэй, тиймээс бичлэгтээ үзэгчдэд үл анзаарагдам байдлаар бараа, бүтээгдэхүүн сурталчилдаг. Ийнхүү олсон мөнгөө дараагийн бичлэг хийх урсгал зардалдаа зориулж, үлдсэнийг нь бусад хэрэгцээндээ зарцуулна. Бидний хийсэн бичлэгийг ихэвчлэн өсвөр насныхан үздэг учраас гадуур ам сайтай байдаг. Олонд сайн талаа харуулж чадсан болохоор санхүүжилт тал дээр их одтой байдаг гэх юм уу. Кино уран бүтээлийнхээ зохиолыг бичээд хамтран ажиллах байгууллагууддаа хөрөнгө оруулалтын санал тавихад эерэгээр хүлээж авдаг.


-“Mesmerism”-ийн залуучууд гэхээр эерэг контент бэлддэг дүр зураг буудаг. Танай хамт олон анх хэрхэн байгуулагдаж байв?

-Ихэвчлэн гадаадын контентыг харж байгаад түүнтэй төстэй контентыг Монголдоо хийж эхэлсэн. Анх дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан. 2016 оны 12 дугаар сард өөрийн “Mesmerism” фэйсбүүк хуудсандаа “Дүүгийн ёолкны мөнгө” бичлэгээ тавьснаар олон нийтэд танигдсан. Бид нийгэмд эерэг хандлагатай, зөв үлгэр дуурайлтай, хөгжилтэй бөгөөд бүх насныханд зориулан бичлэг бүтээдэг. Өнгө үзэмж сайтай байхын зэрэгцээ хараал хэлээд хүн муулаад байдаггүй. Нийгэмдээ хэлье гэснээ хэлчихдэг, өсвөр насны хүүхдүүдийг зөв тал руу нь чиглүүлэх зорилготой үүсгэн байгуулагдсан.

-Видео контентоо хэр хугацаанд хийдэг вэ?

-Мэргэжлийн зураг авалт хийхийн тулд нарийн деталчилж авдаг. Тиймээс яаж авснаасаа шалтгаалаад өөр өөр хугацааг зарцуулдаг. Өмнө нь видео монтажаа шуурхай хийдэг байсан. Олон нийтэд зориулсан контент хийдэг болохоор хуучин шигээ байж болохгүй. Бид нийт 300-гаад видео хийсэн болохоор бүх тал дээр хянуур ажиллаж бүтээлүүдээ сайжруулах хэрэгтэй. Хүн үзээд ойлгохгүй алдаатай видеог оруулахгүй хасчихдаг.Одоогоор пэйждээ 200 видео байршуулсан байгаа.

-Та бүхэн нийгмийн олон талын зүйлийг бичлэгээр дамжуулан залуусыг эерэг зүйл рүү хөтөлдөг. Яг аль дээр нь их хугацаа зарцуулдаг вэ?

-Үр дүн нь сайн гардаг ч хүчирхийллийн хар бараан контент хийхэд маш их цаг зарцуулдаг. Эвлүүлэг, зураг авалт, текст уншихаас эхлүүлээд их ажиллагаа ордог. Зарим хүмүүс та нар хэдхэн видео хийгээд зохиол чинь дуусчихна гэдэг. Амьдрал үргэжлжилж байгаа учраас зохиол дуусна гэж огт байхгүй. Аж ахуй, нийгэм, хайр дурлал, арван жил, оюутан, гэр бүл, ажил гээд л санаанууд ер нь дуусахгүй, гол нь сайн баяжуулах хэрэгтэй.

-Таныг кинонуудаа өөрөө найруулдаг гэж сонссон. Дэлгэцийн бүтээл дээр ажиллах хүнд байдаг уу?

-Багадаа математикдаа сайн хүүхэд байлаа. Бизнесийн эдийн засагч мэргэжилтэй. Урлагаас хол мэргэжилтэй хүн л дээ. Аливаа юмны цаад талыг харж асуудлаа шийддэг учраас хамт олноо замчилаад явж байгаа юм болов уу. Кино хийхэд хамгийн чухал нь продюсер байдаг. Кино найруулна гэдэг хувь хүнээс маш их хичээл зүтгэл, хариуцлага шаарддаг.

-Контентууддаа хүмүүсийг хэрхэн оруулдаг вэ?

-Манай пэйжийг автоматаар 300 хүн үзчихдэг. Мөн залуусдаа танигдсан болохоор хүмүүс дуртай хүлээж авдаг. Өсвөр насны хүүхдүүдийг зөв зүйлд уриалсан контент хийдэг учраас гэр бүлийнхэн маань уриалгахан хүлээж авдаг.

-“Mesmerism” ямар утгатай вэ?

-Египтээр“ховс” гэж орчуулагддаг.

-Танай хамт олон цаашид ямар төлөвлөгөөтэй байна?

-“Mesmerism” бидэнд маш олон зүйл сурч, хийж бүтээхэд тус болсон. Бид илүү амжилтад хүрэхийн тулд хичээж ажиллана. Хөдөлмөр хүнийг бүтээнэ гэдэг шүү дээ. Би азанд итгэж суудаггүй, зөвхөн өөртөө л найддаг. Ажил хийвэл ам тосдоно гэдэг шиг л юм хийж бүтээж байж сайн сайхан амьдарна. Цаашдаа өдөр бүр сайн кино, контент хийхийн тулд хичээж, суралцаж ажиллана даа.

Д.ОТГОНТУЯА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 


URL: