С.Баяр ял шийтгүүлсэн нь 34 хувь уу, долоон хаус уу?

349ff6_480_x974

Яг арав хоногийн өмнө, Ерөнхий сайд асан С.Баярт анхан шатны шүүхээс таван жилийн хорих ял шийтгэв.

Гэхдээ С.Баяр энэ шийтгэлийг хүлээн зөвшөөрсөнгүй.
Шүүх дээр хэлсэн үгэндээ “…Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хийхэд 34 хувийг тусгахаас өөр арга байгаагүй. Энэ 34 хувь байгаагүй бол С.Баярын хэрэг гэж үүсэхгүй байсан нь дамжиггүй. Оюутолгой төслөөс улбаатай энэ хэргийг битгий улстөржүүлээсэй билээ. Хуулийн дагуу шударга шийдээсэй” гэж хэлэв.
Мөн 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Улсын ерөнхий прокурорт хандаж бичсэн захидалдаа “…Ганцхан зүйл тэмдэглэхэд, Монголын төрийн бодлого хэрэгжүүлж, Оюу толгой ордыг ашиглах гэрээ байгуулах гэж явахдаа хожим хойно шагнал авна гэж зүтгээгүй. Гэхдээ арай ч онц ноцтой гэмт хэрэгт буруутгагдан ял сонсоно гэж бодож байсангүй” хэмээн бичиж байлаа.
Ер нь бол С.Баяр өөрөө “…Улстөржилттэй холбоотой” гэдэг.
Тэр тусмаа гэрээнд 34 хувийг оруулснаас болсон гэж үздэг байна.
Гэтэл АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баярт 2017 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дахь зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг нээхдээ арай өөр баримт факт, үндэслэлүүдийг барьсан байдаг. Эдгээрийг нотлохын тулд их ч ажил болсон.
Тодруулбал, С.Баярын найз, “Петровис”-ийн Ч.Давааням нь түүний охин Б.Нандинтай хамтран АНУ-д таван компани үүсгэн байгуулсан. Тэд АНУ-д “GUNDEL”, “VODA”, “NEBO”, “DECHIN” компанийг байгуулснаас эхний дөрөв нь татан буугджээ.
 Улмаар АНУ-д Сиэтл хотын 3020 14th Avenue W#A Seattle-Queen Anne. WA 98119, Нью Йорк хотын 16 W, 19th, Unit 10-b, Flatiron, NY 10011, Сиэтл хотын 4516 NE 38th Street, Seattle-University District, WA 98105, Сиэтл хотын 1710 N Dexter Avenue #A, Seattle, WA 98109, Сиэтл хотын 6539 SW 41st Ave, Seattle, WA 98136, Сиэтл хотын 9125 NE 15th Street, Clyde Hill, WA 98004 хаягтай долоон ширхэг үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан.
Эдгээрийг худалдаж авахын өмнө АНУ руу С.Баярын эхний эхнэр О.Гэрэлтуяа, найз Ч.Давааням нар нь их хэмжээний валютын гуйвуулга хийсжэ. О.Гэрэлтуяа 2007 оны гуравдугаар сарын 20-нд “Зоос” банкаар дамжуулан 435 000 ам.доллар, Ч.Давааням 2008 оны тавдугаар сарын 22-нд Худалдаа хөгжлийн банкаар 451 000 98 ам.доллар, 2008 оны тавдугаар сарын 26-нд Худалдаа хөгжлийн банкаар 196 мянган ам.доллар шилжүүлсэн. Ч.Давааням 2011 оны гуравдугаар сарын 1-нд “TRUE KIND LIMITED” компанийг Британийн Виржинийн арлуудын улсад үүсгэн байгуулсан. Энэ компанийнхаа 078213998838 дугаартай дансыг 2011 оны дөрөвдүгээр сарын 27-нд Хонгконгийн “HSBC” банкинд нээсэн байна.
Энэ данс руу нь 2015 оны зургадугаар сарын 2-ноос 2015 оны арваннэгдүгээр сарын 14-ний хооронд АНУ-ын “NONA ADAMS REALTY SERVICES”, “NEBO” компаниас 4 727 479 ам.доллар шилжсэн.
Харин Виржинийн арлуудын улс дахь “TRUE KIND LIMITED” компанийн Хонгконгийн “HSBC” банк дахь 078213998838 дугаартай данснаас 2012 оны есдүгээр сарын 4-нөөс 2012 оны аравдугаар сарын 29-ний хооронд таван удаагийн шилжүүлгээр 1 947 975 ам.долларыг Голомт банкны 1140000215 тоот данс руу шилжүүлсэн.
Мөн 2016 оны гуравдугаар  сарын 31-нээс 2016 оны зургадугаар сарын 22-ны хооронд Puerto Rico улсын “ESORDIO HOLDINGS” LTD компани руу 4 727 446 ам.доллар, 2017 оны есдүгээр сарын 5-наас 2017 оны есдүгээр сарын11-нд Ч.Даваанямын өөрийнх нь Голомт банкны данс руу 4 386 3 50 ам.долларыг шилжүүлсэн.
“FOREST BERRIES LTD”-ийн Хонгконгийн “HSBC” банкны данснаас Ч.Даваанямын Голомт банкны данс руу 2011 оны тавдугаар сарын 16-наас 2011 оны тавдугаар сарын 20-ны хооронд 3 999 840 ам.долларыг шилжүүлсэн.
Нөгөөтэйгүүр Ч.Даваанямын эхнэр С.Шагдардуламын нэр, данс ч С.Баярын хэрэг дэх “Петровис” болон охидтой нь холбоотой мөнгөн гүйлгээнд ихээхэн оролцоотой байдаг.
С.Шагдардуламын үүсгэн байгуулсан “Рома Инвестмент” ХХК-иас 2013 оны тавдугаар сарын 3-нд С.Баярын охин Бадамхандад 27 000 ам.доллар шилжүүлсэн.
С.Шагдардулам нь Б.Бадамхандын нэрээр 2009 оны арванхоёрдугаар сарын 7-нд “Петровис” компанийн Голомт банк дахь 1102752600 данс руу 189 850 ам.доллар, мөн өдөр нь 1 775 314 ам доллар гуйвуулсан байдаг.
Энэ мөнгө тухайн өдөртөө “Петро стар” ХХК-ийн Голомт банк дахь 1103027086 данс руу шилжжээ.
Тус компаниас 2009 оны арванхоёрдугаар сарын 8-нд 1 775 000 ам.доллар, бас 325 000 ам.доллар “Монголиа Роснефть” компанийн Голомт банк дахь 2005000478 данс руу шилжсэн. 2009 оны арванхоёрдугаар сарын 9-нд “Монголиа Роснефть” компанийн Голомт банк дахь 2005000478 данснаас 7 270 375 ам.доллар гэрээний дагуу дамжиж, ОХУ-ын Сбербанк дахь “Роснефть” компанийн 40702840900020205321 дансанд шилжсэн.
Өөрөөр хэлбэл, С.Баярын охин Бадамхандын нэрээр “Петровис” компани руу шилжсэн нийт 1 965 164 ам.доллар хаанаас, яаж гарч ирсэн нь сонин.
Юутай ч ийм байдлаар С.Баярын охины шилжүүлсэн мөнгө “Петровис”-ын компаниудыг дамжсаар “Роснефть” рүү 7.3 сая ам.доллар болоод гараад явчихсан байдаг.
Ерөөс толгой эргэм энэ их мөнгөний сүлжээг С.Баяр тайлбарлаж чадаагүй.
“…Ч.Давааням миний охидтой хамтарч бизнес хийдэг байсан” л гэдэг.
Тиймээс шүүх хурлаас хойш явагдаж буй PR-ийн дүнд нийгэмд “…С.Баяр шийтгүүлсэн нь Оюутолгойн 34 хувиас болсон уу, АНУ дахь долоон хауснаас нь болчихов уу” гэдэг эргэлзээ бий болж чадсан.
Гэтэл С.Баяр хэргээ “гайтай 34 хувь”-тай холбодог ч шүүх, хуулийн байгууллага АНУ дахь долоо /С.Баяр өөрөө есөн байр гэсэн байдаг/-н хаус, үүнтэй холбоотой улс дамжиж шилжсэн их мөнгөний эх үүсвэрийг С.Баяр тайлбарлаж чадаагүй гэж үзсэн билээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Tags: